Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

Трамп-Кимийн уулзалтын дараа хоёр Солонгосын хил дээгүүр “UFO” ниссэн нь үнэндээ сүрэг шувуу байжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт АНУ-Умард Солонгосын удирдагчид хоёр Солонгосын хил дээр түүхэн уулзалт хийсэн билээ. Тэгвэл энэ үйл явдлын маргааш нь хоёр улсыг зааглаж байдаг DMZ (Цэрэггүй бүс)-ийг даван хойноос урд зүгт ямар нэг “үл таних нисдэг биет” явж байгааг Өмнөд Солонгосын армийн радар илрүүлжээ.

Саяхан Умард Солонгосын загасчдын завийг мэдэлгүй Өмнөд Солонгосын боомтод нэвтрүүлсэн хэмээн шүүмжлүүлж байсан армийнхан энэ удаа асуудалд нухацтай хандаж, үл мэдэгдэх нисдэг биет рүү сөнөөгч онгоцнуудыг угтуулан нисгэсэн байна.

Үүнтэй зэрэгцэн Өмнөдийн хэвлэлүүд уг биетийг Умард Солонгосын нисдэг тэрэг байж болзошгүй тухай мэдээлж байв.

Гэтэл сөнөөгч онгоцны нисгэгчид нууцлаг нисдэг биет нь үнэн хэрэгтээ бөөндөө нисэж байсан 20 орчим шувуу болохыг олж тогтоожээ.

1950-1953 оны хооронд үргэлжилсэн Солонгосын дайны дараа хоёр улс цэрэг, зэвсгийн өндөр хамгаалалттай хилийн шугамыг 38 дугаар өргөрөгийн дагуу тогтоосон байдаг.

Саяхныг болтол Умард ба Өмнөд Солонгосын талаас үе үе буудалцдаг байсан бол сүүлийн жил гаруй хугацаанд харилцаа сайжирснаар зөрчил гарахаа болиод байгаа юм.

 

Эх сурвалж: Associated Press