Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд Монгол Ардын Хувьсгалт Намаас нэр дэвшигч С.Ганбаатарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр боллоо.
Уг шүүх хурлыг шүүгч С.Өсөхбаяр даргалж, Зөрчилд холбогдогч С.Ганбаатар, түүний өмгөөлөгч Л.Мөнхсайхан /ҮД:0188/ нарыг оролцуулан нээлттэй явуулжээ.
Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн Цагдаагийн Албанаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд Монгол Ардын Хувьсгалт Намаас нэр дэвшигч С.Ганбаатар нь Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.2 дахь заалт, 52 дугаар зүйлийн 52.1.1, 52.1.4 дэх заалтад тус тус заасныг зөрчсөн тухай Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Юү Ван Сү, Монгол Ардын Хувьсгалт Намын Гишүүд Дэмжигчдийн Холбоо, Хөдөлмөрийн Үндэсний Нам, Орон Нутгийн Сонгогчдын Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэг, иргэн Б.Баасанжаргал нараас Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороонд тус тус гаргасан гомдол мэдээллийн дагуу хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн зөрчлийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцсэн байна.
Сонгуулийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.4 дэх заалтад “Гадаад улсын иргэнээс хандив өгөх, хүлээн авахыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөн болохыг тогтоожээ.
Сонгуулийн тухай хуулийн 50.10 дугаар зүйлийн 50.10.2 дахь заалтад зааснаар зөрчилд холбогдогч С.Ганбаатарт нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,440,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна.
Сонгуулийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.4 дэх хэсэгт зааснаар зөрчилд холбогдогч С.Ганбаатарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд Монгол Ардын Хувьсгалт Намаас нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасахыг Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хороонд даалгаж, түүний хүлээн авсан хандив 50 сая воныг улсын орлогод буюу төрийн санд шилжүүлжээ.
Тус шүүхийн шийтгэврийг зөрчилд холбогдогч С.Ганбаатар нь хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор сайн дураараа биелүүлэхийг мэдэгдсэн байна.
С.Ганбаатарт холбогдох зөрчлийн хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 гэж тус тус дугаарласан Ди Ви Ди 8 ширхэгийг зөрчлийн хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт нь үлдээжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оролцогчид анхан шатны шүүхийн шийтгэврийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй аж.
Эх сурвалж: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!