Индэр    
2025 оны 11 сарын 7
Зураг
iKon.mn Сэтгүүлч

ТЕЛЕГРАММЫН ХОХИРОГЧ: 5 саяыг алдаад зогссон. Би ч гэж би

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тэр бол цахим залиланд өртөж хохирсон 11,000 гаруй иргэний нэг. 

Анх сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарч, бясалгалд явахаар шийдсэнээр "Хайрыг түгээе" гэх нэртэй Телеграмм группт нэгджээ.  

Тус онлайн бясалгалын групп 20-30 хүний бүрэлдэхүүнтэй байсан бөгөөд зарим гишүүний санал болгосноор ийнхүү утсандаа Телеграмм татаж, амархан аргаар мөнгөө өсгөх боломж байдгийг бусдаасаа сонссон байна. 

Амар хялбар аргаар мөнгө олох энэ арга эхэндээ бүтэлтэй мэт.

Анх удаа Телеграммаар даалгавар биелүүлж 10 мянгыг хийгээд 20 мянгыг авч, 20 мянгыг хийгээд 70 мянгыг олсон ч эцэстээ тэр ТАВАН САЯ төгрөгөө алдахад хүрчээ.

Тэгвэл хэзээ, хэрхэн яаж Телеграмм залилангийн улмаас хохирсон талаараа тэрбээр нэрээ нууцлан ярилцахыг зөвшөөрсөн юм. 

“Та дахиад 10 сая төгрөг өгвөл бараг 20 сая төгрөг болох гээд байна” гэхээр нь сэжиг төрсөн



-Цахим залилангийн хохирогч болсон тухайгаа цагдаад хэзээ мэдэгдсэн бэ. Энэ хугацаанд залилагч этгээдийг олж, хохирлын мөнгөө буцааж авч чадсан уу? 

-Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Телеграмм залиланд өртөж хохирсон. 

Цагдаад мэдүүлэг өгснөөс хойш жилийн хугацаа өнгөрсөн байна. Одоог хүртэл шийдэгдээгүй, мөнгөө олж аваагүй. 

-Анх бясалгалын группээрээ дамжуулж Телеграммд орсон гэсэн үү. Энэ талаар дэлгэрэнгүй ярьж болох уу? 

-Жилийн өмнө бясалгалд явахаар шийдэж байсан.

Гадуур янз бүрийн community бүлэг байдаг шүү дээ. Тэгээд энэ газраас "Телеграмм аюулгүй, нууцлал сайтай. Бид дотроо юу ярьж хэлж байгаа нь гадагш огт задрахгүй" гэж хэлээд тийшээ шилжүүлсэн. 

Миний хувьд олон үйл ажиллагаанд нэг их оролцоод байдаггүй хүн. Ерөнхийдөө бясалгалд хамт явж байсан хүн намайг Телеграммд нэмсэн гэсэн үг. 

Нэг л их нигүүлсэл хайрын тухай ярьдаг хүмүүс байсан. Гэгээн сайхан нэртэй Телеграмм группүүдэд нэгнийгээ нэмээд л... 

Манай группийн нэр “Хайрыг түгээе” гэчихсэн ч байл уу, тэгж санагдаж байна.  Одоо би тэр группээс гарсан. Телеграммаа бүр устгачихсан.

-Тухайн Телеграмм групп дотор юу яригддаг байсан бэ. Даалгавар биелүүлж, мөнгө өсгөх аргыг танд хэн санал болгосон юм бэ? 

-Бясалгалд явж байсан охин миний дугаарыг мэддэг байсан болохоор шинэ группт нэмсэн байх. 

Анхандаа би юуг ч муугаар бодоогүй. Бүгдийг сайн сайхнаар харсан болохоор шинээр нээсэн группүүд рүү нь эргэлзэлгүй л орчихсон. 

Гэтэл гишүүдийн зарим нь "Үе ахиж, даалгавар биелүүлэх тусам мөнгөө хэд дахин өсгөх арга Телеграммд байдаг юм байна" гэх зэргээр чат бичээд эхэлсэн. 

Би нэг хоёр удаа мөнгөө хийхэд 70 мянган төгрөг орж ирсэн. Эхлээд зар сурталчилгааны баннер дээр лайк дараад л 10 мянган төгрөг оруулахад жинхэнээсээ 20 мянга болж дансанд орсон. Ингээд итгээд хоёр гурван үе явсан чинь 70 мянган төгрөг орж ирж байна.

-70 мянган төгрөгөө аваад дахиад үе ахиж, даалгавар биелүүлэх процессоо үргэлжлүүлсэн гэсэн үг үү? 

-Яг энэ даалгаврыг гүйцэтгэвэл мөнгө чинь 1,500,000 болж өсөх гээд байна. Та дараагийн даалгавартаа оролцох боломжтой гэсэн. 

Өмнө нь хоёр гурван үе яваад 70 мянган төгрөг авчихсан болохоор 300 мянган төгрөг дахиад шилжүүлсэн. 1,000,000 төгрөг болчих юм байна гэж бодоод 300 мянган төгрөг хийчихсэн гэсэн үг. 

Дараа нь дахиад “Одоо 1,800,000 төгрөг хийчихвэл таны кредит чинь шууд өсөөд 6,000,000-д хүрлээ” гэж хэлсэн. Энэ мэтчилэн хэд дахин үржигдэж өсөөд байсан.

-Тэгэхээр хэд хэдэн удаагийн давтамжтай гүйлгээ хийснээр сүүлдээ таван саяыг шилжүүлчихсэн гэж ойлголоо. 

-Дахиад 1,800,000 төгрөг нэмж хийсэн. Ингэж явсаар шилжүүлсэн мөнгө маань таван сая орчимд хүрчихсэн юм аа. 

-Танд ямар нэгэн сэжиг, хардлага төрөөгүй юу? 

-Хоёр сарын хугацаанд яг бодвол 4,800,000 төгрөг шилжүүлчхэж байгаа шүү дээ.

Мэдээж мөнгөө буцаагаад авах хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгтэл урдаас “Та дахиад 10 сая төгрөг өгвөл бараг 20 сая төгрөг болох гээд байна” гэхээр нь сэжиг төрсөн. 

-Мөнгөө буцаагаад авах талаараа хэлэхэд залилагч этгээдийн зүгээс ямар хариу реакц гаргасан бэ? 

-Уучлаарай мөнгийг чинь өгөх боломжгүй. Та энэ группт ёс бус үг хэллэг хэлбэл шууд хасна. 

Хоорондоо сөрөг мэдээлэл яривал дотоод дүрэм, журмын дагуу "Таны үл хөдлөх хөрөнгийг хүртэл автоматаар өөр дээрээ шилжүүлж авна" гэж сүрдүүлсэн. Нэг ёсондоо gaslighting буюу сэтгэл зүйн дайралт хийж байгаа юм л даа. 

Гэхдээ нэг анзаарах зүйл нь энэ даалгаврыг багаараа гүйцэтгэж байсан. 

Цагдаад мэдүүлэг өгөөд сууж байхдаа "бэлэн зүгээр орж ирдэг орлого байдаггүй" гэдгийг хамгийн их ойлгосон

Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт бүртгэгдсэн цахим залилангийн тоон мэдээ: 

-Нэг баг хэдэн гишүүнтэй байсан бэ? 

-Миний орсон Телеграмм группт 20, 30 хүн байсан байх.

Тэр хүмүүс чинь “Би авчихлаа. Үнэн байна” гэж пост оруулаад л скрээн шотуудаа харуулдаг байсан. Магадгүй нэг шинэ хүн оруулж ирээд бүлэглэн залилсан байж ч болох юм. Тэр дунд ганцаараа гэнэн хонгор царайлаад. 

Бусад нь хуурамч аккаунт байсан ч байж ч магадгүй шүү дээ. Тэгээд дахиад тусдаа таван хүнтэй группт намайг оруулсан гэсэн үг. 

Жишээ нь таван хүний бүрэлдэхүүнтэй групп байлаа гэхэд дөрөв нь "Мөнгөө шилжүүлээд өсгөөд авчихлаа" гээд ороод ирэхээр ганцаараа үлдээд яах вэ гэж бодоод. 

Нөгөө дөрөв маань авчихсан юм чинь “Би бас авах боломжтой юм байна” гээд л шилжүүлсэн. 

-Энэ жил 11,000 гаруй хүн цахимаар 12.8 тэрбум төгрөг залилуулж алдсан гэх дүн мэдээлэл бий. Та уншигчдад юуг сэрэмжлүүлэх вэ? 

-Би цагдаад мэдүүлэг өгөөд сууж байхдаа "бэлэн зүгээр орж ирдэг орлого гэж байдаггүй юм байна" гэдгийг хамгийн их ойлгосон. 

Хүн зүгээр сууж байгаад мөнгөө өсгөнө гэдэг бодол шал худал. 

Хөдөлмөрлөж, ажлаа хийгээгүй л бол мөнгөө тэгж өсгөдөг гэсэн мэдээлэл бүрийн цаана залилан л юм билээ.  

-Таны хувьд цагдаа шүүхээр явах процесс хэдэн сар үргэлжилсэн бэ? 

-Нэг өдөр очиж мэдүүлэг өгөөд л хаячихсан. 2024 оны арваннэгдүгээр сараас хойш одоог хүртэл шийдэгдээгүй.

Тухайн үед нэлээд олон хүн залилуулсан юм шиг байгаа юм. Намайг цагдаа дээр мэдүүлэг өгөөд сууж байхад зөндөө хүмүүс яг ийм залилуулсан хэргээр мэдүүлэг өгч байсан. 

Гэрийн тавилга хямд зарна гэх мэт зураг тавиад залилж, мөнгийг нь түрүүлж аваад алга болдог тохиолдлууд маш их юм билээ.

-Хохирлын мөнгөө олж авахаар хөөцөлдөж байна уу, бүр орхисон уу? 

-Угаасаа олж авахгүй байх.

-Буцааж мөнгөө олж авах боломжтой эсэх талаараа цагдаагаас ер нь асуусан уу?

-Боломжгүй гэж хэлэхгүй булзааруулаад бөөрөнхийлөөд орхиж байна лээ. Угаасаа цахим гэмт хэргийг илрүүлэх чиглэлд мэдлэг дутуу санагдсан.

Би ч гэж би. Цагдаа ч гэж цагдаа. 

Нэгэнт шилжүүлсэн юм чинь гадагшаа койн болоод гарчихаар ямар ч боломжгүй юм билээ.

Би өөрөө Аюулгүй байдлын чиглэлээр судалгаа хийдэг хүн л дээ. 

Бүр нарийн техникийн ур чадвартай хүмүүс цагдаа, банкны системтэйгээ нийлж Монголд эсвэл олон улсад хуурамч данс үүсгээд байгаа асуудлыг цэгцлэх хэрэгтэй юм билээ. Ор байхгүй хүмүүсийн дансаар мөнгө оруулж, гаргаад байгаа асуудлыг шийдэх нь чухал. 

Одоогийн байдлаар бол цагдаагийнхан яав ч илрүүлэх чадамжгүй гэж бодоод би хаясан.

Өнгөрсөн жил залилуулчхаад цагдаа дээр бараг 2, 3 цаг мэдүүлэг өгсөн. 

Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт очиж, бүх асуудлаа яриад баримтуудаа үзүүлээд мэдүүлсэн гэсэн үг. 

-Залилагч этгээдүүд хүний эмзэг байдал дээр хамгийн их дөрөөлж хохироодог юм шиг санагдлаа. Таны хувьд бясалгал хийх сонирхол дээр чинь тулгуурлаж, өөр ашиг хайсан байна.  

-Мэдээж бясалгал хийдэг групп юм чинь худал хуурмаг юм байхгүй гэж итгэсэн. Тэгтэл тэр дунд хамгийн худал хуурмаг, залилан байсан гэхээр итгэл унаад гарсан.

Ер нь маш болгоомжтой байх хэрэгтэй. Элдэв янзын группүүд, олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд элсээд байх шаардлагагүй юм билээ.

Өнгөн дээрээ бясалгалын сургалт мэт боловч хүмүүс элсээд орохоор өөр процесс үргэлжилдэг. Тэр дунд залилан хийдэг нөхөд байсан юм билээ. Хүний сайхан сэтгэлийг ашиглах, эсвэл нийтийн уур амьсгалыг эрж хайсан хүмүүсийг онилдог гэж харж байна.

 "Энэ багийн ажиллагаа энд хүрээд өндөрлөлөө" гэснээ группээс шууд хасчихсан

-Хамгийн сүүлд залилан гэж сэжиглэж эхлэхэд таныг сүрдүүлсэн гэсэн үү. Энэ талаар дэлгэрэнгүй ярьж болох уу? 

-Нэг л биш санагдаад "мөнгөө шилжүүлэхээ болилоо” гэсэн. 

Гэтэл “Бид нар бүгдээрээ мөнгөө авчихлаа. Өнөөдрийн багийн ажиллагаа дууслаа" гэснээ группээс гаргаад хаячихсан. 

Би даалгавар биелүүлэхгүй, мөнгө шилжүүлэхгүй байна шүү дээ. Өөрөөр хэлбэл байснаа шилжүүлээд мөнгөгүй болоод шилжүүлэхээ больсон. Тэгтэл "энэ багийн ажиллагаа энд хүрээд өндөрлөлөө" гэснээ группээс шууд хасчихсан.

Анх Телеграммд хувь чат бичиж байсан группийн админ руугаа мөнгөө авъя гээд бичсэн чинь "өгөхгүй" гэсэн. 

Үргэлжлүүлээд “Таниас болоод манай компани хувьцаандаа том алдагдал хүлээсэн. Та даалгавраа биелүүлээгүй учраас бид 20 саяын алдагдал хүлээчихлээ. 

Тиймээс компанийнхаа алдагдлыг чамаар төлүүлэхийн тулд чиний үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж авах, шүүхдэх ч эрх бидэнд бий" гэж өөдөөс сүрдүүлээд эхэлсэн л дээ. 

Би монголоор баахан юм бичсэн чинь “Таны монгол хэлийг ойлгохгүй байна. Би гадаад хүн” гээд... 

-Чатаар харилцаж байхад профайл зураг, текстийн найруулга зүй нь анхаарал татахуйц санагдаагүй юу. Телеграмм дээр профайл зураг нь харагддаг байсан уу?

-Харагдаагүй. AI зураг шиг л байсан. Бодит хүний зураг байгаагүй ээ.

-Тэр хүнтэй харилцахдаа "Энэ бодит хүн биш юм байна даа" гэж эргэлзээ төрөөгүй юу?

-Эргэлзээ төрөөгүй ээ. Аккаунтын цаана хулхидаад байгаа нь гадаад хүн байх ч магадлалтай. Монгол хүн ч байх магадлалтай.

Тэр хүнтэй чат бичсэнээс хойш 2-3 цагийн дараа цагдаад дуудлага өгсөн. Бид үнэхээр гэнэн байна л даа. 

-Таны хувьд цагдаад түргэн шуурхай хандаж чадсан уу?

-Чадаагүй ээ. Түргэн шуурхай хандсан ч бай, үгүй ч бай хүний цагийг их иддэг. 

Данс руу нь мөнгөө хийхээр "дараагийн даалгаврыг 30 минутын дараа өгнө" гээд алга болчихдог юм. Тэр хоорондоо л мөнгөө шилжүүлдэг байж. Тэр үедээ л цагдаа руу мэдрэмжтэй залгавал гэхээс биш түргэн шуурхай цагдаад дуудлага өгч чадаагүй ээ.

Яаж хүмүүсээс мөнгө салгахыг залилагч нар маш нарийн мэддэг юм билээ.

IKON.MN мэдээллийн сайт залилан мэхлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд олон нийтэд сэрэмжлүүлэх зорилгоор ЦУВРАЛ нийтлэлээ үргэлжлүүлэн хүргэх болно.