Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн дараа ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Халдвартай нь тогтоогдсон хүмүүсийг насаар нь ангилбал. Тэдгээр хүмүүсийн биеийн байдал ямар байгаа вэ?
-Насны хувьд дөрвөн настай хүүхэд нэг, 10-13-ны хоёр хүүхэд, 74 настай нэг иргэн байгаа. Бусад нь 30-43 насны хооронд байна. Сэлэнгэ аймгаас ирсэн 74 нас иргэний биеийн байдал хүнд байсан ч өнөөдөр тогтворжиж, гайгүй болж байна.
- Коронавирусийн халдвар мал, амьтнаар дамжих боломжтой юу. Гэрийн тэжээмэл амьтнаар дамжих эрсдэл бий юу?
-Гэрийн тэжээмэл амьтад коронавирус тарааж байна уу гэдгийг судалсан нэлээд судалгаа бий. Ялангуяа короанавирус ид гарч байх 4-5 дугаар сард Сингапур, Хонг Конгод гэрийн тэжээмэл муур халдвар тараасан тохиолдол бүртгэгдсэн. Ийм учраас хүмүүст гэрийн тэжээмэл амьтадтай алсын зайнаас харьцах зөвлөгөө өгч байсан.
Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: -Дани улсын тухайд минжнүүдэд САРС-2-той төстэй генийн мутацид орсон вирус илэрсэн. Кластер тохиолдлын хүний хувьд мал амьтантай ойр байсан тохиолдол байгаагүй.
-Голомтод ажиллаж байгаад халдвар авсан зургаан эмч, сувилагч хэдэн багт харьяалагдаж байсан бэ. Эмч, эмнэлгийн ажилтны хангалт хэр байгаа вэ?
-Халдварын голомтод 15-16 баг ажиллаж байгаа. Өвчилсөн долоон хүн нь хоёр багийн эмч, мэргэжилтнүүд. ХӨСҮТ-д эмч, мэргэжилтний нөөц бололцоо бий.
-Энхсаран сувилалд халдвар авсан хүн анх хэзээ бүртгэгдсэн бэ. ЭМ-ийн сайд тухайн сувилалд байсан 44 хүн эмчлүүлж байгаа гэсэн. 44 болох хүртэл нь яагаад арга хэмжээ авсангүй вэ?
-Анх арваннэгдүгээр сарын 7-ны өдөр анхны тохиолдол бүртгэгдсэн. Анхны тохиолдол бүртгэгдэхэд 24 тохиолдолтой байсан. Тиймээс Энхсаран сувиллаас 61 хүнийг ХӨСҮТ-д авчирч тусгаарласан. Тусгаарлалтад байсан. Хугацаа алдаагүй.
6-наас хойш 45 тохиолдол ар араасаа халдвар аваад орж ирсэн.
Арваннэгдүгээр сарын 6-наас урагш хөөгөөд 14 хоногийн хугацаанд тухайн сувилалд байсан ТИР-ийн жолооч нарыг мөрдсөн. Зургаан хүн гарсан. Тэднийг байгаа газарт нь тусгаарласан. Улаанбаатар хотод байсан гурван жолоочийг ХӨСҮТ-д, Өмнөговь, Орхон,Сэлэнгэ аймагт байгаа гурван хүнийг тусгаарласан. Анхны шинжилгээнүүдэд коронавирус илрээгүй байна.
-Эрүүл мэндийн сайд халдварыг хумих боломж байна гэж байсан. Одоо гарч байгаа эерэг өөрчлөлт юу байна вэ?
-Улаанбаатарын тухайд халдварын ойрын хавьтлын 288 хүнийг илрүүлээд тандалт, судалгаа хийж байна. Өдөрт ойрын хавьтлын ганц хоёр тохиолдол орж ирж байгаа.
Ойрын хавьтлын 73 тохиолдлын 50 хувийг нь гурав дахь давтан шинжилгээнд оруулсан. Коронавирус илрээгүй байна. 20-иод хувь нь хоёр дахь давтан шинжилгээндээ орсон. Коронавирус илрээгүй. Анхны давтан шинжилгээнд бүгд орсон.
Түүнээс гадна хоёрдогч хавьтлын 5,000 гаруй хүн байна. Эдгээр хүмүүст давтан шинжилгээ хийнэ. Ерөнхийдөө 48, 72 цагаар хөөх юм бол авбал зохих арга хэмжээ хийгдсэн. Гэхдээ бүртгэгдэж байгаа халдварууд 14 хоног хүртэлх хугацаанд давтан шинжилгээнд коронавирус илрэх эрсдэл бий. Тиймээс хөл хорионы 14 хоногт ойрын хавьтлууд болон хоёрдогч хавьтлуудад давтан шинжилгээ хийнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!