УИХ-ын гишүүн С.Ганбаатар МАХН-ын гишүүнчлэлээс татгалзаж буйгаа мэдэгдсэн байна.
Тэрбээр “Би МАХН-д 2017.05.16-нд элссэн. Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль заасны дагуу МАХН-ын гишүүнчлэлээс өнөөдөр гарч буйгаа албан ёсоор мэдэгдэж байна.
Эрх баригчидтай шударга тэмцэж, бие биедээ хань болж, дэм болж явсан МАХН-ын журмын нөхөд, удирдлага хамт олондоо сайн сайхныг хүсэж байна. Тавантолгой, Оюутолгойг сандайлаад суусан МАН-тай нийлэх боломжгүй учраас аргагүй ийм шийдвэр гаргалаа.
УИХ-д Эрдэнэтчүүдийнхээ дуу хоолойг хүргэнэ. Эрдэнэтчүүд эрх баригчдыг хянаарай, ард түмэндээ дэм болоорой гэж намайг сонгосон. МАН-ын 62 суудлыг 63 болго гэж Эрдэнэтчүүд надад санал өгөөгүй. Эрдэнэтчүүдийнхээ эрх ашгийн төлөө тууштай ажиллах болно" хэмээн албан ёсны цахим хуудсаараа мэдэгджээ.
МАХН-ын дарга Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигчийг дэмжиж оролцохоо мэдэгдээд байгаа билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!