Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс хамгаалах зорилготой "Ирээдүйгээ хамгаалъя" аяныг наймдугаар сарын 10-н хүртэл эхлүүлж байна

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Энэ оны эхний таван сарын байдлаар улсын хэмжээнд хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 247 бүртгэгджээ. Мөн зам тээврийн ослын улмаас 62 хүн нас барж, 207 хүн гэмтсэн байна. Ингэхдээ 98 хүүхэд гэмтэж, 10 хүүхэд нас барсан болохыг Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ. 

Цагдаагийн байгууллагаас орон нутгийн замд үйлдэгдэж байгаа хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс хамгаалах зорилгоор “Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” нэгдсэн арга хэмжээг энэ жил "Ирээдүйгээ хамгаалъя" уриатайгаар зургаадугаар сарын 25-наас наймдугаар сарын 10-н хүртэл буюу 45 хоногийн хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулахаар болжээ.  

Тус арга хэмжээний талаар Цагдаагийн ерөнхий газар болон хамтран ажиллагч байгууллагууд хамтран мэдээлэл хийлээ. 

 
Гэрэл зургийг MPA.mn

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Баттулга "Юуны өмнө тус аян, арга хэмжээг “Оюутолгой” ХХК гурав дах жилдээ санхүүжүүлж, хамтран зохион байгуулж байгаа явдал талархлаа илэрхийлье. Бид ирээдүй босон хүүхдүүдээ зам тээврийн ослоос хамгаалж, хариуцлагатайгаар хөдөлгөөн оролцох хэрэгтэй байна. Энэ жил дотоодын аялал жуулчлал ихсэх төлөвтэй байгаа тул иргэд та бүхнийг аянд идэвхтэй оролцохыг уриалж байна. 

"Ирээдүйгээ хамгаалъя" арга хэмжээний хүрээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн нөлөөллийн ажлуудыг үе шаттай зохион байгуулахаас гадна замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч, зорчигч, явган зорчигч нарт зөв дадал, хандлага, соёл төлөвшүүлж, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, жолоочоос гадна зорчигч нарын хариуцлагыг нэмэгдүүлж, бие биедээ шаардлага тавих хэлбэрээр эерэг, хайр, халамжийг агуулсан нөлөөллийн аргаар явуулахаар төлөвлөсөн.

Түүнчлэн аяны хүрээнд Дорноговь аймгийн Сайншанд-Замын-Үүд чиглэлийн олон улсын чанартай автозамд дундаж хурд хэмжигчтэй хяналтын камер суурилуулна" гэв. 

ЦЕГ, “Оюутолгой” ХХК, “Мобиком Корпораци” ХХК 2019 онд хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурсан билээ. Энэ хүрээнд “Яараад яахав дээ” нөлөөллийн аяныг зохион байгуулснаар аяны хугацаанд хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг аяны хугацаанд өмнөх оны мөн үеэс 50.8, нас барсан хүн 11.7, гэмтсэн хүн 49.7 хувиар, үүнээс орон нутагт үйлдэгдсэн хэрэг 63.9, нас барсан хүн 21.7, гэмтсэн хүн 59.5 хувиар тус тус буурсан.
Харин 2020 оны арга хэмжээний хүрээнд Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 203 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 40.6, гэмтсэн хүн 255 бүртгэгдсэн нь 30.5 хувиар, зам тээврийн осол 2,402 бүртгэгдсэн нь 8.1 хувиар тус тус буурсан эерэг үзүүлэлт гэж гарсан болохыг тэрбээр нэмж хэлсэн юм. 
 
Гэрэл зургийг MPA.mn

"Оюу толгой" ХХК-ийн Гадаад харилцааны мэргэжилтэн Ё.Лхамаа "Аюулгүй ажиллагааг мөрдөж, хэвшүүлж болох зүйл юм. Өмнөх гурван жил хамтын ажиллагааны хүрээнд осолт гэмтэл буурсан харагдаж байгаа. Энэ ажил бол хүний амь насыг л хамгаалахад чиглэж байгаа. Энэ жилийн хувьд хүүхэд рүү чиглэн үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ арга хэмжээ нь санхүүжүүлж байгаа эсвэл зөвхөн цагдаагийн байгууллагын хариуцлагатай ажилласнаар шийдэгдэх асуудал огт биш юм. Харин замын хөдөлгөөнд оролцдог бүх хүн дүрмээ биелүүлж, чин сэтгэлээсээ гар бие оролцож байж үр дүн гаргана" хэмээв.

Энэ удаагийн аяныг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж дэмжин оролцож байгаа ба гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагууд нэгдэн нийгмийн сайн сайхан, иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй байдлыг хангахад хамтран ажиллаж буйг харуулсан онцлогтой аж.