Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

“Халал аргаар бэлдсэн хонины махыг Казахстан болон Ойрхи Дорнод руу экспортлох боломж бүрдлээ”

Г.Номин, iKon.mn
2019 оны 10 сарын 15
iKon.MN
Зураг зураг

БНКазУ-ын нийслэл Нур-Султан хотноо зохион байгуулагдаж буй “Монгол Казахстаны бизнес форум”-ын үеэр 200 сая ам.доллар орчмын дүнтэй найман хамтын ажиллагааны гэрээ, санамж бичиг байгуулагдсан. Үүнээс онцлон танилцуулах нэг салбар нь хөдөө аж ахуй, мах бэлтгэлийн талаар байв.

Хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан “Хүнсний салбарт ялангуяа мах, махан бүтээгдэхүүний экспортод томоохон үүд, хаалга нээгдэж байна.

Дан адууны мах гэлтгүй цаашид хонь, үхрийн махаа боловсруулан, Казахстанаар дамжуулан Ойрхи Дорнод руу гаргах боломж бүрдэж байна. Мөн зүүн урагш маш том зах зээл бий.

Казахстан улс найман сая үхэртэй дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангадаг. Цаашид экспортлох асуудал яригдаж байгаа. Мөн 18 сая хоньтой ч өөрийнхөө хэрэгцээг бүрэн хангаж чаддаггүй. Манай улс дөрвөн сая үхэр, 30 сая хоньтой. Иймд бие биеэ харилцан нөхөж ажиллах маш том боломж байгаа. Энэ хэрээр манай хоёр улс хамтарч ажилласнаар гуравдагч зах зээл рүү гарах боломж бүрдэнэ.

Казахстан улс ДЭМБ-аас тавьдаг вакцингүй эрүүл бүс болох шаардлагыг хангахад томоохон алхам хийсэн. Тухайлбал, 14 мужийнх нь  ес нь вакцингүй эрүүл бүсээр дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн. Манай улс вакцингүй бүсийг баруун аймгуудын түвшинд бий болгохоор ажиллаж байна. Үүнийгээ 2021 онд зарлахаар төлөвлөж байгаа. Мөн хонины махыг хэрэглэгчдийн хүсдэг халал аргаар бэлдэж, Казахстан болон Ойрхи дорнод руу гаргахаар бэлдэж байна.

Түүнчлэн газар тарилангийн чиглэлд манай хоёр улс хамтран ажиллахаар Эрдэм шинжилгээний байгууллагууд хооронд гэрээ, хэлэлцээр хийлээ” гэв.

“Халал маханд сэртификатжуулалт хийх ажиллагааг өрнүүлж байна”

Бүгд Найрамдах Казахстан Улсын гадаад худалдааны танхимын Удирдлагын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Н.Алимович "Монгол, Казахстан улс хоорондын нийт худалдааны эргэлт 35.7 сая ам.доллар байна. Энэ үзүүлэлт хоёр улс хоорондын бизнесийн боломжийг бүрэн дүүрэн ашиглаагүй гэдгийг харуулж буй. Миний хувьд цаашид хоёр улсын худалдааны харилцааг хөгжүүлэх боломж илүү байгаа гэж ойлгож байна.

Хоёр орны худалдаа аж үйлдвэрийн танхим талуудын эдийн засгийн харилцааг өргөжүүлэх талаар олон ажил хийсэн. Үүнээс улбаалан хоёр улсын хоорондын нислэгийг ойртуулах ажиллагаа хийгдсэн. Нур-Султанаас Улаанбаатарын чиглэлд нислэг хийгдэж байна. Одоо Алматы-Улаанбаатарын чиглэлд нислэг хийхээр яриа хэлэлцээ явагдаж байна.

Хөдөө аж ахуйн салбарын хувьд томоохон санамж бичгүүд зурагдлаа. Казахстан улс руу махны импорт нэлээн явагддаг. Хоёр орны хувьд мах экспортлох тал дээр том боломж бий гэж ойлгож байгаа. Энэ боломжийг түлхүү ашигламаар байна. Талуудын худалдаа аж үйлдвэрийн танхим халал маханд сэртификатжуулалт хийх ажиллагааг өрнүүлж байна" гэлээ.