Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

М.Билэгт: Монгол Улс нүүрсээ зарж байгаа нь наймаа биш гэж үү?

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар үг хэлж буй гишүүдийн саналыг дамжуулсаар байна. 

УИХ-ын гишүүн М.Билэгт "Нэг жилийн өмнө Ерөнхий сайд өөрийн шадар сайдаар ажиллаж байсан Засгийн газраа унагаагаад ард түмний хүсэн хүлээж байсан үгийг хэлж байв.

Монголын төр ард түмний итгэлийг алдах хүртэл явсан бүх үйл явцыг та мэдэж байсан. Та "Манай Засгийн газраас битгий хууль бус юм шаардаарай. Би амиа алдахаас айхгүй" гэж хэлж байсан. Үргэлжлүүлэн та намынхныхаа итгэлийг хүлээж, намын дарга болсон. Ингээд та хариуцлагаа тооцож эхлүүлэх байсан юм. Гэтэл төрийн өндөр албан тушаалтнууд ард түмний мөнгөнөөс хулгайлсан хүмүүст хариуцлага тооцохгүй байгаа учраас бидний дунд зөрчил гарлаа. 

Ард иргэд амьжиргаагаа залгуулах гэж өндөр хүүтэй зээлэнд нуруугаа авахуулж байхад Засгийн газрын танхимд байгаа сайд нар ЖДҮХС-гаас зээл авсан хүмүүстэйгээ хариуцлага тооцооч л гэсэн. Ийм шаардлагын хариуд "хууль, шүүхийн байгууллагаар тогтоогдоогүй бол хэн нэгнийг буруутай гэхгүй" гээд байх юм. Та ёс зүйн хариуцлага тооцох ёстой байсан юм.

Дээрээс нь та хүмүүст хамгийн муугаар хариулахдаа "муу наймаачин, наймаачин" гэдэг. Монгол Улс нүүрсээ зарж байгаа нь наймаа биш гэж үү? Цаашид залууст наймаачин болж болохгүй, төрийн албан хаагч болох ёстой гэсэн ойлголт өгөөд байна" гэлээ. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Шударга ёсыг тогтоохын төлөө нэг жилийн өмнө хэлсэн үгээ хэрэгжүүлэхийн төлөө энд сууж байна.

Түүнээс биш хэдэн хүнийг хамгаалах гэж байгаа юм биш. Би Засгийн газрын гишүүнтэй хариуцлага тооцсоор л ирсэн. Цаашдаа ч тооцно. Харин тооцох юм хийхээр битгий ингэж эсэргүүц. Нөгөө талаар би дарангуйлагч биш. Харин шударга ёсыг тогтоохын төлөө бол бүхнийг хийнэ.

Монгол Улсыг парламентын засаглал цааш авч явна. Харин үүнийг шинэчлэх ёстой. Сонгуулийн хуулиа эргэж харах ёстой. Үе үеийн Засгийн газар алдсан зүйл ч бий, оносон зүйл ч бий. Шударгаар өмч хөрөнгөтэй болсон, улсдаа татвар төлж буй бизнес эрхлэгчдээ би байнга дэмжинэ.

Харин газрын доорх баялгийг авсан, ард түмний мөнгийг хулгайлсан хүмүүстэй тэмцэнэ. Тиймээс цаашид ч шударга ёсны төлөө тэмцэнэ. Улам чанга байна. Улам хатуу байна" гэв.

 

ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫГ ЭНД ДАРЖ ШУУД ҮЗНЭ ҮҮ.