Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Болдмаа: В,С вирустэй эсэхээ мэдэхгүй бол харьяа эмнэлэг дээрээ илрүүлэг шинжилгээнд хамрагдах ёстой

А.Намуун, iKon.mn
2018 оны 8 сарын 16
СОНГДО зөвлөж байна
Зураг зураг

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд орон даяар элэгний В, С вирус илрүүлэх, тоолох шинжилгээг үе шаттай хийж байгаа. Эхний ээлжид эрүүл мэндийн даатгалаар илрүүлэг шинжилгээг хийж, С вирусийн ачаалал тоолох шинжилгээг иргэдэд үнэгүй хийсэн. Одоогоор С вирус тоолох шинжилгээ үргэлжилж, В вирусийн тоолох шинжилгээг эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүйгээр сонгогдсон лабораториуд хийж эхлээд байна.

Тиймээс бид энэ удаа В,С вирусийг тоолох шинжилгээг үнэгүй хийж буй лабораториудаас Сонгдо эмнэлгийг сонгож хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгаа талаар тус эмнэлгийн  эпидемиологич эмч Г.Болдмаатай ярилцлаа.

-Танай эмнэлэг бусад В,С вирус тоолж буй эмнэлгүүдээс ямар ялгаа, давуу талтай байгаа вэ?

-Манай Сонгдо эмнэлэг анх 2017 оны зургаадугаар сараас "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, ажиллаад С вирусийг эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй тоолсон. Энэ хугацаанд 7,000 гаруй хүмүүсийг тоолсон байна. 

Бид нийгмийн хариуцлагын хүрээнд хөтөлбөр санаачлан хэрэгжүүлж ажилласан. Тухайлбал, "3,000 цагдаа" хөтөлбөр зохион байгуулж В, С вирусийг өөрийн эмнэлгийн зардлаар илрүүлж, тоолж, эмчилгээнд хамруулж, хяналтад аваад байгаа.

Мөн манайд В, С вирус тоолуулсан хүмүүсийн 80 хувь нь эмчилгээндээ хамрагдаад хяналтандаа явж байгаа. Бусад лабораториудад вирусээ тоолуулсан даатгуулагчид хариугаа аваад өөр эмнэлэг юм уу, аймаг дүүргийн эмнэлэг дээрээ хяналтад ордог. Зарим нь огт хяналтад ороогүй, хариугаа ч уншуулаагүй, яахаа мэдэхгүй байж байдаг.

Харин манайх эрүүл мэндийн даатгалын эрх бүхий дотрын 5 эмчтэй. Тэд бүгдээрээ элэгний нарийн мэргэжлийн эмчилгээг үзүүлж, С вирусийн эмийг эрүүл мэндийн даатгалаар үнэгүй бичиж байгаа. Тиймээс эмч нар маань өвчтөний эмчилгээг тогтмол хяналтандаа байлгаж, цогц үйлчилгээг үзүүлдгээрээ бусад вирус тоолж буй лабораториудаас онцлогтой байгаа.

Мөн манай УБ Сонгдо эмнэлэг 2007 оноос хойш одоог хүртэл тасралтгүй 11 жилийн турш элэгний В, С вирус тоолсон туршлагатай, чадварлаг лабораторийн эмч, мэргэжилтнүүдтэй.  В, С вирусийг бүрэн автоматаар тоолж байгаагаараа мөн онцлогтой.

-В вирусыг саяхнаас тоолж эхэлсэн. Одоогоор хэр их хүн хамрагдсан байна вэ?

-Энэ оны зургаадугаар сараас эхлэн В вирусийг манай эмнэлэг тоолж эхэлсэн. Одоогоор 500 гаруй хүний В вирусийг тоолоод байна. В вирусийн хувьд ч адил бид зөвхөн тоолоод зогсоогүй, эмчилгээнд хамруулж, хяналтандаа авч цогц эмчилгээг үзүүлж байгаа. Удахгүй В вирусийн эсрэг эмүүд даатгалаар 100 хувь үнэгүй болно гэж найдаж байгаа. 

-В,С вирусийг тоолуулахаас өмнө хаана хандах ёстой вэ? 

-Эрүүл мэндийн даатгалын шинэ программ 2018 оны наймдугаар сард гарсантай холбогдуулан В,С вирусийн ачаалал тоолуулах шаардлагатай хүмүүс эхлээд заавал өрхийн эмнэлэг дээрээ очиж бүртгүүлэх шаардлагатай.  Харин В,С вирустэй эсэхээ мэдэхгүй байгаа бол харьяа сум болон өрхийн эмнэлэг дээрээ очиж илрүүлэг шинжилгээнд хамрагдах ёстой. Ингэснээр илэрсэн вирусээ даатгалаар үнэгүй тоолуулах боломжтой юм.

Хэрэв албан байгууллага, аж ахуйн нэгж хамт олноороо В,С вирусээ тоолуулах хүсэлтэй байгаа бол манайд санал хүсэлт гарган маркетингийн албатай холбогдож болно. Ингэснээр бид үнэ төлбөргүйгээр элэгний эмчийн үзлэгт хамруулж, эмчилгээ, хяналтыг хийж өгөх юм. 

-Иргэд В,С вирус тоолуулах шинжилгээндээ хамрагдсаны дараа цаашид яах ёстой вэ?

-Тоолох шинжилгээнд хамрагдсан хүнээ бид долоо хоногийн дараа хариугаа авахыг зөвлөдөг.  Хариугаа авах гээд ирэхэд нь бид өөрсдийн эмчилгээ, үйлчилгээг санал болгодог, Эсвэл аймаг, дүүрэг, харьяа газрынхаа эмнэлгийн эмчийн хяналтад байхыг зөвлөдөг. 

Ингээд эмчилгээ эхэлсэн тохиолдолд эмч дээрээ сар болгон ирж үзүүлж, дараагийнхаа эмэнд хамрагдана. Эмээ ууж дууссаны дараа дахин давтан шинжилгээнд орно. Ингээд шинжилгээний хариу сайн гарвал дахиад тодорхой хугацааны дараа ирэхийг зөвлөдөг. Хэрэв хариу төдийлөн сайн гараагүй бол дараагийн эмчилгээний стандартыг мөрдөнө. 

-Элэг бүтэн Монгол хөтөлбөр хэрэгжээд бараг л 2 жил боллоо. Үр дүн нь хэр  харагдаж байна вэ?

лэг бүтэн Монгол хөтөлбөр хэрэгжсэнээс хойш С вирусийн оношилгоо, эмчилгээ маш сайн явагдаж байгаа. С вирусийн эм үр дүнгээ өгч олон хүн идэвхжилгүй болж байна. В вирусийн эмчилгээ ч мөн сайн явагдаж байгаа.  

Уг хөтөлбөрийн хүрээнд хүмүүс В, С вирусийн халдварыг харьцангуй эрт илрүүлж, эрт арга хэмжээ авч байна. Тиймээс элэг бүтэн Монгол хөтөлбөр маш үр дүнтэй байгаа.

-В,С вирусийн шалтгаан нь юутай холбоотой байна?

-В,С вирус нь цусаар болон эхээс урагт, мөн бэлгийн замаар дамжиж халдварладаг. Түүнчлэн гоо сайхны салон, эмнэлгүүдэд нэг удаагийн бус хэрэгслийг  хэрэглэсэн тохиолдолд халдварлах боломжтой. Тиймээс  эмнэлэг, гоо сайхны үйлчилгээ авахдаа нэг удаагийн бус хэрэгсэл хэрэглэж байгаа эсэхийг сайн анхаарах хэрэгтэй. Ялангуяа шивээс, маникюрын багаж хэрэгслээр дамжих эрсдэлтэй. 

Мөн сахлын хутга, шүдний сойз гэх мэт ахуйн эд зүйлсээ хэн нэгэнтэй сольж хэрэглэж болохгүй.

-Тэгвэл вирусийн халдварт өртөхгүйн тулд, мөн гэр бүлийн бусад гишүүддээ В, С вирусийн халдвар тараахгүйн тулд  яах ёстой вэ?

  •  В,С вирусээс урьдчилан сэргийлэхийн тулд хамгийн түрүүнд шаардлагагүй тариа огт хийлгэхгүй байх хэрэгтэй. (ялангуяа гэрийн нөхцөлд)
  • Хоёрдугаарт гэр бүл дотор В,С вирустэй хүн хэд байна гэдгийг илрүүлэх ёстой. Илэрсэн тохиолдолд тоолуулж, шаардлагатай бол эмчилгээнд хамрагдаж, хяналтад орох хэрэгтэй.
  • Гуравдугаарт, өөрийн хувийн хэрэгслээ (сахлын хутга, шүдний сойз г.м) тусад нь байрлуулж, солихгүй хэрэглэхэд анхаараарай.
  • Эмэгтэйчүүд мэс ажилбар, шивээс, салст гэмтээж цус гаргах ямар нэгэн үйлчилгээ хийлгэх гэж байгаа бол нэг удаагийн багаж хэрэгсэл ашиглаж байгаа эсэхийг сайн асуух хэрэгтэй.
  • Мөн иргэд В,С вирусийн талаар мэдлэгээ дээшлүүлж, найдвартай олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гаргаж буй мэдээллүүдийг цаг алдалгүй ойлгож унших хэрэгтэй.
Зураг