Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

Лондончуудын “Үхлийн утаа”-наасаа ангижирсан түүх

ikon.mn
2018 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг

1952 оны Лондонгийн “Үхлийн утаан хөшиг” нь дөрөвхөн өдрийн дотор 4,000 хүн, дараагийн 2 сард 8,000 орчим иргэдийн амийг авч одсон эмгэнэлт явдлыг өнөө хүртэл дэлхий нийт мартаагүй. Энэхүү аймшигт агаарын бохирдлоос Лондончууд хэрхэн ангижирсан талаар баримтуудыг товчлон та бүхэнд хүргэе.


  • 1930-1952 он: 30-аад оноос эхэлсэн гамшигт утааны талаар Лондончууд хотын захиргаандаа хэд хэдэн удаа гомдол гаргаж, гарын үсэг цуглуулан эсэргүүцэж байсан ч Английн засгийн газраас дорвитой арга хэмжээ авахгүй байжээ. Гэтэл 1952 оны 12 дугаар сарын 4-нд хэний ч төсөөлөөгүй гамшиг тохиосон юм. Цаг агаар хүйтэрч, салхины урсгал эсрэг циклонд орсноос ямар ч салхигүй болж, Лондон хотыг хар утаа манан бүрхэн авах нь тэр.
    Тэр үед Лондонд үзэгдэх орчин 50 сантиметрээр хязгаарлагдаж, сургууль цэцэрлэг, үйлчилгээний байгууллагууд хаалгаа барьж хүмүүс орон гэртээ утаа угаар орохоос сэргийлэн бүх онгорхой цоорхойг битүүмжилж байсан ч энэ бүхэн тусыг эс олон хүмүүс утаанд хордон амьсгал нь боогдон, угаартаж гэртээ нас барсаар байв. Тэдний 78 хувь нь хөгшид, нялхас болон жирэмсэн эхчүүд байжээ. Эдгээр хар өдрүүдийн дараа Английн Засгийн газар сая ухаан орж арга хэмжээ авч эхэлжээ.
     
  • 1956-1968 он: Английн эрх баригчид “Цэвэр агаарын хууль” баталсан бөгөөд тус хууль хэрэгжиж эхэлснээр Лондон ганц өвлийн дотор хорт утаа, агаарын бохирдлын түвшинг эрс багасгаж, дөрвөн жилийн дотор агаарын бохирдлоос бүрэн ангижирч чадсан байна. Эрх баригчид хатуу түлшийг хориглож, сайжруулсан, цахилгаан болон хийн түлшний хэрэглээг дэмжин, утаа ихээр үйлдвэрлэдэг том үйлдвэрүүдийг суурьшлын бүсээс гарган, цахилгаан станцуудыг хүн ам багатай дүүргүүд рүү дэс дараатай нүүлгэн шилжүүлжээ. Үйлдвэржилтээ даган шилжин суурьших иргэдийн улсад төлөх татварыг бууруулах зэргээр дэмжлэг үзүүлснээр хүн амын төвлөрөлийг сааруулжээ.
Мөн Лондонд “Агаарын хяналтын бүсүүд” бий болж агаарын чанар, хорт бодисыг хэмждэг болсноор иргэдийн эрүүл мэнддээ анхаарах хандлага нь эрс сайжирсан байна. Эдгээрээс гадна ЗГ-ын 100%-ийн дэмжлэгээр бүх айлуудад гэрийг нь бүрэн дулаацуулах хүчин чадалтай, тог бага зарцуулдаг тень буюу халаагч суурилуулан, бүх пийшинг байгалийн хийгээр ажилладаг буюу газан плиткагаар сольсон байна. Ингээд айл өрх, байгууллагуудыг цахилгааны төлбөрөөс хөнгөлж өгснөөр ахуйн чанартай агаарын бохирдлыг шийдэж чаджээ.
  • 1970 он: “Цэвэр агаарын хууль”-ийг үргэлжлүүлэн дагаж мөрдсөнөөр 1980 он гэхэд Лондонгийн агаар дахь хорт утааны агууламж 80%-р буурсан.
  • 1974 он: Агаарын бохирдлын тухай хуулинд нэмэлт заалтуудыг оруулсан. Үүнд үйлдвэрлэлийн газрын тосны найрлага дахь хүхрийн агууламжийн хязгаарлалтыг багтаасан байна.
  • 1980-1990 он: Лондон дахь тээврийн хэрэгслэлийн тоо нэмэгдсэнтэй холбоотой хотын агаар дахь хар тугалганы асуудал иргэдийн эрүүл мэндэд аюул заналхийлж эхэлжээ. Байгалийн хий ашигладаг тээврийн хэрэгслүүдийг татвараас чөлөөлснөөр автомашинаас ялгардаг хорт утааг бууруулсан байна.
  • 1990 он: Хог хаягдлын менежментийг сайжруулах болон хаягдлын байгаль орчин дахь хорт хий ялгаруулалтыг хянахын тулд “Байгаль орчныг хамгаалах” хуулинд Шүлтийн тухай заалтыг нэмж оруулсан.
  • 1990-1995 он: Улс орон даяар агаарын бохирдлыг хянах автомат сүлжээг 105 газар бий болгосон. Үүнд 1973 оны 9 сарын 22-ноос хойших бүх мэдээллүүд түүх болон хадгалагдсан байдаг байна.
  • 1995-1997 он: Засгийн газар нь үндэсний агаарын чанарын стратегийг баталж олон нийтэд нээлттэй болгосон. 1997 онд Лондонгоос бусад бүс нутгуудад 2005 он гэхэд агаарын чанарын стратегийн хэрэгжүүлэх зорилт тавьсан.
  • 2005-2007 он: Ийнхүү дээрх зорилтуудаа тогтмол хянан шалгаж ажиллаж чадсанаар Агаарын чанар 2005 онд 98%-р сайжирсан. 2007 онд ганц Англи биш Европын хэмжээнд агаар дахь (бензол, CO, хар тугалга, NO2, озон, PM10, SO2 г.м) 8 хорт хийг багасгах хатуу зорилго тавигдсан.

Ирээдүйд: Лондонгийн хүн амын тоо өссөөр байх тул олон тээврийн хэрэгслүүд болон байшин барилгууд бохирдол үүсгэгч хэвээр байх болно. Гэсэн хэдий ч цахилгаан машины хэрэглээг эрчимтэй дэмжих, замын хөдөлгөөний зохицуулалтуудыг сайжруулах, байшин барилгуудыг сэргээгдэх эрчим хүчээр халаах, ногоон технологийг дэмжихэд онцгой анхаарч ажиллах болно гэжээ.

 

Ашигласан эх сурвалжууд: www.air-quality.com & Gelsomino Jas

Бэлтгэсэн: МИКА Монгол