Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

А.Ундраа: Хувийн хөрөнгөнд дарангуйллын шинж чанараар хандах нь зүй бус

ikon.mn
2018 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна. 

Энэ үеэрх гишүүдийн асуулт болон саналыг хүргэж байна. 

УИХ-ын гишүүн А.Ундраа "Ардчиллын үнэт зүйл бол эрх чөлөө. Манай МАН-ын хувьд ч, иргэд, хууль тогтоогч бидний хувьд үзэл бодлоо илэрхийлэх, үгээ хэлэх эрх Үндсэн хуулиар олгогдсон. Үг хэлэх эрхийг хааж хязгаарлах нь ажлыг гацааж, дарангуйлах шинжтэй болдог. Тиймээс би аливаа дарангуйллыг эсэргүүцэж байна. 

УИХ-ын гишүүн Гантулгыг чөлөөлж явуулахад хүчингийн хэрэг хийсэн байж болзошгүй тул гишүүнийх нь эрхээс түдгэлзүүлээд шалгуулах байр суурийг эмэгтэй гишүүд илэрхийлснийхээ төлөө бид маш их дарамтанд орсон. Та ч бас биднийг загнаж, дарамталсан. Гэтэл сая Гантулга гишүүний талаар дахиад хүчин хийхийг оролдсон тухай мэдээлэл хэвлэлээр гарлаа. Үүнийг хараад эмэгтэй гишүүдийн байр суурь зөв байжээ гэж би харж байна. Та эмэгтэй гишүүдийн өмнөөс харамсаж байна уу?

ЖДҮХС-тай холбоотойгоор хувийн хэвшил рүү дайрах хандлага гарч байна. МҮХАҮТ, Улаанбаатарын худалдааны танхимаас санал гаргасан байсан. Татварын баазыг бүрдүүлж буй бизнесийнхэн эмзэглэж байгаагаа илэрхийлээд ЖДҮХС-г өөрсдийн оролцоотойгоор шалгах саналаа дайсан байсан. Та уншсан уу? Та чуулганы танхимаас хэд хэдэн бизнесийн нэр цохож, хувийн хөрөнгө рүү дайрлаа. Энэ зөв үү? Дарангуйллын шинж чанараар хандах нь зүй бус гэж бодож байна" гэв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Гантулгын хувьд асуудал нэлээн явсан. Тэр хүний буруутай үгүйг шүүх шийдэх байх. Би уулзсан. "Миний дүү алдаа гаргасан юм шиг байна. Ёс зүйн хариуцлага хүлээх ёстой. Өргөдлөө өг" гэсэн. Тэр залуу өргөдлөө өгөөд бүрэн эрхээсээ татгалзаад явсан даа. Тэр залуу үнэхээр тийм юм хийсэн юм уу үгүй юу мэдэхгүй. 

Хоёрдугаарт, би шударгаар бизнес хийж байгаа ААН-үүдээ хайрлана, дэмжинэ.  Монгол Улсад шударгаар бизнес хийж байгаа хүмүүсээ дэмжих ёстой, дэмжих ч болно. 

Би тэдэнд "Та бүхэнд шударга бус зүйл тохиолдвол хэлээрэй. Би шударга ёсны сэлмээр цавчаад өгье" гэж хэлж байгаа.

Монголд автобус үйлдвэрлэж байна. Улаанбаатарт явах 1,000 автобусыг инженер залуучууд хийх бүрэн боломж байна. Гэтэл гаднаас автобус авах гэж байгаа. Үүний цаана эрх мэдэлтнүүд байгаа. Би үүнийг эсэргүүцэж байна. Миний дэмжиж байгаа зүйл бол хууль бусаар хөлжсөн МАНАН бүлэглэлийн сүлжээ пирамидыг нураах явдал. Өнөөдөр тэр хүмүүс ЗГ унагаах гээд сууж байна" гэв.

 

ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫГ ЭНД ДАРЖ ШУУД ҮЗНЭ ҮҮ.