Арванхоёрдугаар сарын 30-ны өдөр Засгийн газар хүүхдийн төлөө фонд байгуулж, 10 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн бол Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүүхдийн төлөө фонд”-ын үйл ажиллагааг сэргээж буйтай холбогдуулан анхны хуримтлал үүсгэх зорилгоор “Монгол соёл-Монгол хүүхэд” цахим тоглолтыг МҮОНТ-ээр шууд дамжуулж, иргэд, ААН, байгууллагуудаас нийт 2.2 тэрбум төгрөгийн хандив цуглуулсан.
Энэхүү үйл ажиллагааны талаар иргэд янз бүрийн байр суурь илэрхийлж буй. Энэ талаар "Хүүхдийн төлөө фонд" гэх арванхоёрдугаар сарын 17-нд улсын бүртгэлд бүртгэгдсэн НҮТББ-ын гурван хувьцаа эзэмшигчийн нэг, найруулагч Б.Баатараас тодруулав.
Тэрбээр "Монголынхоо хүүхдүүдийн ирээдүйг сайхан байлгая гээд монгол туургатны уран бүтээлчид нэгдээд сайн санааны тоглолт хийлээ. Ер нь бид хүүхдээ анхаарах цаг болсон. Төрийн гурван өндөрлөг ч энэ талаар ярилцаж байсан зүйлс байсан юм билээ. Надад Соёлын яамнаас санал тавьсан. Гэхдээ Хүүхдийн төлөө фондыг сэргээн, үйл ажиллагаа эрхлэхэд Засгийн газрын хувьд зарим нэг хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй байсан гэж ойлгосон. Он гараад “Засгийн газрын тусгай сангийн тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах бэлтгэж байгаа юм билээ.
Бас тоглолтыг зохион байгуулахаар гаднын уран бүтээлчидтэй харилцах шаардлагатай байсан учраас ТББ байгуулах шаардлага ч гарсан. Нөгөө талд, тоглолтыг шинэ жилийн үеэр зохион байгуулах, хүүхдийн төлөө бүтээн байгуулалтаа ч цаг алдалгүй хийх шаардлагатай байсан учраас түр ТББ байгуулсан. Хуулийг нь бэлэн болтол ингэж Төрийн бус байгууллага үүсгэн зарлаж хуримтлал үүсгэх нь зөв гэж үзсэн. Энэ болтол Соёлын яамнаас ТББ байгуулж тоглолтыг зохион байгуулж байгаагаар нь миний нэрийг тавьсан юм байгаа биз дээ. Түүнд нэг их санаа зовоод, хардаад байх хэрэггүй ээ.
Харин Монголынхоо бүх ард иргэдэд, аж ахуйн нэгжүүдэд “Хүүхдийн төлөө За” гэж хэлсэнд баярлалаа. Нэг өдрийн дотор 10 хэдэн тэрбум төгрөг цугларсан анхны тоглолт боллоо. Миний хувьд тоглолт сайхан болсон. Бид хууль нь бэлэн болонгуут санд цугларсан хуримтлал хөрөнгийг, сангийнх нь хамт Засгийн газарт мэдээж шилжүүлнэ. Санаа зоволтгүй. Харин энэ олон хүний сэтгэл зүтгэлээр боссон сангийн үйл ажиллагаа цаашид тунгалаг сайхан байгаасай л гэж хүсэж байна.
Тоглолтыг зохион байгуулахад хамтран ажилласан МҮОНТ, өргөн нэвтрүүлгийн 10 гаруй телевиз, урлаг спортын бүх одод, хандив өргөсөн нийт ард түмэн, байгуулагууддаа сайн сайхныг хүсье" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!