Гишүүдийн хэлсэн үгнээс онцлох хэсгүүдийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү "С.Жавхлангийн хэлснээр та нар сайхан ангалз, зодолд. Бид олон юмыг мэдэж авлаа. У.Хүрэлсүх сайдыг би ах шигээ санадаг. Надтай л адилхан жолоочийн хүүхэд, гал дундуур гарч ирсэн хүн. Гэтэл төрийн ажлын хажуугаар, намын ажлаа хийгээд болдоггүй ээ. Тийм болохоор ахыгаа олон ажилтай байгаа бол Засгийн газраа өгөөд намын ажилдаа орчих гэж хэлмээр байна. Одоо хошин шогоо болиоч. 2020 онд та нарыг ард түмэн угаасаа солино. Харин манай нам гарч ирнэ" гэлээ.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар "Ямар ч юман дээр шударга ёс байхгүй байна. Тиймээс ард түмэн бухимдаж байгаа. Би ард түмэн энэ хэрүүлийг үл тоогоосой, битгий үзээсэй гэж хүсэж байна. Өөрсдийгөө их хурал, төр гэж ярьж, чанга чанга орилж байгаа хүмүүс олон нүүр царайтай гэдгийг өнгөрсөн 2.5 жилийн хугацаанд ойлголоо. Засгийн газрыг тогтвортой байхыг дэмжих ёстой. Засгийн газар уналаа гээд хэн ч хожихгүй, ард түмэнд ямар ч ашиггүй" гэв.
УИХ-ын гишүүн Л.Болд "Тав дахь удаагаа УИХ-д сууж байгаа учраас надад УИХ-уудыг харьцуулах боломж байна. Би энэ хуралд орж ирэхдээ айж байсан. Удирдагчид нь би 65 суудал авчирлаа гээд л түүнийг нь гишүүд ч, ард түмэн ч энгийн мэт хүлээж авсан.
Өнгөрсөн хугацаанд олон Засгийн газар огцроход МАН 100 хувь санал өгч огцруулдаг байсан. Харин өнөөдөр энэ нам хоёр хэсэг болж, аль нь зөв бэ гэх шударга ёсны тэмцэл явж байна. Би баярлаж байна. Өнөөдөр Ерөнхий сайдын амлалтыг сонсоод дэмжье гэж бодлоо. Ерөнхий сайд энэ танхимд амласан амлалтаа биелүүлвэл би хоёр гаргаа өргөөд дэмжинэ" гэлээ.
ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫГ ЭНД ДАРЖ ШУУД ҮЗНЭ ҮҮ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!