Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

Порно од эмэгтэй Дональд Трампын мөнгийг буцааж өгөөд нууцыг дэлгэхээр шийджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай арав гаруй жилийн өмнө дотно харилцаатай байсан гэгддэг порно киноны од Сторми Даниэлз 2016 онд Трампын өмгөөлөгчөөс авсан $130,000-ыг буцаан өгөөд үг хэлэх эрх чөлөөгөө эдлэхээр шийджээ.

Жинхэнэ нэр нь Стефани Клиффорд гэдэг энэ эмэгтэйг 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн “ам хамхих” нөхцөлтэй ийм хэмжээний мөнгө авсан гэгдэж байгаа юм. Тэрээр өчигдөр буюу Даваа гарагт Трампын хувийн өмгөөлөгч Майкл Коэнд дээрх саналыг тавьсан захидал илгээжээ.

Жүжигчин эмэгтэйн өмгөөлөгчийн мэдээлснээр дээрх саналын дагуу $130,000-ыг Баасан гарагт Трампын данс руу шууд шилжүүлэх гэнэ. Ингэснээр Клиффорд Трамптай ямар харилцаатай байсан нууцаа дэлгэх эрх чөлөөтэй болох юм.

Клиффордын өмгөөлөгч Майкл Авенатти жүжигчин эмэгтэй хэзээ ч мөнгө нэхэж байгаагүй, зөвхөн нууц хадгалуулахын тулд түүнд Трамп мөнгө төлж байсан гэж мэдэгджээ.

Клиффордын санал Дональд Трампыг ацан шалаанд оруулж байна. Хэрвээ тэр саналыг хүлээн авбал жүжигчин эмэгтэй Трампын тухай ноцтой мэдээллүүдийг ил болгоно. Харин саналаас татгалзвал тэр жүжигчин эмэгтэйн амыг таглахын тулд мөнгө төлсөн нь батлагдах юм.

Цагаан ордны төлөөлөгч өмнө нь Трампыг жүжигчинтэй ямар ч холбоотой байгаагүй гэж мэдэгдсэн. Трампын өмгөөлөгч Майкл Коэн мөнгө төлснөө хүлээсэн ч энэ мөнгө Трампаас гараагүй, зөвхөн өөрийнх нь халааснаас гарсан гэж мэдэгдэж байжээ.

Клиффорд өнгөрсөн долоо хоногт Трампыг шүүхэд өгсөн юм. Ингэхдээ тэр өөрийг нь дуугүй байлгах зорилготой гэрээнд Трамп өөрөө гарын үсэг зураагүй тул хүчингүй гэдгийг батлуулахаар шүүхэд хандсан байна.

2006-2007 оны үед Трамптай хэд хэдэн удаа бэлгийн харилцаанд орж байсныг нь нуух зорилгоор 2016 онд түүнтэй “ам хамхих” гэрээг Трампын өмгөөлөгч байгуулж байсныг өнгөрсөн оны аравдугаар сард хэвлэлүүд анх дэлгэсэн юм.

Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол Трамп эхнэрээ араар тавьсан нь батлагдаж, ёс зүйн асуудалд орооцолдохоор байна. Трамп одоогийн эхнэр Меланиатайгаа 2005 онд гэрлэж байжээ.

 

Эх сурвалж: Business Insider