Иргэн Ц.Пүрэвдорж БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хошууч Б өөрт нь болон гэр бүлийг нь дарамталж, айлган сүрдүүлж байна хэмээн өнөөдөр хэвлэлд хандлаа.
Тэрбээр "Намайг аравдугаар сард ажил хэргийн уулзалттай явж байхад хоёр цагдаа баривчилж, цагдаагийн хэсэг дээр аваачаад залилан хийсэн хэмээн хэрэг тулгаж, хана руу харуулж зогсоох, өмнөө сөхрүүлж суулгах, хорино гэж сүрдүүлэх зэргээр дарамталж байна.
Би "Надад ямар хэрэг үүссэн байгаа юм бэ" гэхэд "Залилангаар эрүүгийн хэрэг үүсгэсэн" гэж хэлэхээс өөрөөр цаасан дээр үүссэн хэрэг танилцуулаагүй. Би Д гэдэг иргэнтэй бизнесийн хамтын ажиллагаанаас үүдэлтэй 2 сая төгрөгийн маргаантай байгаа. Гэтэл үүнийг залилан болгоод эрүүгийн хэрэг үүсгэсэн мэтээр намайг дарамталж байна. Үүсгэсэн мэтээр гэж хэлсний учир нь би БЗД-ийн прокурорт хандаж надад эрүүгийн хэрэг үүсгэсэн эсэхийг хоёр удаа лавласан. Мягмар, Баасан гарагт хоёр удаа лавлахад миний нэр дээр хэрэг үүсээгүй байсан. Мөн БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэрэг бүртгэгчээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн эсэхийг лавлахад "хувийн нууцтай холбоотой мэдээллийг өгөхгүй" гэсэн. Надад хэрэг үүсгэсэн эсэхийг лавлаж байхад юун хувийн нууц вэ. Тэгээд зогсохгүй миний бичиг баримтыг хураагаад авчихсан.
Бичиг баримт хурааж авангуутаа хамаатан садан, гэр бүлийнхнийг минь бүртгээд 70 настай ээж чинь, 5 настай хүүхэдтэй эхнэр чинь чиний араас явж хөөцөлдөхгүй. Чамайг хорино гэж дарамталж эхэлсэн. Эхнэрийг маань дуудаад "Нөхрийг чинь хорилоо. Хүүхдийн чинь ирээдүй сүйрлээ" гэж хэлсэн байгаа юм. Ээжийг хүртэл дуудсан байна лээ. Ер нь би хэрэгт холбогдсон байхад миний эхнэр, ээж, хүүхдэд ямар хамаатай гэж дарамталж байгаа юм бэ.
Эхлээд "Чи шоронд орохгүй гэж байгаа бол энэ дээр гарын үсэг зур" гээд хохирогч Д-д сарын дотор 6 сая төгрөг төлнө гэсэн агуулгатай бичигт гарын үсэг зуруулсан. Дараа нь Д-н ах иргэн С гэдэг хүн цагдаатай нийлж дарамталсаар байгаад тус бүр 6 сая төгрөг төлнө гэсэн дөрвөн бичигт гарын үсэг зуруулчихаад байгаа.
Мөн ажил хийх ямар ч нөхцөлгүй байна. Намайг өдөр бүр өглөө 09:00, өдөр 14:00, орой 18:00 цагт цагдаагийн хэлтэс дээр ир гээд байгаа.
Намайг хана руу харуулж зогсоосон, урдаа сөхрүүлж суулгасан, эхнэрийг маань дарамталсан үеийн дуу бичлэгийг би хийгээд авчихсан.
Ингээд эрүүгийн хэрэг үүсгээгүй байхад надтай хэдийн ялын тогтоол уншуулчихсан ялтан шиг харьцаад байгаа учраас би Нийслэлийн цагдаагийн газарт 70191212 утсаар гомдол гаргасан. Гомдлоо хэлээд хэдхэн минут болж байхад нөгөө цагдаа маань над руу залгаад "Чи өргөдлөө татаатах. Ирээд уулз" гэсэн. Яахаараа нийслэлийн цагдаа өргөдөл гомдол хүлээж авангуутаа шууд нөгөө цагдаад нь хэлчихдэг юм бэ. Үүнийг нь би бас баримтжуулаад ЦЕГ-т гомдол гаргачихсан" хэмээн ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!