УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж гишүүд үг хэлж, асуулт асууж байна.
Энэ үеэр Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат "Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгч та нарын үгийг олон улс анхааралтай сонсож байдаг. Та бүхэн үгээ анхааралтай ярьж, хэлж байх хэрэгтэй.
Өнөөдөр бид улс орныхоо эрх ашгийг бодох ёстой юм уу, эсвэл өнөөдрийн хэрүүлд хэн дийлэх вэ гэдгээ бодох ёстой юм уу.
Ерөнхий сайд аа, таны огцрох асуудал яригдаж байгаа. Хэрэв та огцрохгүй үлдвэл Сангийн сайдаа соль. Сангийн сайдаас би ичиж байна. Төрийн сангийн мөнгөө хав дарж суучихаад эргэлтэд оруулахгүй байгаа нь буруу.
Сангийн сайд та энэ Ерөнхий сайдаа зөв эдийн засгийн мэдлэгээр хангахгүй байгаа учраас улс орны эдийн засаг сэргэхгүй. Валютын ханш өсөж, шатахууны үнэ өсөөд байна.
Эрдэнэбатын Засгийн газар шатахууны үнээ, валютын ханшаа барьж чадаж байсан шүү" гэж хэлэв.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Би Сангийн сайдаар томилогдож очиход төрийн мөнгө руүү арилжааны банкууд дайраад орчихсон байсан. Үүнийг таслан зогсоосон. Одоо бүх арилжааны банкууд төрийн мөнгөнөөс савраа татсан. Энэ агуулгаар нь бидэн рүү дайрч байна. Сангийн сайдаар сууж байгаа үедээ би хулгайчдыг төрийн мөнгө рүү оруулахгүй шүү" гэсэн юм.
Чуулганы хуралдааныг ЭНД дарж шууд үзэх боломжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!