Анх “Энхсаран” сувилалд халдвар хамгааллын дэглэм алдагдсаны улмаас тэнд тусгаарлагдаж байсан хүмүүсийн дунд халдвар тархсан тухай нийтэд мэдээлсэн иргэн Д.Мөнхбатад эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай мэдээлэл таржээ.
Ямар үндэслэлээр тухайн иргэнийг Эрүүгийн хэрэгт холбогдуулсан болохыг ЦЕГ-аас тодруулахад “Тухайн иргэнийг Эрүүгийн хуулийн 15.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчний үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хязгаарлалтын дэглэм холбогдох бусад журам заавар, шаардлагыг зориуд санаатайгаар зөрчиж, халдварт өвчин тархах нөхцөл бүрдүүлсэн гэх үндэслэлээр шалгаж байна.
Өөрөөр хэлбэл, хорио цээрийн дэглэм санаатайгаар зөрчиж, бусдыг өдөөн турхирч, үймээн үүсгэн тусгаарлах байрны дэглэм зөрчсөн асуудлаар шалгаж байгаа юм.
Түүнээс биш "Энхсаран" сувилалтай холбоотой асуудлыг нийтэд мэдээлсэн гэж шалгаагүй” гэсэн тайлбар өглөө.
Эргэн сануулахад, анх "Энхсаран" сувилалд гадаадаас ирсэн иргэдийг 14-28 хоног тусгаарлаж байх үед тус сувилалд халдвар хамгааллын дэглэм алдагдсаны улмаас халдвар тарсан гэж үзэж буй тул ийнхүү цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн билээ.
Монгол Улсын хүн амын дунд илэрсэн анхны тохиолдол тус сувилалд тусгаарлалтын хоногоо дуусгаад гарсан байдаг ба 2020 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр батлагдаж байсан. Үүнээс гурван хоногийн өмнө буюу арваннэгдүгээр сарын 7-ны өдөр "Энхсаран" сувилалд халдварын тохиолдол бүртгэгдсэн тухай доктор А.Амбасэлмаа тухайн үед мэдээлж байв.
Улмаар тус сувилалтай холбоотой халдварын тархалт хумигдсан болохыг 2021 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр Эрүүл мэндийн яамнаас зарласан байдаг.
Иймд дээрх асуудалтай холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэн 10 гаруй хүнийг шалгаж буйг Шадар сайд асан Я.Содбаатар хэлж байсан удаатай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!