Уншиж байна ...

Б.Өсөхбаяр: "Гадаадын уурхайгаас авчирсан чулууг угааж, дотроос нь үнэт чулуу гаргана" гэх мэт зард иргэд хууртаж байна

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 10 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголбанк, Цагдаагийн Ерөнхий Газар, Монголын банкны холбоо хамтран залилах, мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх, банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор иргэдийн санхүү, эдийн засаг, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Дансаа бүү ашиглуул” аяныг эхлүүлж байгааг өнөөдөр мэдээлэв. 

Энэ үеэр цахим орчинд үйлдэгдэж буй залилах гэмт хэргийн талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Өсөхбаяр дараах анхааруулгыг өгсөн юм. 



Тэрбээр "Телеграммаар даалгавар биелүүлж эхний ээлжинд 8,600 төгрөг, 9,200 төгрөг шилжүүлдэг гэх залилан мэхлэх гэмт хэрэг нэлээд өндөр хувьтай бүртгэгдэж байна. 

Энэ он гарсаар Телеграммаар даалгавар биелүүлэхтэй холбоотой 767 хэрэг бүртгэгдсэн.

Мөн “Мөнгөө өсгөнө”, “Банкны эрх шилжүүлнэ”, “Зээлийн аппликэйшний эрх сунгаж өгнө” зэрэг зар мэдээний дагуу холбогдож 229 хүн хохирсон байна. 

Цагдаагийн байгууллагаас мэргэжлийн байгууллагуудтай хамтарч иргэдэд тогтмол шинэ төрлийн залилангийн анхааруулга мэдээллийг хүргэдэг.

Тухайлбал "Гадаад орны уурхайгаас авчирсан чулууг угаагаад дотроос нь үнэт чулуу гаргана" гэх мэт харахад ойлгомжтой юм шиг мөртлөө иргэдийг мунхруулж залилдаг тохиолдол нэлээд бүртгэгдэж байна" хэмээн анхааруулав. 

"Бусдад дансаа ашиглуулах нь эрүүгийн хариуцлага хүлээх үндэслэл болно"

зураг
 
Эх сурвалж: ЦЕГ

Үргэлжлүүлэн "Гэмт хэргийн дийлэнх тохиолдол нь ямар нэгэн банкны дансаар үйлдэгддэг.

Дан ганц Монгол Улсын арилжааны банк биш, гадаад орны банк санхүү, крипто валютын дансаар шилжүүлдэг учраас иргэд өөрсдөө хувийн дансаа бусдад ашиглуулахгүй байх уриалгыг дэвшүүлж байна.

Бусдад дансаа ашиглуулах нь буцаад өөрөө гэмт хэргийн холбогдогч болох, хамжигч болох нөхцөлийг үүсгэж байгаа явдал. Энэ үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээх үндэслэлтэй.

"Бусдад дансаа шилжүүлнэ", "дансаа ашиглуулна", "дансаар гүйлгээ дамжуулна", "бусдын дансыг ашиглана" гэсэн зар цахим орчинд нэлээд харагддаг. Үүнд цагдаагийн байгууллагын Мөрдөн байцаах алба, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол зохион байгуулж байна" хэмээн цагдаагийн дэд хурандаа Б.Өсөхбаяр хэллээ. 

зураг