Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

Халаалтаа хэрхэхээ шийдээгүй "Сэтгэмж" цогцолборын өргөтгөл он дамнаж магадгүй

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 11 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Баянгол дүүргийн "Сэтгэмж" цогцолборынхон хичээлийн шинэ байртай болно гэх хүлээлттэйгээр дөрөв дэх намраа үдэх гэж байна.

Учир нь 1970-аад онд баригдсан өч гаруй жилийн өмнө баригдсан байрыг нь акталж, 2015 онд нураасан юм. Тухайн үед БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдах сургуулиудын нэг болж байсан. Тэрхүү төсөл бүрэн хэрэгжээгүй байна. Тиймээс нийслэлд концессын жагсаалтад орсон ч цуцлагдсан тухай "Сэтгэмж" цогцолбор сургуулийн захирал О.Мөнхтуяа хэллээ. 

Одоо буй хичээлийн хоёр байр нь нийтдээ 640 хүүхдийн хүчин чадалтай ч 1,700 гаруй сурагч суралцаж байгаа юм. Сурагчдын тоо улам ихэссээр байгаа учир өнгөрсөн жилээс гурван ээлжээр хичээллэхэд хүрсэн юм. 

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт гурван ээлжээр хичээллэх явдлыг арилгахаар төлөвлөсөн. Энэ дагуу тус сургуулийн шинэ байрыг барих тендер зарласнаар 2018 оноос газар шорооны ажлыг эхлүүлсэн билээ.

Уурын зуухаа хэрхэн өргөтгөхөө шийдээгүй байна

Гэрээ ёсоор энэхүү барилга 2019-2020 оны хичээлийн жилээс өмнө нээлтээ хийх байлаа. Гэвч зарим шалтгааны улмаас хойшилсоор өдийг хүрээд байна.

Гүйцэтгэгч "Грийн ресурс" ХХК-ийн талбайн инженер Б.Гэрэлсайхан "Одоогоор гадна фасад болон А блокийн дээврийн ажлыг хийж байна. Мөн доторх сантехникийн холболт, салхивч хийгдэж байгаа. Барилгын явц 70 орчим хувьтай явагдаж байна. Бидний хувьд дулаанаа авахад бэлдэж, битүүмжлэлээ хангаж байгаа нь энэ. Гэвч дулаанаа хэрхэн шийдэх нь одоог хүртэл тодорхой биш байна" хэмээн ажлын явцаа танилцуулсан юм. 

Уг барилгын зураг төслийг 2011 онд боловсруулахдаа халаалтыг уурын зуухаас авахаар шийдсэн байжээ. Харин талуудаас дулааны төвийн шугамд холбох санал гарч судалсан боловч бүтэлтэй зүйл болоогүй аж. Тиймээс сургуулийн ард байрдах уурын зуухыг өргөтгөж, шинэ байрны халаалалтыг шийдэхээр тогтож байгаа юм.

Гэвч сэрүүний улирал нэгэнт эхэлсэн энэ үед уурын зуухаа хэрхэн өргөтгөх талаар ямар ч хариулт алга. Энэ талаар гүйцэтгэгч компаниас тодруулахад БСШУСЯ-наас лавлах нь зөв гэсэн бол салбарын яам нь асуудлыг хэлэлцэж байгаа гэхээс өөрийг хэлсэнгүй. 

"Шинэ байрыг барьж дуусгахад тэрбум гаруй төгрөг шаардлагатай"

 

"Сэтгэмж" цогцолборын хичээлийн шинэ байрыг барихаар 2014 оны төсөвт 3.2 тэрбум төгрөгийн төсөвлөж байжээ. Энэ төсвийг эргэн харж, одоогийн ханшаар тооцоолох шаардлагатайг гүйцэтгэгч компанийнхан хэлж байв. Тэдний тооцоолж буйгаар уг барилга 4.5 тэрбум төгрөгийн өртгөөр босох аж. Тиймээс төсвөө нэмүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Улсын төсөвт нэмэлт хөрөнгө оруулалт тусгахын тулд магадлалаар орох ёстой боловч хугацаанд нь материалаа бүрдүүлж өгөөгүй тул төсөвт суугдах боломж бүрхэг байгаа талаар БСШУСЯ-ны Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Ч.Энх-Амгалан хэлж байв. Түүнчлэн тэрбээр БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр "Сэтгэмж" цогцолборын барилгыг түргэвчлэх чиглэл өгсөн гэлээ.

“Оноос өмнө ашиглалтад орохгүй бол дахин гурван ээлжээр хичээллэнэ”

Гурван ээлжээс гаргахын тулд МҮИС-ийн ангиудыг түрээслэх гэрээ нь энэ онд дуусгавар болно.

Тэгвэл тэр хугацаанаас өмнө шинэ байр нь ашиглалтад орохгүй бол яах вэ? Энэ асуултад тус сургуулийн захирал О.Мөнхтуяа "Дахин гурван ээлждээ орохоор байна. Манай сургуульд цайны газар байхгүй тул бага ангийн үдийн цайг хүргэлтээр авдаг. Биеийн тамирын заалгүй учир багш нар ойролцоох сургуулийн заал хэсэж хичээлээ орох гэх мэт өнөөх л хүнд байдал үргэлжилнэ.

Үүний дээр сургуульд зөвхөн л хичээл ороод байдаг юм биш. Хичээлээс гадуурх сургалт, лекц арга хэмжээг нийтэд нь зохион байгуулмаар байдаг ч бидэнд заал огт алга" хэмээн хариуллаа.

 

Нэг талаас гүйцэтгэгч компани төсвөө нэмүүлж байж бүрэн дуусгана гэхэд нөгөө талд БСШУСЯ-наас төсөвт суух магадлал бага гэдгийг хэлэв. Үүний зэрэгцээ халаалтаа ч шийдээгүй байгаа шинэ байр хэзээ ашиглалтад орохыг хэлж чадах хүн байсангүй.

Хаана, хаана нь хариултаа нэхсэн асуулт үлдэж, сурагч, багш нар шинэ байраа хүлээсээр ирэх оноо угтаж ч магадгүй нөхцөл үүсжээ. Гүйцэтгэгч компани нь гэрээгээр хүлээсэн үүргээ ухамсарлаж, салбарын яам нь аливаа шийдвэрээ цаг алдалгүй гаргаж байвал энэ мэт хүндрэл, удаашрал гарахгүй гэдгийг сургуулийн удирдлагууд хэллээ.