Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/16-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй болжээ

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг хянан хэлэлцсэн юм.

Хуралдаанд мэдээлэл гаргагч иргэн Т.Доржханд, О.Мөнхсайхан, Д.Үүрцайх, УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхболд нар оролцсон. 

Эх сурвалжийн өгсөн мэдээллээр Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших боломжгүй болжээ. 

Хуралдааны шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд өөрийн цахим хуудсаар дамжуулан дараах мэдээллийг өгсөн байна.

Тэрбээр "Дарга биш хууль яллаа. ҮХЦ-ийн хурал нэлээд халуун өрнөв. Ямартай ч хууль засагладаг орныг бүтээж болно гэсэн урам авлаа" гэжээ. 

 
Тогмидын Доржханд фэйсбүүк хуудсаас авав

Төрийн тэргүүн байсан хүн дахин Ерөнхийлөгчид нэр дэвших, сонгогдох боломжгүй гэдгийг хуульч О.Мөнхсайхан тайлбарлаж байсан юм. 

ҮХЦ-ийн албан мэдээллийг хүргэж байна. 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэж 02 дугаар дүгнэлт гаргалаа.

Энэхүү дүгнэлтээр тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт болон 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж мөн өдрөөс түдгэлзүүллээ. 

Харин хуулийн 5 дугаар зүйлийн 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй хэмээн шийдвэрлэв.

Нэр бүхий иргэдээс ирүүлсэн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн Үндсэн хуульд нийцээгүй гэх заалтууд:

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.2.“нэр дэвшигч” гэж 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын уугуул иргэнийг; /Түдгэлзүүлж буй заалт/

5 дугаар зүйл.Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрх

5.4.50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй. /Түдгэлзүүлж буй заалт/

5.6.Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлах, сонгогчоос саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хөндлөнгөөс нөлөөлөх, саад учруулахыг хориглоно.

26 дугаар зүйл.Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх нийтлэг журам

26.2.Нэр дэвшигч хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна:

26.2.1.банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй байх;

26.2.2.татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх;

26.2.3.сэтгэцийн эмгэггүй байх.