Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

Японы тэрбумтан Таками Юүичи Монголын технологийн хоёр дахь компанидаа хөрөнгө оруулалт хийлээ

Б.Ану
2018 оны 12 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Байгууллагын утасны дугаар нь тухайн компанийг төлөөлдөг маш чухал зүйл. Харин олон хэрэглэгчийн утасны дуудлагад бүгдийг алдалгүй хариулж, 24 цагийн турш мэдээлэл өгч, тайлан боловсруулах боломжийг КоллПро үйлчилгээ олгодог билээ. 

Одоогоор тус компани 19 салбарын 400 гаруй бизнесийн хамтрагчид дуудлагын төвийн автоматжуулалтын үйлчилгээ үзүүлж байна. 

2014 онд байгуулсан тус компанийн хувь эзэмшилд өөрчлөлт орж Японы тэрбумтан Таками Юүичи хөрөнгө оруулалт хийх болсон тухай мэдээлэл гарсан юм. 

Таками Юүичи нь Монголын АНД глобал буюу бидний сайн мэдэх ЛэндМН ББСБ-ийн толгой компанид хоёр ч удаа хөрөнгө оруулалт хийж байсан туршлагатай. 

КоллПро компанийн хувьцаа эзэмшигчдэд UB Comedy, Faro сургалтын төв болон гарааны бизнесүүдэд зориулсан олон төсөл хөтөлбөрүүдийг санаачилсан  Б.Идэр-Од,  Жи-Мобайл, МЦХ компаниудад технологийн чиглэлээр 10 гаруй жил ажилласан туршлагатай  Г.Тулга нар байдаг ба тэд ийнхүү шинэ хувьцаа эзэмшигчтэй болж шинэ хөрөнгө оруулалтыг Японоос амжилттай татаж чаджээ. 

Хөрөнгө оруулалт хийх үеэр КоллПро компанийн үнэлгээг 1.1 сая доллараар үнэлсэн байна. КоллПро компанийн хувьцаа эзэмшигчдийн хэлж буйгаар Монголын старт-ап компаниудад ямар боломж байгааг харуулсан сайхан үйл явдал боллоо гэж онцолж байв. 

КоллПро компанийн хувьд 2010 оноос уламжлалт суурин харилцаа холбооны програм хангамжийг хөгжүүлж Монголын хэд хэдэн банкнуудад колл центрийн буюу дуудлагын төвийн бүтээгдэхүүнийг амжилттай нэвтрүүлсэн. Энэ бүтээгдэхүүн үйлчилгээгээ хөгжүүлэх, нэвтрүүлэхэд зардал өндөртэй байсан учраас үүлэн тооцоололд шилжүүлснээр 2014 онд КоллПро компани мэндэлж байжээ. 

КоллПро компани одоогоор цөөн хэрэглэгчтэйгээр Японы зах зээлд нэвтрээд байгаа бөгөөд энэ үйл ажиллагаа цааш өргөжих боломжтой талаар компанийнхан мэдээлж байна.