Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүн асан М.Батчимэг таалал төгсжээ

Т.Саран, iKon.mn
2020 оны 10 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
 

УИХ-ын гишүүн асан М.Батчимэг таалал төгсжээ. 

Тэрбээр 1995-2005 онд Стратегийн судалгааны хүрээлэнгийн судлаач, ахлах судлаач, 2005-2008 онд Тайванийн Тайпэй хот дахь Улаанбаатарын худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газрын тэргүүн, 2008-2009 онд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнгийн зөвлөх, тэргүүлэх шинжээч, 2009-2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан АН-ын эмэгтэй лидерүүдийн нэг байв. 

УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа тэрбээр  

Монгол хэлний тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг өргөн барьж батлуулсан бөгөөд 

  • Хамтын тэтгэвэрийн тухай хууль,
  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль,
  • Сонгуулийн тухай хууль /126,2 дугаар заалт/
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгаалалын тухай хууль,
  • Эрүүл мэндийн даатгалын тухай

гэсэн нийгмийн чухал хуулиудыг хамтран санаачилж байсан юм.

Мөн Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай, Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай, Дипломат албаны тухай хуулийн төсөл боловсруулах тухай, Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьж, тус тус батлуулж байв. 

Сүүлийн жилүүдэд тархины хавдрын улмаас удаан хугацаагаар эмчилгээ хийлгэж байсан ч М.Батчимэг ийнхүү хорвоог орхиж, Монголын улс төрд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. 

Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.