Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

Эцэг, эхчүүд хүүхдүүдийнхээ дэлгэцийн донтолтыг хөл хорионы үеэр илүү анзаарч байна

ikon.mn
2021 оны 1 сарын 15
iKon.MN
 

Хөл хорионы үед хүүхэд гэлтгүй, томчуудын дэлгэцийн хэрэглээ эрс ихсэж байгааг бид өөрсдөөсөө харж болно.

Тэгвэл гар утас, компьютер, зурагтыг удаан үзэж, ашиглах нь хүүхдүүдэд ямар сөрөг нөлөөтэй, дэлгэцийн хамааралд орсон хүүхдүүдээс ямар шинж тэмдэг илэрдэг, түүнээс хэрхэн сэргийлэх талаар "Айл гэр" подкаст СЭМҮТ-ийн Хүүхэд, өсвөр үеийн клиникийн эрхлэгч, сэтгэл засалч эмч Л.Цэрэндолгортой ярилцлаа.

Ярилцлагыг үзэх:

https://fb.watch/2--OsFC8Te/

-Өнгөрсөн хоёрдугаар сард хөл хорио тогтоосноос хойш манай СЭМҮТ-д ирэх хүүхдүүд нэмэгдсэн. Дунджаар өдөрт 20 хүүхэд ирж байгаагийн тал нь дэлгэцээс хамааралтай байна. Дэлгэцийн эмгэг хүүхдүүд хоолой засах, нүдээ анивчих зэрэг шинж тэмдгээр илэрдэг. Тэдэнтэй ярилцахаар өдрийн ихэнх цагийг дэлгэц ширтэхэд зарцуулсан байдаг. Аав ээж нь утас тоглоомоо боль гэхээр нөгөө өрөөндөө очоод зурагт үзээд эхэлдэг. Ингэж нэг дэлгэцээ нөгөө дэлгэцээр сольж, залгуулан хэрэглэхээр хүүхдүүдийн сэтгэцэд ямар нэг байдлаар сөрөг нөлөө бий болдог.

Жишээ нь арваас доош насны хүүхдэд булчин татганах эмгэг илэрдэг. Ойр ойрхон хоолойгоо засдаг, ойр ойрхон нүдээ цавчдаг, өөрийн мэдэлгүй гудчиж дуугардаг, эсвэл гар хөлөө савчиж хөдөлгөх зэрэг давтагдсан хөдөлгөөнүүдийг өөрийн эрхгүй хийдэг. Энэ бол эмгэг.

-Ээж аавууд хүүхдэдээ ийм шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг анзаарах нь чухал юм байна.   

-Яг зөв. Аав, ээжүүд хүүхдүүдтэй цуг байхаар, хөл хорионд хамт байгаа болохоор  илүү анзаараад байна. Хүүхэдтэйгээ илүү их цагийг өнгөрөөж эхлэнгүүтээ хүүхдээ ажиглах нь нэмэгдсэн. Тиймээс ч манай хүүхэд хичээлдээ явж байхдаа ийм байгаагүй, одоо ийм шинж тэмдгүүд гарлаа гэх зэргээр  эмч нарт хандах нь ихэссэн.  

-Дэлгэцийн хамаарал, донтолтын шинж тэмдэг өсвөр насныханд яаж илэрдэг вэ?

-Манай төв дээр хэвтэн эмчлүүлсэн хүүхдүүдийг хамруулсан сүүлийн таван жилийн судалгаа бий. Үүнээс харахад өсвөр насны 11-15 хүртэлх насны хүүхдүүд дэлгэцийн хамаарлаас болж хэвтэн эмчлүүлж байгаа нь илүү өндөр хувьтай байдаг. Энэ насны хэвтэн эмчлүүлэгчдээс 99 хувь нь эрэгтэй хүүхэд. Судлахаар эцэг эхийн хүүхдэдээ тавьж байгаа хараа хяналтын асуудлууд гарч ирж байна. Хөвгүүд сошиал медиа, бичлэг гэхээсээ илүү тоглоомд донтдог. Донтож байгаа маш олон хүчин зүйл бий. Бүр суурь хүчин зүйл нь тухайн хүүхдэд донтогч ген байна уу үгүй юу? Тухайн хүүхдийн орчин нөхцөл, ямар эцэг эхийн ямар хайр халамж хүмүүжлээр өсөж торниж байна вэ гэдгээс мөн хамаарна.

Анхаарал халамж муутай, эсвэл хэт эрхлүүлдэг гэр бүлийн дунд хүүхэд донтох эрсдэл илүү өндөр байна гэж судалгаа харуулсан. Хүүхдийн аливаа юманд хязгаар тавих чадвар төрөлхийн сул байдаг. Тэрийг нь насанд хүрсэн хүмүүс гэртээ, сургууль зэрэг нийгмийн бичил орчинд нь сургаж, хэвшүүлж өгөх ёстой. Гэтэл томчууд хүүхэд уурлачихна, бухимдчихна, уйлаад салахаа байчихна, өгчих, тоглуулчих гэх байдлаар хүүхдээ хорлож эхэлдэг. Нөгөө талаар биеийг нь даалгаж байна гээд тэр чигээр нь орхичихдог. Ингэж  хараа хяналт суларснаас мөн дэлгэцэд донтох нөхцөл бий болдог.  

- Өсвөр насныхны гол харилцаа утсаар, цахимаар л өрнөөд байх шиг санагддаг. Энэ байдал дэлгэцийн хамааралд хэр нөлөөлдөг бол?

-Өсвөр нас бол харилцааны хэрэгцээ өндөр байдаг үе.  Энэ үед найз нөхөд нь гэр бүлийнхнээс нь ч дээгүүр тавигдсан байдаг. Бусадтай харилцаж нийгмийн харилцаанд оролцохынхоо хирээр бие хүн болж төлөвшдөг нас. Гэтэл одоо хөл хорионы үед бүх юм хоригдчихсон. Энэ нөхцөлд хүүхдүүд  харилцааны энэ хэрэглээгээ ямар нэг зүйлээр орлуулахыг хичээнэ. Фейсбүүк, чат, тик токоороо өөрийнхөө сэтгэл зүй мэдрэмжээ илэрхийлж, найз нөхөдтэйгөө групп чатаараа харилцдаг. Мөн онлайн ертөнцөд тоглож эхэлдэг. Энэ нь наанаа харилцаа өрнүүлээд байгаа юм шиг боловч хэтрүүлээд эхэлвэл сөрөг нөлөөтэй. Гэхдээ огт ашиглаж болохгүй гэж хориглох нь өрөөсгөл. Зөвөөр ашиглавал харилцааны зөв хэрэгсэл. Тиймээс томчууд бид өсвөр насны хүүхдүүдэд гар утас, компьютрийг зөв зохистой хэрэглүүлж төлөвшүүлж өгөх ёстой. Төлөвшүүлнэ гэхээр багаас нь задгай явуулж байснаа өсвөр насанд нь гэнэт чи хоёр цаг хэрэглэ, гурван цаг хэрэглэ  гээд хорьж болохгүй л дээ.

-Хүүхдүүд цахим орчинд нэгнээ гадуурхах, эсвэл нийгмийн сүлжээнд бүдүүлэг, ёс бус үг хэллэг зах замбараагүй хэрэглэх үйлдлүүд гаргах нь бий. Үүний шалтгааныг юутай холбох байна вэ?  

-Өсвөр насныхан яагаад нэг нэгнээ гадуурхаад, нэг нэгнээ доромжлоод ийм хүчирхийлэл үйлдээд байна вэ гэдэг дээр судалгаанууд хийгдсэн байдаг. Үүний цаана тухайн хүүхдийн сэтгэл зүйн асуудал яригдана. Хүчирхийлэл үйлдээд байгаа хүүхэд болон хүчирхийлэлд хохироод байгаа хүүхэд гээд хоёр хүүхэд ярих шаардлагатай болдог. Анхдагч орчин буюу ерөөсөө гэр бүлээс ихээхэн хамаардаг. Магадгүй тэр гэр бүлд хүчирхийлэл байж болно. Аав ээжийнх нь хэн нэг нь түрэмгий харьцдаг, хоорондоо таарамжгүй, архидалт, мансуурал тэр гэр бүлд байдаг гэх зэрэг.

-Манай төвд хохирогч хүүхэд ирж байсан. Тухайн хохирогч хүүхдийг олон хүүхэдтэй үерхдэг, биеэ үнэлдэг гэх зэргээр сургуулийнхаа чатанд бичиж, муухайгаар хэлэх тохиолдол гарсан. Хохирогч хүүхэд хичээлдээ явж чадахгүй, сэтгэл гутралд ороод тэгээд эцэстээ манай эмнэлэгт ирж эмчлүүлсэн. Тэгвэл тэдгээр хүүхдүүд яагаад нэгнээ ингэж гадуурхах болов? Магадгүй тэдний гэр бүлд нь аав ээж нь бусдыг доромжилдог, муу хэлдэг, хүүхдийнхээ хажууд ямар ч цензургүй ярьдаг байж болно.

Мөн нийгмийн сүлжээний хандалт, сэтгэгдлийг шүүгээд үзвэл асар их бүдүүлэг үг хэллэг, нэг нэгэн рүүгээ дайрч доромжилсон, өөрийнхөө таамгыг бусдад хүчээр тулгасан агуулгууд байдаг. Тэрийг хүүхдүүд уншиж л байдаг. Тийм учраас хүүхдийн насанд тохирсон мэдээллийг шүүлтүүртэй оруулж өгөхгүй бол хүүхэд өөрөө хэзээ ч шүүж мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр энэ дээр бид бүгд дор бүрнээ хариуцлагатай байх ёстой. Ганцхан манай хүүхэд гайгүй байвал бусад нь хамаагүй гэх нь өрөөсгөл. Таны хүүхэд сайхан хүмүүжээд бусад нь чадаагүй бол зэрэгцэн нэг цаг үед амьдарч байгаа тохиолдолд асуудал гарна. Тиймээс бид  амин хувиа хичээж болохгүй.

-Зурагт, утсыг яг хэдэн наснаас хүүхдэд үзүүлэх ёстой юм бол?

-Хоёр хүртэлх насны хүүхдэд ямар ч дэлгэц битгий хэрэглүүл гэж бүх улс оронд зөвлөдөг. Түүний оронд хүүхэдтэйгээ харилцах амьд харилцаанд анхаар, илүү их ярилц, илүү их тэвэр, илүү их хайрлаж байгаагаа мэдрүүл. Хүүхдийн тархины хөгжил хоёр хүртэлх насан дээр маш эмзэг. Энэ насны хүүхдүүдийн гавлын яс маш нимгэн байдаг. Тиймээс бид энэ насны хүүхдүүддээ дэлгэц үзүүлэхгүй байснаараа техник технологийн долгионы хор хөнөөлөөс хамгаалж байна гэсэн үг. Мөн хүүхдийн биеийн жин бага байх тусам гар утасны долгионыг өөртөө илүү их шингээдэг.

Долгионы нөлөө хожим хойно хүүхдэд олон төрлийн хорт хавдар үүсгэх эрсдэлтэй. Мөн хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлж, цочимтгой, эмзэг, сайн унтаж чаддаггүй байх зэргээр нөлөөлнө. Гэтэл эцэг эхчүүд хоёр хүртэлх насны хүүхдээ хоол идүүлэхийн тулд утас, таблет үзүүлчихдэг. Энэ үед хүүхэд тэр дэлгэцийг хараад, тэрэндээ хэт анхаарал нь төвлөрөөд хоолоо өөрийн мэдэлгүй ямар ч зорилгогүй иддэг. Ийм байдлаар эцэг эхчүүд өөрийн мэдэлгүй хүүхдээ хэт багаас нь дэлгэцийн хамааралд оруулдаг. Энэ нөхцөлд цаашдаа засахад хэцүү.

-Харин 3-6 хүртэлх насны хүүхдүүд өдөрт 30-45 минут дэлгэц үзэж болно. Дэлгэц гэдэгт компьютер, гар утас, таблет, зурагт бүгд орно. Хэрвээ 30 минут утас үзүүлсэн бол өөр дэлгэц битгий үзүүл. Эсвэл ганцхан зурагтаар нь өөрийнх насанд нь тохирсон хүүхэлдэйн кино, нэвтрүүлгийг нь үзүүлэхэд л болно. Бусад үед нь хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэх өөр зүйлийг эрэлхийлж, хэрэгжүүлж, амьдралынхаа хэвшил болгох хэрэгтэй. Мөн үзсэн зүйлийг нь эргээд ярилцах байдлаар ашигтайгаар танин мэдүүлэх хэрэгтэй.

-Хүүхдэдээ 30 минут утас үзүүлчихээд хураалаа. Гэтэл хүүхэд нэхээд тасралтгүй уйлах тохиолдол бий. Энэ үед яах вэ?   

-Энэ байдал нь хүүхэд хамааралд орж байгааг хэлж байна. Хүүхэд маш хурдан юманд дасаж, бас маш хурдан салж чаддаг. Тэрэндээ хорхойсоод нэхдэг хэсэгхэн хугацаа бий. Уйлаад утсаа нэхээд байвал хүүхдээ тэвэр, аргад, хоёулаа ингэж тоглоё гээд өөр зүйл рүү анхаарлыг нь шилжүүл. Ялангуяа олон хүн оролцсон тоглоомоор хүүхдийг сатааруулах нь илүү үр дүнтэй. Энэ үед хүүхэд харилцааны дадалд сурч, өөрийнхөө мэдрэмжийг илүү илэрхийлж, гэр бүлийнхнийхээ зан авирыг таньж мэдэж байдаг. Гэр бүлээрээ тоглохын ард асар том сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаа явагдаг.  

Мөн 6-12 насны хүүхдүүд өдөрт 90-120 минутыг дэлгэцэд зарцуулж болно гэж зөвлөдөг. Энэ хугацаагаа өдөрт хоёр, гурав хувааж дэлгэц ашиглана. Ер нь аль ч насанд хүүхдүүдээ дэлгэцийн зохистой хэрэглээнд сургах нь чухал. Дээрээс нь хүүхдээ тушаах бус, тэдэнтэйгээ хамтарч ярилцаж, дэлгэц хэрэглэх цагийн хуваарийг нь гаргах нь илүү үр дүнтэй.

-Танд баярлалаа.

 

Тус ярилцлагыг нийслэлийн ГБХЗХГ “Васт” пост продакшн, “Амгалан дэлхий” ТББ-тай хамтран бэлтгэлээ.

                                                                                          Сэтгүүлч Ц.Мөнхзул