Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Хар тамхинд донтогчид өөрт болон бусдад бодит аюул учруулж эхэлдэг"

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 2 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, хор уршиг, хэрхэн урьдчилан сэргийлэх чиглэлээр Япон, Канад улсад суралцан, ажиллаж буй клиникийн сэтгэл судлаач Х.Сайнсанаатай ярилцлаа.

-Хар тамхи, мансууруулах бодисыг ихэвчлэн ямар хүмүүс хэрэглэж донтогч болдог вэ? 

-Судалгаанаас харахад гол төлөв 18-35 насны залуучууд хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж, донтогч болж байгаа тоо баримт байдаг. Учир нь өсвөр насны хүүхэд, залуучуудын сэтгэл зүйн онцлогоос шалтгаалан бусадтай нийлэх, бусдад уруу татагдах, сониуч зандаа хөтлөгдөх болон хар тамхины хор уршгийн талаар мэдээлэл дутмаг байдлаасаа болж хэрэглэж эхэлдэг. 

Хүний их тархи ойролцоогоор 25-27 насанд бүрэн гүйцэд хөгжиж дуусдаг. Иймээс хүүхэд, залуучууд аливаа асуудалд шийдвэр гаргахдаа эрсдлийг бүрэн гүйцэд ухамсарладаггүй, хөнгөн хийсвэрээр ханддаг байдлаас болж хорт муу зуршилд уруу татагдах нь элбэг байдаг. Өсвөр насны хүүхэд, залуучууд сурч боловсрох болон ажиллаж хөдөлмөрлөх насандаа хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж, цаашлаад донтогч болж байгаа нь үнэхээр харамсалтай. 

-Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэснээр хүний бие, эрүүл мэнд, сэтгэл зүйд ямар өөрчлөлт гардаг вэ? 

-Хүний биеийн эд эс, эрхтэн тогтолцоо дахиж сэргээгдэхгүйгээр гэмтдэг. Хар тамхи хэрэглэгч нь уушгины хорт хавдар, БЗХӨ, элэгний өвчлөл, арьсны өвчлөл гэх мэт өвчин тусах тохиолдол их байдаг. Мөн тархины эд эсийг гэмтээн анхаарал төвлөрөлт болон ой тогтоолт муудаж мартамхай болж эхэлдэг. 

Үүнээс гадна сэтгэл санааны тогтворгүй байдлын улмаас сэтгэл гутралд орж цаашлаад амиа хорлох эрсдэлийг ч дагуулдаг. Тухайлбал, намайг Канад улсад сэтгэл судлаачаар ажиллаж байх үед 16 настай нэгэн үйлчлүүлэгч гэр бүлийн хараа хяналтгүй байдал болон үе тэнгийнхний уруу таталтын улмаас 14 насандаа хамгийн анх хар тамхи хэрэглэж, эмчилгээнд хамрагдсан хэдий ч харамсалтайгаар амиа алдсан тохиолдол гарч байсан. Миний ажиллаж, амьдарч байсан Ванкувер хотод өдөрт ойролцоогоор 40 хүн хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас амиа алддаг. 

Эрүүл мэндийн болон цагдаагийн байгууллагаас хар тамхинаас донтогч хэрэглэгчийг гаргахын тулд хичээл зүтгэл гарган ажилладаг боловч нэгэнт бие болон сэтгэцийн хувьд аль хэдийн хамааралтай болсон хүн өөрийгөө удирдах чадвараа алдаж, бусдаас ирэх тусламжийг үл ойшоож, өөртөө болон нийгэмд аюултай үйлдэл хийдэг. 

-Хар тамхи нь тухайн хэрэглэгч, донтогчийн гэр бүл, ойр дотны хүмүүст хэрхэн нөлөөлдөг вэ? 

-Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэснээр тухайн хэрэглэгч гэлтгүй, эргэн тойрны гэр бүлийн гишүүд, найз нөхөд бүгд сэтгэл санааны байнгын айдас, түгшүүрт байдалд байдаг. Тухайн хэрэглэгчийн зан авир эрс өөрчлөгдсөнөөр өөрт болон бусдад бие махбодийн болон сэтгэл санааны бодит аюул учруулж эхэлдэг.

Мөн тухайн гэр бүлийн эдийн засаг, санхүүгийн байдал ч хүндэрч эхэлдэг. Ингэснээр найз нөхөд, гэр бүлийн гишүүд тухайн хэрэглэгчээс зайгаа барихаас өөр аргагүй байдалд ордог. 

Харин тухайн хэрэглэгч хэнд хандах, хэрхэн даван туулах учраа олохгүй, өөрт итгэх итгэл найдвараа алдан, улам ихээр донтож, эцэст нь амь насаа алддаг. Хар тамхи хэрэглэсэн үед хий юм харах, сонсох, үйлдлээ хянах чадваргүй болох зэрэг шинж тэмдэг илэрдэг. Тухайн бодисоо хэрэглэсэн үедээ өөр төрлийн гэмт хэрэг үйлдэх тохиолдол маш их гардаг. 

Жишээ нь мансууруулах бодис олж авахын тулд бусдын эд зүйлийг хулгайлах гэмт хэрэг үйлдэх болон биеэ үнэлэх, халдварт өвчин авах эрсдэл бий болж байдаг. 

-Хүүхэд, залуусыг хар тамхи мансууруулах бодисоос хэрхэн хамгаалах боломжтой вэ? 

-Олон улсын жишгээс харахад хар тамхи мансууруулах бодисын хэрэглээнээс урьдчилан сэргийлэх ажил их чухал байдаг. Хар тамхи болон түүний хор уршгийн талаар насны ангиллаар нь зорилтот бүлэгт чиглэсэн зөв мэдээлэл өгөх нь илүү үр дүнтэй юм. Өсвөр үеийн хүүхэд, залуучуудад насны онцлогт тохируулан боловсролын байгууллагаас хор уршгийн талаарх мэдээлэл болон өөрийгөө хэрхэн хамгаалах тухай бодит практик дээр суурилсан сургалтын стандарт, арга зүйтэй болох зайлшгүй шаардлагатай. 

Мөн эцэг эхчүүдэд зориулсан хар тамхи хэрэглэсэн үеийн шинж тэмдэг болон хэрхэн хүүхэдтэйгээ нээлттэй ярилцах тухай мэргэжлийн байгууллагаас зөвлөмж мэдээллийг тасралтгүй олгох ёстой. Мэргэжлийн байгууллагууд олон улсын хар тамхитай тэмцэх байгууллагуудтай хамтран Монгол хүний сэтгэл зүйн онцлог дээр суурилсан урьдчилан сэргийлэх хөтөлбөртэй болох нь чухал юм. 

Жишээлбэл, Японд хар тамхины тухай мэдээллийг олон нийтэд хязгаарлагдмал байдалтай тараадаг бол Канадад бага ангиас нь эхлэн хичээлийн хөтөлбөрт нь тусгасан байдаг. Аливаа улс орны хүн амын онцлогийг сайн судалж, тохирсон арга хэмжээ авах хэрэгтэй. Манай улсын хувьд энэ төрлийн донтолтыг эмчлэх нарийн мэргэжилтэн болон эмнэлгийн хангамж дутмаг байгаа учир урьдчилан сэргийлэх ажлыг хангалттай гүйцэтгэж чадвал маш олон залуучууд энэ аймшигт хорт зуршил руу орохоос сэргийлж чадна.

Нэгэнт хар тамхинд донтсон тохиолдолд эмчилгээнд давтан хамрагдсан ч дахин хар тамхийг хэрэглэх тохиолдол их байдаг учир анхнаасаа л өөрийгөө болон бусдыг хамгаалж сурах нь чухал юм. 

Хэрэв та болон таны танил хар тамхины хэрэглээтэй болсон бол нууж хэрхэвч болохгүй бөгөөд мэргэжлийн байгууллага, сэтгэл зүйчид эртхэн хандахыг зөвлөж байна. Хар тамхи сэтгэцэд нөлөөт бодис нь найрлага, бодисын агууламж, гаргаж авсан аргаасаа хамаараад хүний бие, сэтгэцэд нөлөөлөх богино хугацааны болон урт хугацааны хор уршиг нь өөр өөр байдаг.