-Шилэн дансны мэдээлэлд хийсэн дүн шинжилгээний тойм-
Байгалийн баялгийн салбарт засаглал, ил тод, хариуцлагатай байдлыг сайжруулахад мэдээллийн ил тод, нээлттэй байдал хөтлөн чиглүүлэх учиртай. Монгол Улсад энэ чиглэлд жилээс жилд ахиц дэвшил гарч, асар их мэдээлэл нээлттэй болсоор байна.
Уул уурхайн салбарт ТӨК-уудын үүрэг, нөлөө онцгой их байгаа өнөөгийн нөхцөлд ил тод байдлыг хангаснаар тэдний засаглал, ашигт ажиллагаа нэмэгдэх суурь бүрдэх юм. Энэ чиглэлээрх тодорхой нэг алхам нь 2014 онд батлагдан, 2015 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн, төсвийн байгууллага болон төрийн өмчит компаниудын санхүүгийн үйл ажиллагааг нийтэд ил болгон мэдээлэх эрх зүйн орчныг бий болгосон Шилэн дансны тухай хууль юм. Уг хуулиар /www.shilendans.gov.mn/ сайтад маш их тоон мэдээлэл нээлттэй болж байна.
Төрийн өмчит уул уурхайн компаниудын Шилэн дансны хэрэгжилт дээр сэтгүүлчид дүн шинжилгээ хийсэн анхны туршлага болов
Ийм их нээлттэй өгөгдлүүд ил тод болж буй тохиолдолд дурдсан хуулиудын хэрэгжилт, түүний хүрээнд мэдээллийг ил тод болгож буй үйл явцыг үнэлж дүгнэхийн зэрэгцээ хуулийн хэрэгжилт төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдэд харилцан адилгүй байгаа тул дүн шинжилгээ хийх нь мэдээллийг ашиглагдахуйц байлгах, олон нийтийн хяналтад оруулах, илүү ахьсан түвшинд үр нөлөөтэй хэрэгжүүлэхэд чухал алхам юм.
Тиймээс дээр дурдсан сэтгүүлчид энэхүү судалгааг гүйцэтгэсэн бөгөөд төрийн өмчит уул уурхайн компаниудын Шилэн дансны хэрэгжилт дээр сэтгүүлчид дүн шинжилгээ хийсэн анхны туршлага юм.
Цаашид Шилэн дансны хөтлөлтийг сайжруулахаас гадна түүнд хуримтлагдсан мэдээлэлд дүн шинжилгээ хийж, ТӨК-уудын үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн шийдвэр гаргалт болон төр, олон нийтийн хяналтын түвшинд ашиглах явдал чухал байгаа бөгөөд энэ төслийн хүрээнд тус асуудал хамраагүй болно.
Төрийн өмчит уул уурхайн компаниудын шилэн дансны хөтлөлтөд мэдээллийн дүн шинжилгээ хийхдээ Шилэн дансны хууль болон холбогдох хууль, журмыг үндэслэл болгож, Шилэн дансны хөтлөлттэй харьцуулав.
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой уул уурхайн компаниуд шилэн дансаа хэрхэн хөтөлснийг шинжлэхдээ дараах алхмаар ажиллав:
Эдгээр алхмын дүнд доорх 7 компанийн Шилэн дансны хөтлөлтийг харьцуулав.
Шилэн дансанд бүртгэлтэй байгууллагууд Шилэн дансны нэгдсэн систем /www.shilendans.gov.mn/ болон байгууллагынхаа цахим хуудасны “Шилэн данс” цэсээр мэдээллийг ил тод болгож байна.
Төрийн өмчийн менежментийг хэрэгжүүлдэг байгууллагуудын үйл ажиллагаа, санхүүгийн мэдээллийн ил тод байдлыг хангах хууль эрх зүйн орчин бүрдүүлж, нийтэд мэдээлэх нэгдсэн систем Шилэн данс бий болгосон нь мэдээллийн ил тод байдлын төлөө Монгол Улсын оруулж буй дэвшилтэт санаачилга, чухал хүчин чармайлт гэж үзэж болохоор байна.
Нийтийн өмчийг захиран зарцуулж буй байгууллагууд Шилэн данс хөтөлж, хэвшил болгосон нь чухал ахиц дэвшил бөгөөд хүрсэн амжилтаасаа ухрахгүй улам бататгаж бэхжүүлэх нь чухал байна.
Шилэн дансны нэгдсэн системд 417 төрийн өмчит аж ахуйн нэгж бүртгэлтэй байна. Эдгээрээс 12 нь төрийн өмчит уул уурхайн компани байна.
Хүснэгт 1. Сангийн яамнаас Шилэн дансны цэсэнд бүртгэл нээсэн төрийн өмчит уул уурхайн компаниуд
№ |
Төрийн өмчит уул уурхайн компанийн нэр |
Төрийн өмчлөлийн хувь |
Төрийн өмчлөлийн хэлбэр |
|
Эрдэнэс Тавантолгой ХК |
65,2% |
Хувь оролцоотой болон Төрийн өмчит хувьцаат компани |
|
Эрдэнэс Монгол ХХК |
100% |
Хувь оролцоотой болон Төрийн өмчит хувьцаат компани |
|
Эрдэнэс Алт Ресурс ХХК |
100% |
Хувь оролцоотой болон Төрийн өмчит хувьцаат компани |
|
Эрдэнэс Силвер Ресурс ХХК |
100% |
Төрийн өмчит аж ахуйн нэгж |
|
Шивээ Овоо ХК |
90% |
Төрийн өмчийн оролцоотой хувьцаат компани |
|
Багануур ХК |
75% |
Хувь оролцоотой болон Төрийн өмчит хувьцаат компани |
|
“Мон Атом” ХХК |
100% |
Хувь оролцоотой болон Төрийн өмчит хувьцаат компани |
|
Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ |
51% +49% |
Төрийн өмчит үйлдвэрийн газар |
|
Монголросцветмет ТӨҮГ |
51%+49% |
Төрийн өмчит үйлдвэрийн газар |
|
Тавантолгой ХК |
51% |
Хувь оролцоотой болон Орон нутгийн өмчит хувьцаат компани |
|
Могойн гол ХК |
51% |
Хувь оролцоотой болон Орон нутгийн өмчит хувьцаат компани |
|
Баянтээг ХК |
70% |
Хувь оролцоотой болон Орон нутгийн өмчит хувьцаат компани |
Эндээс харвал төрийн өмчийн оролцоотой гэсэн ангилалд “Оюутолгой” ХХК багтаж болохоор байна. Нөгөө талаар Үндэсний аудитын газрын 2020 оны 11 дүгээр сарын 25-ны “Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн аудитын тайлан”-д Монгол Улсын Засгийн газрыг төлөөлсөн “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн 34%-ийн эзэмшлийн Оюутолгой төслийг хэрэгжүүлэгч “Оюутолгой” компани шилэн данс хөтлөх үүрэгтэй гэж үзжээ. Аудитын дүгнэлтийн хариуд компанийн зүгээс ямар нэг тайлбар мэдээлэл гаргаагүй байна. Энэхүү ойлгомжгүй асуудлыг цэгцэлж, нэг мөр болгох шаардлагатай.
Энэ ангилал нь ил тодын шалгуурыг харилцан адилгүй тогтоосон тул аж ахуйн нэгжүүд нэг дүрмээр мэдээллийг ил тод болгохгүй байх гол шалтгаан болж байна. Тус журамд зааснаар 4.1-д хамаарах төрийн өмчит аж ахуйн нэгж нийт 17 төрлийн мэдээлэл, 4.2-т хамаарах компаниуд 6 төрлийн мэдээллийг ил болгож байна. Тухайлбал, төрийн өмчит корпорац болох “Эрдэнэс Монгол” ХХК нь охин/хараат компани болох “Багануур” ХК-д 75%, “Шивээ-Овоо”ХК-д 90%, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 65,2%-ийн эзэмшилтэй. Гэвч нэг компанийн охин/ хараат 3 компани Шилэн дансны хөтлөлтөөр гурван өөр түвшинд ил тод байдлыг хангаж байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн нэг жилийн Шилэн данс хөтлөлтийн жишгээр Хяналтын багц буюу түүнээс дээш хэмжээний хувьцааг нь төр, орон нутаг болон тэдгээрийн нэгдмэл сонирхолтой этгээд эзэмшиж байгаа компаниуд журамд зааснаас илүү өргөн хүрээнд мэдээллийг ил тод болгох боломжтойг харуулж байна. Журмаар ил тод байдлын шалгуурыг хэт зөрүүтэй тогтоосон нь мэдээллийг хангалттай хэмжээнд нээлттэй байлгахгүй байх нөхцөл үүсгэхээс гадна зарим компанийн хувьд мэдээллийн ил тайлагналын хүрсэн түвшнээсээ ухрах байдал руу түлхэж болзошгүй.
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой уул уурхайн компаниудын Шилэн дансны мэдээлэлд дүн шинжилгээ хийсний эцэст үр дүнтэй хэрэгжилтэд саад болж байна хэмээн доорх асуудлуудыг тодорхойлж, засаж сайжруулах талаарх дараах зөвлөмжийг санал болгож байна. Эдгээр нь мэдээллийг иргэд, олон нийт ойлгомжтой хүртээмжтэй хүртэж, эргээд хяналт тавих нөхцөлийг хангахад зохих хувь нэмрээ оруулна хэмээн үзэж байна:
Төрийн өмчит аж ахуйн нэгж, Хяналтын багц буюу түүнээс дээш хэмжээний хувьцааг нь төр, орон нутаг болон тэдгээрийн нэгдмэл сонирхолтой этгээд эзэмшиж байгаа компани хэмээн хоёр ангилж, ил тод болгох мэдээллийн цар хүрээ, агуулгыг хэт зөрүүтэй байгааг ойртуулж, ил тод байдлын шалгуурыг адил тэгш тавихын төлөө явах шаардлагатай.
“Шилэн дансны цахим хуудсанд тавигдах мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох тухай журам”-ыг хэрэгжилтийг сайжруулах, мэдээллийн иж бүрэн байдлыг хангах. Тухайлбал,
Шилэн дансны цэсэнд төрийн өмчит уул уурхайн 12 компани бүртгэгдсэн нь уул уурхайн салбар дахь төрийн өмчийн компаниудыг бүрэн хамарч чадаагүй байна. Монголын уул уурхайн салбарын хамгийн том төрийн өмчит компани болох “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин хараат компанийн тоо гэхэд 13 байна. Шилэн дансны хуулийн үйлчлэлд хамаарч буй төрийн өмчийн хувь оролцоотой болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийг бүрэн хамруулж, Шилэн данс хөтлүүлэх шаардлагатай.
Орон нутгийн өмчит уул уурхайн компаниуд Шилэн данс хөтлөхгүй байгаад Орон нутгийн засаг захиргаа анхаарал хандуулж, хуулийн хэрэгжилтийг шаардах шаардлагатай.
Төрийн өмчит байгууллагын санхүүгийн мэдээллийг ил тод болгож буй механизмын хяналт, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгосноор санхүүгийн үр ашиггүй зарцуулалт, ашиг сонирхлын зөрчилтэй худалдан авалт, авилгын эрсдэл улам бүр буурна. Гэвч Шилэн дансны хуулийн хэрэгжилт харилцан адилгүй, Шилэн дансны хөтлөлтийн хувьд зарим нь үлгэр жишээ, зарим нь огт хөтлөхгүй долоон жил болж байгаа нь хариуцлага тооцох, хяналтын механизмыг боловсронгуй болгох шаардлагатайг харуулж байна. Шилэн дансны хуулийг биелүүлээгүй тохиолдолд хүлээх хариуцлагын системийг илүү тодорхой болгосон зохицуулалт хийх шаардлагатай байна.
Өгөгдлийн чанар, баталгаажуулалт, үнэн зөв эсэхийг нягтлах, өгөгдлийн шинэчлэл, бүрэн байдлыг тодорхойлох стандарт, бодлого байхгүй байна. Шилэн дансанд асар их мэдээлэл агуулагддаг ч иргэд, олон нийтийн хувьд ашиглагдахуйц биш байгаа нь мэдээлэлд дүн шинжилгээ хийх үйл явцыг амаргүй болгож байна.
Олон улсад нээлттэй өгөгдлийн стандартыг “нэвтрэх, нийтлэх, хуваалцах, дахин ашиглах боломжтой, хэрэглэгчид хэрэглэхэд хялбар, машин унших боломжтой, тухайн улсын хэлээр бичигдсэн, үр дүн, тоо баримт нь тодорхой, харьцуулалт хийх боломжтой” байна гэж тодорхойлсон байдаг.
Шилэн дансанд байршуулсан мэдээллүүд нээлттэй өгөгдлийн эдгээр шаардлагыг бүрэн дүүрэн хангаж чадахгүй байна. Үүний тулд нээлттэй өгөгдөлд тавигддаг хууль эрх зүйн болон техникийн шаардлагыг нэвтрүүлэх шаардлагатай байна. Үүнд: Нээлттэй өгөгдлийн лицензтэй болох. Энэ асуудлыг хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэснээр шилэн дансны мэдээлэлд “нээлттэй өгөгдөл” гэсэн лиценз тавих боломжтой. Нээлттэй өгөгдөлд тавигддаг техникийн шаардлагыг одоо байгаа нөхцөлөөс илүү түвшинд хангуулах хэрэгтэй байна. Зөвхөн excel, pdf, jpeg хэлбэрээр мэдээллээ тавьж буй нь нээлттэй өгөгдлийн дахин ашиглах хэлбэрийн хувьд хамгийн доод түвшнийх нь юм.
Компаниуд шилэн дансаа хөтлөхдөө мэдээллээ ойлгомжтой, тодорхой мэдээлэх нөхцөлийг хангах шаардлагатай байна. Шилэн дансны сайтын цэсийг хариуцаж буй Сангийн яам гүйлгээний утгын жагсаалт гаргаж, түүнээс сонгож оруулах боломжтой болгох, Шилэн дансыг Улсын бүртгэлийн нэгдсэн системтэй холбож, компанийн улсын бүртгэлд бүртгэгдсэн регистрийн дугаарыг оруулснаар дээрх дутагдлуудыг засах боломжтой.
Компаниуд шилэн данс хөтлөхдөө мэдээллийг бүрэн гүйцэд оруулах нөхцөлийг хангаж өгөх шаардлагатай. Тиймээс хавсаргах ёстой бусад баримтыг хангаагүй тохиолдолд шилэн дансны мэдээллээ хадгалахад алдаа заадаг байдлаар технологийн хувьд асуудлыг шийдэх боломжтой.
Шилэн дансанд оруулдаг хөрөнгө оруулалт, тендер худалдан авалтын мэдээллүүдийг www.opendata.tender.gov.mn дээрх мэдээлэлтэй тус бүрчлэн холбож өгдөг болгох. Энэ нь мэдээллийн уялдаа холбоо, ил тод байдал, төрийн байгууллагын нээлттэй өгөгдлийн менежментийг улам бүр сайжруулна.
Шилэн дансан дахь мэдээллийг засварлах боломжийг олгосон ч засварласан тохиолдолд тухай бүрд нь өөрчилсөн болохыг илэрхийлэх тусгай тэмдэглэгээ, эсвэл дан ганц өөрчлөлтийг харуулах дэд хуудас шинээр үүсгэж, ямар учраас өөрчлөлт оруулсан тайлбарыг хамт оруулах шаардлагатай гэж үзэж байна. Учир нь компаниуд оруулсан мэдээлэл нь олон нийтийн анхааралд өртсөн тохиолдолд устгах, шинэчлэх боломжтой байгаа нь ил тод байдлын шалгуурыг хангаж чадахгүйд хүргэж байна.
Цаашид шилэн данс нь ил тод байдлыг хангах чухал хэрэгсэл тул Шилэн дансны вебсайтын интерфейст сайжруулалт хийж, мэдээллүүдийг www.1212.mn шиг инфографик байдлаар харах боломжтойгоор нэмж хөгжүүлэх нь зүйтэй.
Мөн компанийн мэдээллийг зөвхөн тухайн сар, улирал, жилээр бус, өмнөх бүх мэдээллийг нэг дор татан авах боломж олгох, компанийн өмнөх мэдээллийг одоогийнхтой болон компани хоорондын мэдээллийг шууд харьцуулах боломж олгох зэрэг шинэлэг зүйлсийг нэвтрүүлэх боломжтой.
Шилэн дансны цахим хуудасны загвар дизайнд өөрчлөлт оруулах шаардлагатай. Тухайлбал, мэдээлэл оруулсныг батлах зөвлөмж тэмдэг дээр курсор очиход “энд дарж мэдээллийг үзнэ үү” гэсэн тайлбар гардаг болгох хэрэгтэй. Мөн нэмэлт өөрчлөлт ороогүй, шинэ мэдээлэл нэмэгдээгүй тохиолдолд мэдээлэл оруулсан мэт зөвлөж харагдаж байгааг болиулах хэрэгтэй байна. Энэ мэт загвар дизайны ээлгүй байдлаас болоод Шилэн дансны мэдээллийн ойлгомжтой байх зарчим алдагдаж байгаа тул Шилэн дансны сайтын загвар дизайн хийгээд системийн зарим үзүүлэлтийг сайжруулах шаардлагатай.
Н.Ариунтуяа /Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл /
О.Батболд /Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл /
Р.Адъяасүрэн /www.gogo.mn/
Д.Идэржаргал /www.ubn.mn /
О.Мөнхбат /www.itoim.mn /
Б.Төгсбилэгт /Mongolian Mining Journal/
Р.Оюунцэцэг /www.ikon.mn/
Ц.Элбэгсайхан /Asia Mining Magazine/
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!