Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

У.Хүрэлсүх: Нам дамжсан бүлэглэлийг нураахын төлөө чанга дуугарч байна

С.Бадрал, iKon.mn
2018 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар үг хэлж буй гишүүдийн саналыг дамжуулсаар байна. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Бүгдээрээ Улаанбаатарын утаатай ч тэмцэнэ. Шударга бусын утаатай ч тэмцэх гээд үзээд байгаа. МАН-ын 65-ыг би хагаралдуулсан юм байхгүй. Шударга бустай тэмцэхээр хагарч байгаа юм. МАН-ын их хурлаар сонгогдсон даргын хувьд жирийн гишүүд надад ганц юмыг л захиж байгаа. Намаа авраарай, МАНАН-гийн бүлэглэлтэй тэмцээрэй, шударга ёсыг тогтоож, хууль бусаар баяжсан олигархуудтай амь насаа үл хайхран тэмцээрэй гэж л захисан. Энэ захиасыг л биелүүлэх гэж байна. 

Би ганц юмнаас л айж байгаа. Ард түмэн итгэл алдах вий гэхээс айж байгаа. Тийм ч учраас сүүлийн хэдэн жилд болоогүй чуулганы хуралдаан болж байх шиг байна. Нам дамжсан бүлэглэлийг задлах, шударга бусын хонгилыг эвдэх, олон жилийн угшилтай пирамидыг эвдэх гэж хичээж байна. Хоёр, гуравхан тоосго сугалахад л Засгийн газар унах асуудал босож ирж байна

Ард түмэн намайг дэмжиж байгааг би бие сэтгэлээрээ мэдэрч байгаа. Ганцхан өдөрт 2,500 мессеж ирж байна. Энэ парламентыг шударга байгаасай гэж бодож байгаа. Харин ч намайг та бүхэн уухайлан дэмжих ёстой. Цөмөөрөө нэг зүг рүү харж алхъя. Болохгүй зүйлээ засъя. Тиймээс л төрөө цэвэрлье гээд байна. 

Би хилээ ч манаж явсан хүн. Эх орон ямар үнэ цэнтэй гэдгийг арми надад цусаар, хөлсөөр, нулимсаар ойлгуулсан. Тийм учраас би зориг гаргаж энд сууж байгаа юм. Нам дамжсан бүлэглэлийг нураахын төлөө чанга дуугарч байгаа юм. Түүнээс биш би хэн нэгнийг доромжлоогүй" гэлээ. 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "Чи яахав, би ч яахав гэдэг шиг юм болоод байна. Бид эзэн Чингис хаанаар бахархаад л байдаг. Чингис хаан дэлхийг эзлэхдээ уучилж, бас хариуцлага тооцож манлайлсан. Шударга ёс, хариуцлага гээд яриад л байна. Дайснаа хүртэл өршөөж болж байхад намын дарга өөрт нь үг хэлэхээр л өрвөлзөөд байх юм. Би чуулганд орж ирээд Ерөнхий сайдын "Ард түмэнтэйгээ босно, шүдгүй арслан" энэ тэр гээд яриад байхаар үүнээс илүү ямар эрх мэдэл, юу хүсээд байгааг нь ойлгохгүй байна. 

Намд зааг ялгаа гараад байна. Уг нь эвлэлдэн нийлүүлэх ёстой. Үүн дээр бодож, ухаараач ээ гэж янз янзаар хэлэх гэж оролдоод байна. 60 тэрбумын асуудал болон Ерөнхий сайдын хэрэгт аль алинд нь хариуцлага тооцмоор байгаа юм. Хүрэлсүх сайд үлдэж болно. Үлдэхгүй байж болно. Ер нь заналхийлэлгүйгээр хүртээмжтэй эдийн засгийг хөгжүүлэх ёстой. Ерөнхий сайд хуртээмжийн талаар биш, "шударга үнэн, цавчаад өгнө, шаагаад өгнө" гээд байх юм. Буруу зөрүү байсан ч гэсэн ална, хядна, цэвэрлэнэ гээд байх юм" гэв.

 

ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫГ ЭНД ДАРЖ ШУУД ҮЗНЭ ҮҮ.