Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

ДЭМБ шинээр үйлдвэрлэгдэх түргэн оношлуурыг дэлхийн 133 оронд тараахаар болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 9 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Covid-19 өвчний халдварыг цөөн хэдэн минутад илрүүлж чаддаг түргэн оношлуурыг дэлхийн дундаас доош орлоготой орнуудад тараах болсноо Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага өчигдөр мэдээлжээ.

Нэг бүр нь $5-ын үнэтэй уг шинэ оношлуурыг үйлдвэрлэгч нь зургаан сарын хугацаанд 120 сая ширхэгийг нийлүүлэхээр ДЭМБ-тай тохиролцсон байна.

Одоо өргөн хэрэглэгддэг оношлуурууд үр дүнг олон цагийн дараа, заримдаа хэдэн өдрийн дараа гаргадаг бол шинэ оношлуур нь 15-30 минутын дотор үр дүнг гаргадаг юм.

Энэтхэг, Мексик зэрэг халдварын түвшин өндөр байгаа улсуудад оношлох хурд вирусийн тархалтыг гүйцэхгүй байгаа гэж мэргэжилтнүүд үздэг.

Түргэн оношлуурыг үйлдвэрлэгч Abbott, SD Biosenser компаниудтай тэрбумтан Билл Гэйтсийн Bill and Melinda Gates Foundation сан тохиролцсоны үндсэн дээр уг төсөл хэрэгжихэд бэлэн болжээ.

Эдгээр оношлууруудыг дэлхийн 133 улсад хуваарилахаар тохиролцсоны дотор цар тахалд хамгийн хүнд нэрвэгдсэн Латин Америкийн орнууд багтаж байгааг ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус мэдээлсэн байна.

“Энэ бол оношлох хүчин чадлыг нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой төсөл. Ялангуяа халдварын түвшин өндөр байгаа орнуудад маш чухал. Лабораторигүй, эмнэлгийн ажилтангүй алслагдсан бүс нутгуудад оношилгоо явуулах боломж нээгдэж байна” гэж доктор Гебрейесус ярьжээ.

 

Эх сурвалж: BBC