УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна. Чуулганы хуралдаанд Ерөнхий сайд оролцож, гишүүдийн асуултад хариулж байна.
Асуулт хариулт болон гишүүдийн хэлсэн үгээс онцлон хүргэж байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Албан тушаалаа ашиглаад өөртөө давуу байдал олгосон гишүүд, өргөн барьсан төсөвт нь хориг тавьчихаад байхад үл тоож байгаа Сангийн сайдад, БОАЖ-ын сайдад, шатахууны үнэ өсөөд байхад арга хэмжээ аваагүй. Хариуцлага тооцох сайдууд таны кабинетад байгаа юу Ерөнхий сайд аа. Та хариуцлага тооцохгүй бол танд бид хариуцлага тооцох гэж байна. Та энд тодорхой хариулт өгөөч?
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Хариуцлагын тухай асуудал ярьж байгаатай санал нэг байгаа. Ерөнхий сайд нэлээдгүй олон хүнтэй хариуцлага тооцсон. Хоёр сайдтай хариуцлага тооцсон.
Дээр нь улс төрийн хариуцлага тооцох асуудал бий. Цаашид хариуцлагыг чангатгана. ЖДҮ гэж сайн юм азаар гарч ирлээ. Энэ бол том завшаан. Миний кабинетад хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа хүмүүс бий. Гэм буруутай нь тогтоогдвол би хариуцлага тооцно.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Таныг хариуцлага тоохох үед тэр сайдууд чинь шоронд орчихсон байна. Төрийн хариуцлага хуулийн хариуцлага болчихсон байна. Та хотын даргыг утаатай тэмцээгүй гээд халчихсан. Гэтэл яг энэ утааны асуудлыг хариуцдаг сайдтайгаа яагаад хариуцлага тооцохгүй байгаа юм бэ?
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Шатахуун, валютын ханшийг ямар ч Ерөнхий сайд зохицуулж чадахгүй үе гэж байна. О.Баасанхүү гишүүн та ч миний оронд байсан бол энэ асуудлуудыг зохицуулж чадахгүй.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан үг хэлэхдээ "АН-ын гишүүн бүр шударга ёсны өмнө зогсох ёстой гэж би бодддог.
Монголын төрийн идээ бээрийг шахна гэж хэлж байгаа нь надад таалагдаж байгаа. Ийм учраас би дэмжих талдаа байгаа. Мөлжлөгийг зогсоох цаг ирсэн. Үүнийг Хүрэлсүхийн Засгийн газар хийж чадна.
Хууль хяналтын байгууллагыг мафийн гараас гаргаж өгөөчээ гэж таниас хүсмээр байна.
3 сая Монгол таныг дэмжиж байгаа гэдэгт би итгэлтэй байгаа. Монгол ялаасай. Монголчууд ялна гэдэгт би итгэлтэй байгаа.
Өнөөдөр 30 гэр бүл ялах уу, гурван сая Монгол ялах уу гэдгийг харах цаг болж" гэв.
Чуулганы хуралдааныг ЭНД дарж шууд хүлээн авах үзэх боломжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!