Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

Пентагон үл мэдэгдэх нисдэг биетүүдийг судлах багийг байгуулахаар болжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 8 сарын 14
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын армийн нисэх онгоцнуудад ажиглагдсан үл мэдэгдэх нисдэг биетүүдийг судлах багийг Пентагоны дэргэд байгуулахаар болсныг албаны хоёр эх сурвалж баталжээ.

Судалгааны баг байгуулах ажлыг батлан хамгаалахын дэд сайд Дэвид Норквист хариуцахаар болсон ба энэ тухай албан ёсоор ойрын өдрүүдэд зарлах гэнэ.

АНУ-ын цэргийн баазуудын орчимд ийм нисдэг биетүүд үзэгдсэн тухай баримтууд Пентагоны архивт олноор хадгалагддаг. Зарим хүмүүс үүнийг харь гарагийн биетүүд байх гэж таамагладаг бол нөгөө хэсэг нь АНУ-д дайсагнагч аль нэг улсын тагнуулын техник байж магадгүй гэж үздэг юм.

Сенатын тагнуулын байнгын хороо өнгөрсөн зургаадугаар сард үл мэдэгдэх нисдэг биетүүдийн талаар судалж, дүгнэлт гаргах даалгаврыг Пентагонд өгч байв.

Тус хорооны гишүүн, сенатор Марко Рубио “Манай цэргийн баазуудын орчимд болон цэргийн сургуулилалт хийж буй газруудад үл мэдэгдэх нисдэг биетүүд ажиглагдсан тохиолдлууд бий. Эдгээр нь юу болохыг бид хэлж мэдэхгүй байгаа. Тиймээс заавал тодруулах ёстой асуудал. Үнэнийг хэлэхэд эдгээр нь Хятад юм уу, Оросын үсрэнгүй технологи байснаас харь гарагийн биет байсан нь дээр гэж би бодож байна” гэж хэвлэлд ярьж байжээ.

Дээрх биетүүдийг Пентагон албан ёсоор 2007-2012 оны хооронд судалж байсан ч сүүлд илүү чухал үйл ажиллагааг санхүүжүүлэх шаардлагын улмаас хөтөлбөрийг нь зогсоож байв.

Энэхүү хөтөлбөрийг удирдаж байсан Луйз Элизондо 2017 онд хэвлэлд ярихдаа “Бид энэ ертөнцөд ганцаараа биш болохыг харуулсан баттай баримтууд бий” хэмээн өөрийн хувийн итгэл үнэмшлийг илэрхийлж байжээ.

 

Эх сурвалж: CNN