Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг хянан хэлэлцэхээр товлосон юм.
Үндсэн хуулийн цэцийн нэр бүхий нэг гишүүн хуралдаанд оролцохоос татгалзан гарсан тул Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг түр хойшлуулаад байна гэж Цэцийн Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлэв.
Нэр бүхий иргэдээс ирүүлсэн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн Үндсэн хуульд нийцээгүй гэх заалтууд:
3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.2.“нэр дэвшигч” гэж 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын уугуул иргэнийг;
5 дугаар зүйл.Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрх
5.4.50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй.
5.6.Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлах, сонгогчоос саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хөндлөнгөөс нөлөөлөх, саад учруулахыг хориглоно.
26 дугаар зүйл.Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх нийтлэг журам
26.2.Нэр дэвшигч хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна:
26.2.1.банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй байх;
26.2.2.татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх;
26.2.3.сэтгэцийн эмгэггүй байх.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!