Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

Сургууль, цэцэрлэгийн барилгын ажил удааширдаг ТАВАН ШАЛТГААН

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Хүн бүр сурч боловсрох эрхтэй. Энэ бол Монгол Улсын Үндсэн хуулиар иргэн бүрт олгогдсон эрх.

Энэ эрхээ эдлэх боломжийг олгохын тулд жил бүр сургууль, цэцэрлэгийн барилгуудыг засах, шинээр барих зэрэгт төсвийн тодорхой хувийг зарцуулдаг билээ. 2019 оны төсөвт боловсролын салбарт нийт 460 төсөл арга хэмжээнд 488.9 тэрбум төгрөгийг тусгаж байв.

Дээрх төлөвлөгдсөн төсөл арга хэмжээнээс хэд нь хугацаандаа багтаж ашиглалтад орсон тухай мэдээлэл одоогоор нэгтгэгдээгүй байна. 

Гэвч товлосон хугацаанаасаа хойшилсон барилга бий. Тиймээс барилгууд яагаад хугацаандаа ашиглалтад орж чадалгүй хугацаа алддаг талаар мэргэжилтнүүд болон албан тушаалтнуудын хэлсэн тайлбарт үндэслэн авч үзье. 

НЭГ. Хүн хүчний дутагдал

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 126,582 байна хэмээн Үндэсний статистикийн хорооноос мэдээлжээ. Үүний цаана бүртгэлгүй ажилгүй иргэд хэд байгаа нь тодорхойгүй. 
Ажилгүй иргэдийн тоо ийнхүү их байгаа ч барилга дээр ажиллах хүн хүч дутагдалтай байв.

Цэцэрлэг, сургуулийн барилга, соёлын төв, спорт цогцолбор гээд БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй олон төсөл дээр ажиллах хүч хангалтгүй байгааг БСШУСЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын салбарын барилга, засварын төлөвлөлт, гүйцэтгэл хариуцсан мэргэжилтэн Л.Отгонжаргал хэлж байв.

Мөн зарим барилгын талбайд очин, ажлын явцтай танилцах үеэр хэдийгээр инженерүүд нь 30-40 хүн ажиллаж байгаа гэж хэлдэг ч 20 хүрэхтэй үгүйтэй хүн ажиллаж байгааг тухайн цэцэрлэг, сургуулийн удирдлагууд шүүмжилж байсан юм.

ХОЁР. Зураг төслийн зөрүү

Барилгын ажил удаашрах өөр нэг шалтгаан нь зураг төслийн асуудал. Зарим зураг төсөл нь хэдэн оны өмнөх байдалд тохируулан хийгдсэн байх тул өнөөгийн шаардлагад нийцүүлэн солих, өөрчлөх зэрэгт хугацаа шаардаж байгаа юм. 

Жишээ нь, Сэтгэмж цогцолборын шинэ барилгыг 2011 оны зураг төслөөр баригдаж буй. Энэ үед барилгын халаалтыг уурын зуух байхаар төлөвлөсөн байсан ч гүйцэтгэгч компаниас төвийн шугамд холбох боломжийг судалж, холбогдох газруудад хүсэлт өгөх, шийдвэрийг нь хүлээх зэргээр хугацаа их алдсан хэмээн талбайн инженер нь тайлбарласан.  

Харин 114-р цэцэрлэгийн өргөтгөлийн барилгад сантехникийн шугамыг холбоход өндөр таарахгүй байсаар хугацаандаа ашиглалтад ороогүй юм.

ГУРАВ. Тендерийн маргаан

 
Гэрэл зургийг Mpa.mn

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуульд "Тендер шалгаруулалттай холбогдуулан хүлээсэн үүргээ захиалагч зөрчсөн гэж үзвэл тендерт оролцогч энэ тухай мэдсэнээс хойш ажлын 5 хоногийн дотор захиалагчид бичгээр гомдол гаргаж болох бөгөөд гомдолд зөрчлийг нотлох баримтыг хавсаргана" хэмээн заасан байдаг.

Шалгараагүй зарим компани ийнхүү гомдол гаргаснаар дээрх хуулийн 54.5-д заасанчлан “Нийтийн эрх ашгийг хамгаалах үүднээс тендер шалгаруулалтыг зогсоолгүйгээр үргэлжлүүлэх шаардлагатай гэж захиалагч шийдвэрлэснээс бусад тохиолдолд гомдол ирснээс хойш захиалагч гэрээ байгуулах эрх олгож болохгүй” гэдгийг үндэслэснээр шүүхийн шийдвэр гартал ажил эхлэхгүй гэсэн үг.

Энэ шалтгаанаар хойшилсон барилгын нэг жишээ нь Баянгол дүүргийн 13-р цэцэрлэгийн барилгыг буулгаж, шинээр барих ажил байлаа.

ДӨРӨВ. Зарим компани үүргээ биелүүлдэггүй

Болзол хангаж байвал нэг аж ахуйн нэгж хэдэн ч тендерт өрсөлдөн шалгарах боломжтой. Энэ нь тухайн байгууллагын чадамжаас шалтгаалах ч нөгөө талдаа хариуцлагагүй хандах нэг үндэс нь болж байна.

Энэ талаар БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан “Нэг компани хэд хэдэн тендер авч, хүчээ тарамдуулах, өөрсдөө бага үнээр тендерт оролцон шалгарсны дараа барилгын ажлын явцад нэмэлт санхүүжилт нэхэн удаашруулах явдал гарч байгаа” хэмээн барилгуудын ажлын явцтай танилцах үеэрээ шүүмжилж байв

Ажлыг ийнхүү удаашруулж байгаа компаниудыг бүртгэн “Хар жагсаалт”-д бүртгэн дахин тендерт оролцуулахгүй хэмээн БСШУС-ын Дэд сайд Г.Ганбаяр нэгэн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн билээ.

ТАВ. Барилгын материалын хомсдол

 

Бүтээн байгуулалт эрчимжихийн хэрээр энэ зун барилгын материалын хомсдол үүсээд байв. Барилгын барихдаа тухайн онд үйлдвэрлэгдсэн шинэ блокоор барихыг шаарддаг. Гэтэл блокны үйлдвэрүүд ачаалалтай ажиллаж, бүтээгдэхүүнээ жигд хуваарилахын тулд нэг удаад зөвхөн нэг машин блок гаргаж байжээ. Ингэснээр материалын хүлээгдэл нь ажил удаашрах нэг шалтгаан болж байлаа.

Боловсролын салбарт ирэх онд ч олон шинэ төслийн бүтээн байгуулалт хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй.

Ирэх оны төсвийн төсөлд тусгаснаар Боловсролын сайд 1.6 их наяд төгрөгийн өртөг бүхий төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээс 2020 онд 622 тэрбум төгрөг зарцуулах эрх олгожээ. Тодруулбал, шилжиж буй болон шинэ барилга байгууламж, их засвар, тоног төхөөрөмж, ТЭЗҮ зэрэг 493 төсөл арга хэмжээ бий. Үүний 73 хувь нь барилга байгууламж шинээр барих, 20 орчим хувь нь засварын ажил байгаа юм.