Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих шинэ хууль, журам өр төлөх хугацааг 1-2 жил сунгах боломж олгосон"

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Ирэх оноос хэрэгжих Татварын өр төлөх хугацааг хөнгөлөх журмын талаар ТЕГ-ын Татварын орлогын газрын ахлах байцаагч Т.Тамираас тодрууллаа.

- Шинэ хууль хэрэгжихтэй холбоотойгоор татварын өр хураах үйл ажиллагаанд орсон өөрчлөлт ямар онцлогтой вэ?

Татварын албаны зүгээс татварын өр хураах ажиллагаанд хэд хэдэн өөрчлөлт орсон. Нэгдүгээрт, татварын өр төлөх субъектын хувьд өөрчлөлт орсон. 

Тодруулбал, өртэй татвар төлөгчөөс гадна татвар төлөх үүрэгтэй хоёрдогч этгээд, мөн өв залгамжлагчаас татварын өрийг нэхэмжлэхэд заасан хугацаанд төлөөгүй тохилдолд татварын өрийг хураана.

Хоёрдугаарт, эрсдэлтэй нөхцөл байдал буюу татвар төлөгч татан буулгах шийдвэр гаргасан, Монгол Улсад оршин суух хаяггүй болсон, татвар төлөгч хууль бус үйлдлээр татвар төлөхөөс зугтах, эсхүл зугтахыг оролдох, татварын буцаан олголт авах, залилангийн шинжтэй үйлдлээр хөрөнгө шилжүүлэх, санаатайгаар дампуурах зэргээр татвараа төлөхгүй болох нь тодорхой болсон тохиолдолд өр хураах албадлагын үйл ажиллагаа эхлүүлнэ. 

Гуравдугаарт, татвар төлөх хугацаа сунгасан боловч энэ хугацаандаа татвараа төлөөгүй тохиолдолд өр хураах албадлагын үйл ажиллагаа эхлүүлнэ. 

-  Өр хураах үйл ажиллагаа нь хэрхэн явагдах вэ?

- Шинэ хуулиар гүйцэтгэлийн бие даасан эрх мэдлийг нэмэгдүүлсэн зохицуулалт үйлчлэхээр болсон. Өөрөөр хэлбэл, хугацаандаа төлөөгүй татварын өрийг хураах үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ хөрөнгө битүүмжлэх, битүүмжилсэн хөрөнгийг мөнгөн хэлбэрт шилжүүлэх буюу дуудлага худалдааг татварын алба зохион байгуулахаар хуульчлан журамласан.Татварын өр хураах ажиллагааг дараах дарааллын дагуу хэрэгжүүлнэ.

 Татварын алба хугацаандаа төлөөгүй татварын өрийг албадан хураахаасаа өмнө татвар төлөгчдөд татварын өр төлөхийг мэдэгдэх зорилгоор нэхэмжлэх хүргүүлэх, сануулах, анхааруулах зэрэг 2-3 удаа мэдэгдсэний дараа дараах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлнэ.

  1. Татварын өрийг мэдэгдэх, төлөхийг шаардах
  2. Татварын өрийг үл маргах журмаар гаргуулах
  3. Бэлэн мөнгө хураах
  4. Хөрөнгө болон авлага битүүмжлэх
  5. Битүүмжилсэн хөрөнгө хураах
  6. Битүүмжилсэн хөрөнгө мөнгөн хэлбэрт шилжүүлэх буюу дуудлага худалдаа
  7. Мөнгөн хэлбэрт шилжүүлсэн орлого хуваарилах – өр барагдуулах гэсэн процесс байна.

Татварын албанаас хэрэгжүүлэх өр хураах болон албадлагын үйл ажиллагаа бичил, жижиг, дунд, том бизнес эрхлэгчдэд адил тэгш хэрэгжинэ. Хэрвээ татвар төлөгч хүндэтгэн үзэх шалтгаантай бол өр барагдуулах хугацааг уртасгасан зохицуулалт орсон нь татвар хураах үйл ажиллагааны бас нэг онцлог юм.

- Татвар төлөгчийн татварын өр барагдуулах хугацааг сунгасан гэж байна. Хэр хугацаанд сунгасан бэ?

-  Одоогийн хуулиар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас татварын өрийг төлж чадахгүй бол татвар төлөх хугацааг 60 хүртэл хоногоор нэг удаа сунгаж болно гэж заасан нь татвар төлөгчдийн хувьд тун бага хугацаа байсан. 2020 оны Нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих шинэ хууль, журам өр төлөх хугацааг 1-2 жилээр сунгах боломж олгож байгаа.

- Татвар төлөгчийн хүндэтгэн үзэх ямар шалтгааныг харгалзан үзэх вэ?

-  Шинээр батлагдсан Татварын ерөнхий хуулийн 6.1.41-д заасан эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөн асрамжлах, нийтийг хамарсан дайчилгаанд хамрагдсан, гамшиг тохиолдох, татвар төлөгч үйл ажиллагаагаа зогсоосон, татвар төлөгчийн үйл ажиллагаанд гурван жил дараалан их хэмжээний алдагдал хүлээж, төлбөрийн чадвар муудсан зэрэг тохиолдлуудад татвар төлөх хугацааг нь 24 сар хүртэл хугацаагаар сунгаж уртасгасан.

Өөрөөр хэлбэл, татвар төлөгч харьяалах татварын албанд бичгээр хүсэлт гаргах бөгөөд хүсэлтэд хөрөнгийн байдал, санхүүгийн чадавхи зэрэг шалтгаанаа тодорхойлон хөнгөлөлтийн хугацаанд татварын өр төлөх хуваарийг гаргаснаар хугацааг сунгах зохицуулалт юм.

- Татварын өр төлөх хугацааны хөнгөлөлт үзүүлэх зарчмын талаар тодруулаач? 

- Татварын өр төлөх хугацааг хөнгөлсөн бол хөнгөлөлтийн хугацаанд тухайн татварын өрийг хураах албадлагын үйл ажиллагааг хэрэгжүүлэхгүй. Мөн татварын өр төлөх хугацааг хөнгөлсөн тохиолдолд хөнгөлөлтийн хугацаанд тооцох алдангийн 20 хувиар хөнгөлнө.

- 2019 оны хувьд ААН-үүдийн татварын өр төлөлт хэдэн хувьтай явж байна вэ?

- Татварын албан татвар хураах, өр барагдуулах үйл ажиллагаанд татвар төлөгчийн хууль хэрэгжүүлэх хандлагад суурилсан сегментийн бодлогыг хэрэгжүүлснээр 2019 оны аравдугаар сарын 31-ний байдлаар татварын өр дутуу төлөлтийн 81.7 хувийг хураан барагдуулан ажиллаж байна.