Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

Газар олголтын давхцлыг арилгах, төлөвлөлтийн дагуу газар олгогдож буй эсэхийг хянах боломжтой боллоо

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 1 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Барилга хот байгуулалтын яам болон Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар  хамтран газар зохион байгуулалтын төлөвлөгөөний нэгдсэн мэдээллийн системийг нэвтрүүлж, өнөөдөр албан ёсоор нээлээ.

Дээрх мэдээллийн систем нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих зэрэг үйл ажиллагааг иргэд, олон нийтэд нээлттэй, оролцоонд түшиглэсэн болгож байгаагаараа онцлог аж.

Ц.Ганхүү: Мониторинг, Үнэлгээний систем зэргийг шат дараатайгаар цахимжуулна

 
Гэрэл зургийг mpa.mn

Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү "Газрын эрхийн харилцаа үүсгэдэг зургаан субъект бий. Тухайлбал, аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга нар болон чөлөөт бүсийн захирагч, Байгаль орчин, аялал жуулалчлалын яам, Уул уурхайн яам юм. Эдгээр нь өөр хоорондоо харилцан уялдаа багатай ажиллаж байгаа тул газар давхцуулах олгох, түүнээс улбаалан газрын маргаан, зөрчил гарах явдал их.

Энэ төрлийн газрын маргаанд манайхаас хянан баталгаа гаргаж өгдөг. 2016 онд 1,800 зөрчил бүртгэгдэж, хянан баталгаа гаргасан бол 2017 онд кадастрын системийг цахимжуулснаар 800 болж буурч байв.

Өөрөөр хэлбэл, цахимжиж хүний оролцоотой санаатай үйлдэл арилж, ил тод, шударга систем бий болж байна. Энэ удаад бид Барилга хот байгуулалтын яамтай хамтран Газар төлөвлөлтийн системийг цахимжууллаа. Ингэснээр газар давхцуулан олголтыг арилгах, төлөвлөлтийн дагуу газар олгогдож буй эсэхийг  иргэн хянах гэх мэтчилэн хэд хэд давуу талыг бий болгоно.

Дараагаар нь бид Мониторинг, Цахим бирж, Үнэлгээний систем зэргийг шат дараатайгаар нэвтрүүлнэ” хэмээн хэллээ. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим систем дараах үйл ажиллагааг явуулна. Толруулбал, 

  1. Улс, аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө, нийслэл сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон бусад салбарын орон зайн төлөвлөлтийг боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих үйл ажиллагааг удирдан зохион байгуулах,
     
  2. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний талаарх мэдээлэл, зураг төслөөр иргэд, олон нийтэд үйлчлэх, тэдний саналыг авч оролцоог хангах аж. 

Түүнчлэн зам шугам сүлжээ, инженерийн барилга, байгууламж, үйлдвэр уурхай, хөдөө аж ахуй хөгжүүлэх газрын байршил гэх мэт улс орны ирээдүйн хөгжлийн чиг хандлагын талаар мэдээллийг улсын хэмжээнд авах, өөрийн амьдарч буй орчныг сайжруулах, гэр бүлийн болон бизнесийн зорилгоор газар эзэмших, өмчлөх, ашиглах зэрэг санал хүсэлтээ Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулан, кадастрын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, баталгаажуулах боломжтой.

Мөн энэ өдөр нийслэл дүүргийн газар зохион байгуулалтын алба, Төв аймгийн ГХБХБГ-т мэдээллийн сангийн программ хангамж бүхий иж бүрэн комьпютер гардуулав. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Та газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн төлөвлөгөөний цахим системд www.egazar.gov.mn хаягаар хандан мэдээлэл авч, саналаа өгөх боломжтой. Үүний тулд ДАН системээр дамжуулан нэвтрэх бөгөөд хайлтын хэсгээс саналаа өгөх газрын байрлаж буй Аймаг, нийслэл, сум, дүүргийг төлөвлөгөөний төрлийн хамт сонгож тухайн байршилтай холбоотой бусад төлөвлөгөө, газар ашиглалтын мэдээлэлтэй уялдуулан газрыг эзэмших, ашиглах, өмчлөх, хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр саналаа өгөх боломжтой.