Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарыг АТГ-т шалгаж байгаа гэлээ

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 11 сарын 11
iKon.MN
Зураг зураг

АТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/2576290512447302/

АТГ-т шалгагдаж буй олны анхаарал татсан авлига, албан тушаалын гэмт хэргүүдийн талаарх мэдээллийг тус газрын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан Т.Баярхүү өглөө. 

Тэрбээр “Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд байсан С.Баярцогт нарын холбогдсон, Монгол Улсын сайд асан М.Энхсайханд холбогдох үйлдэл, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч байсан Э.Бат-Үүл нарын, Салхитын мөнгөний ордтой холбоотой шийдвэр гаргах явцдаа авлигын хэрэгт холбогдсон нэр бүхий зургаан шүүгчийн, Архивын ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан албан тушаалтан зэрэг 32 хүн холбогдсон Ховд аймагт хууль бусаар ашигт малтмал олборлосон хэрэг, ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг нарын, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарын, нарын, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал байсан Н.Мөнхбат нарт холбогдох хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн. 

Удаан хугацаанд шалгагдаж байгаа дээрх хэргүүдээс гадна сүүлийн үед гарсан авлига, албан тушаалын хэргүүдийг богино хугацаанд шалгаж дараагийн шатанд шилжүүлсэн. Тухайлбал, ЗТХ-ийн сайд асан Д.Ганбат болон тухайн яамны газрын дарга н.Доржханд нар холбогдох хэрэг, ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг, “ДЦС-2” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.Бямбаахүү нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг 1-2 сарын хугацаанд дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн.

Түүнчлэн манайд шалгагдаж байгаа Ерөнхий асан Ч.Сайханбилэг хилийн чанадад эмчилгээ хийлгэж байгаа тухайгаа албан ёсоор мэдэгдсэн. Мөн Салхитын мөнгөний ордтой холбоотой зургаан шүүгчийн хэргийг шалгаад прокурорын байгууллагад шилжүүлсэн. 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Эдгээрээс зургааг нь л Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэгт шалгаж байгаа. Бусад шүүгч нарыг өөр гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна” гэлээ. 

Тэрбээр дээрх мэдээллийг өгсний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-УИХ-ын гишүүн М, Х нар мөрийтэй тоглосон гэсэн. Энэ хэргийн талаар тодруулга өгөөч? 

-Зөрчлийн тухай хуулиар шийдэгдэнэ. АТГ-т ийм хэрэг шалгагдаагүй. 

-“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаад холбогдох хэргийг шалгах ажил ямар шатандаа байгаа вэ?  

- АТГ-ын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдан “Улаанбаатар төмөр зам” ХХН-ийн дарга Д.Жигжиднямааг шалгах ажил үргэлжилж байгаа. Түүнд холбогдох нийт 20 гаруй үйлдлийг шалгаж байгаа. Зөвхөн манай байгууллагаас үл хамааран бусад байгууллагатай хамтран ажиллах асуудал бий. Үүнээс шалтгаалан хэрэг шалгах ажил удааширч байгаа. 

-Бөхчүүдийн допингийн асуудлыг танай байгууллага шалгаж байгаа юу? 

-Бөхчүүдийн допинг хэрэглэсэн асуудал манайд шалгагдаж байгаа. Үндэсний баяр наадмын үндэсний бөхийн төрөлд тав болон түүнээс дээш давж шөвгөрсөн 16 бөхөөс сэргээшийн шинжилгээ авах ажлын хэсэгт ажиллаж байсан албан тушаалтнууд шинжилгээний сорьцыг өөрчлөх, итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний хариуг хууль бусаар өөрчилж , олон нийтэд худал мэдээлэл тараах замаар албаны эрх, эрх мэдлээ урвуулан ашиглаж, их хэмжээний хахууль авсан байж болзошгүй гэх асуудалд манай мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа.  Энэ асуудал дээр сүүлийн 10 жил буюу 2009-2019 оны хугацаанд шөвгөрсөн 109 хүнээс дахин шинжилгээ авч, Дэлхийн допингийн холбооны БНСУ дахь итгэмжлэгдсэн лабораторийн хариутай харьцуулан шалгах ажиллагаа хийгдэж байгаа. 

-УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн болон Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарыг АТГ-т шалгаж байгаа гэх мэдээлэл байсан. Энэ талаар тодруулахгүй юу? 

-УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнтэй холбоотой асуудалд хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд, шалгаж байгаа. Мөн Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбаттай холбоотой хэргийг шалгаж байгаа.