Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй, амны хаалтны үнийн зохиомол хөөрөгдөл үүсэх магадлалтай байна /2020.01.28/

Г.Номин, iKon.mn
2020 оны 1 сарын 28
iKon.MN

Шинэ төрлийн коронавирсийн цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр мэдээлэл өгч байгаа. Өнөөдрийн хэвлэлийн хуралд ЭМЯ, ХӨСҮТ-ийн албаныхан болон МХЕГ-ын төлөөлөл оролцож хил дээр хяналт шалгалтын ажил хэрхэн хийгдэж байгаа талаар мэдээллийг өгнө.

ШУУД ҮЗЭХ: /2020 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн 11:00 цагийн байдлаар/

https://www.facebook.com/iKonNews/videos/2711141232309170/

ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар "Өнөөдрийн 10 цагийн байдлаар дэлхий дахинаа шинэ төрлийн коронавирусийн халдвараар өвчилсөн хүний тоо 4,474 нас баралт 106-д хүрлээ. Бүх нас баралт БНХАУ-д бүртгэгдсэн. Халдвар авсан байж болзошгүй хүний тоо 5,000 гарсан.

Монгол Улсад шинэ төрлийн коронавирусийн халдвар бүртгэгдээгүй. Нэгдүгээр сарын 9-27-ны хооронд нийт 13 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаж шинжилгээ авсан. Тэдгээр иргэд БНХАУ-д зорчоод ирсэн, халуурсан шинж тэмдэгтэй байсан бөгөөд дөрвөн хүнээс томуугийн А хүрээний вирус илэрсэн. 

Архангай, Ховд аймагт сэжигтэй тохиолдол гарсан нь үгүйсгэгдсэн. Уушгины хатгалгааны улмаас нас барсан тохиолдлуудыг нягталж байна. Өмнөговь, Булган, Хэнтий аймагт халуурсан тохиолдол гарсныг шинжилж байгаа.

Оношлуур өчигдөр ирсэн ХӨСҮТ-ийн лавлагаа лабораторид ашиглагдаад эхэлсэн.

"Хүнсний бүтээгдэхүүн нөөцөлж хомсдол үүсгэх шаардлагагүй"

Амны хаалтны эрэлт өндөр байгаа, зохиомол хомсдол үүсгэж иргэд нөөцөлж байна. Ийм шаардлага байхгүй гэдгийг хэлье. НЗДТГ-аас зах худалдааны төвүүдийг хаахгүй учраас хүнсний бүтээгдэхүүн нөөцөлж хомсдол үүсгэнх шаардлагагүйг мэдэгдсэн.

Амны хаалтны үнийн зохиомол хөөрөгдөл үүсэх магадлалтай байна. Нийлүүлэлт эрэлтээ гүйцэхгүйд хүрээд байгаа. Ашиг хонжоо хайсан зарим хүн амны хаалтыг бөөндөж авч байгааг бид буруушааж байна. Дотоодод амны хаалт үйлдвэрлэж буй хоёр үйлдвэр байгаагийн нэг нь хоногт 42,000 ширхгийг, нөгөө нь хоногт 30,000 ширхгийг үйлдвэрлэх боломжтой. Импортоор мөн орж ирж байгаа. Тавин-Ус, Монос гэсэн компаниудад байгаа нөөцийг өнгөрсөн амралтын өдрүүдээр эм ханган нийлүүлэх төвүүд рүү хүргэсэн байна.

Манай улс Ухань хотоос иргэдээ авах хүсэлтээ гаргасан. Одоогоор 10 улс иргэдээ авах хүсэлт гаргаад байгаа юм байна. БНХАУ-ын зүгээс иргэдэд нь шаардлагатай эрүүл мэндийн үзлэг хийгээд хүсэлтийг шийдвэрлэж байгаа" гэлээ.

Я.Буянжаргал: Сэжигтэй тохиолдол илэрвэл яаралтай тусгаарлах өрөөг боомтуудад бэлдсэн

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: Эрүүл мэндийн яамнаас эмнэлгийн бэлэн байдлыг шалган, үнэлгээ зөвлөмжөө өгч байна. Орон нутагт эмийн нөөцийн зургийг авч баталгаажуулж байна. 

Мөн хэвтэн эмчлүүлж буй өвчтнүүдийн биеийн байдлын талаарх мэдээллийг тогтмол авч байгаа. Түүнчлэн мэргэжлийн эмч нараар зөвлөгөө, мэдээллийг түгээсээр байгаа. 

БНХАУ-д уламжлалт сар шинийн баяр болсонтой холбоотойгоор хилийн хязгаарлалт хийсэн хугацаа өндөрлөж байгаагаас хилээр орж ирэх хүний тоо нэмэгдсэн. Тиймээс хилийн боомтуудад өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, аюулгүй байдлыг хангаж байна. Сэжигтэй тохиолдол илэрвэл яаралтай тусгаарлах өрөөг ч бэлдсэн байгаа.


Үргэлжлүүлэн  албаныхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Засгийн газраас шинэ коронавирусийн халдвараас сэргийлэхэд хэдэн төгрөг төсөвлөсөн бэ?

-Засгийн газрын нөөц сангаас 4.2 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтийг шинэ коронавирусийн халдварын эрсдлээс сэргийлэх, багаж тоног төхөөрөмж болон хамгаалах хэрэгсэл авах мөнгийг шийдсэн. 

-200 оношлуурыг авсан хэр нь яагаад Япон улс руу илгээж байж, оношоо баталгаажуулах юм бэ?

-Оношлуурыг өчигдөр хүлээн авч, ХӨСҮТ-д хүргэсэн. Ашиглаад эхэлсэн. Ямар ч өвчний үед оношийн баталгаажилтыг эцэслэхэд ганцхан лабораторийн шинжилгээгээр хийдэггүй. Олон улсын итгэмжлэгдсэн лабораторид өгч байж, эцсийн оношийг баталгаажуулдаг. Тэр дүрмээ дагана.

-Нийгмийг тайван байлгахын тулд бодит байдлыг нууж байна гэх хардлага иргэдийн дунд байна?

-Ямар ч мэдээллийг нуугаагүй. Нэг ч иргэнийг айлган сандаргах эсвэл хэт тайвшруулах зорилгогүй. Бид тодорхой мэдээллийг цаг тухайд нь өгч байна.

Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас Эрүүл мэндийн яаманд иргэдэд шуурхай, бодит мэдээллийг цаг тухайд нь өгөхийг даалгасан. Үүнийг дагуу мэдээллээ өгдөг. Өдөр бүрийн тогтмол 11:00 цагт нэгдсэн мэдээлэл өгөхийн хамт яаралтай үед шууд дамжуулалтаар өгч байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.