-Цахим залиланд өртөж, хохирсон иргэдийн насны бүлэг ба боловсролын түвшин ямар ялгаатай байдаг вэ?-
Өнгөрсөн найман сарын хугацаанд Монгол Улсын 11,000 гаруй иргэн цахимаар ₮12,852,990,665 /12.8 тэрбум төгрөг/ залилуулж хохирсныг Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас мэдээллээ.
Харамсалтай нь мөнгөө алдсан иргэдийн тоо буурахгүй байна.
Иргэд хуурамч зар мэдээлэлд итгэж, үл таних этгээдийн данс руу мөнгөө шилжүүлж хохирсоор.
Тухайлбал "үзмэрч зурхайч хийнэ" гэж зар түгээж, иргэдээс 800 гаруй сая төгрөг залилсан хэрэг ч гарсан байдаг. Мөн "гадаадын уурхайгаас авчирсан чулууг угааж, дотроос нь үнэт чулуу гаргана" гэх мэт зард иргэд хууртаж байгааг анхааруулсан билээ.
Энэ мэтчилэн залилан мэхлэх гэмт хэрэг цахим орчинд янз бүрээр үйлдэгдэж, хохирсон иргэдийн тоо, хохирлын хэмжээ урьд өмнө бүртгэгдэж байгаагүйгээр өсөж байна.
Тэгвэл хүмүүсийн боловсролын түвшин ба насны бүлэг гэмт хэрэгт өртөхгүй байх, өөрийгөө эрсдэлээс сэргийлэхэд нөлөөлөх үү?
График: Хохирлын мөнгөн дүн /тэрбум төгрөгөөр/
Графикийн тайлбар: Энэ оны эхний найман сарын байдлаар 12.8 тэрбум төгрөгийн хохиролтой 2,048 хэрэг бүртгэгдэж, нийт хохирлын 31.9 хувь буюу 4.1 тэрбум төгрөгт хөрөнгийн шилжилт хөдөлгөөний хязгаарлалт тогтоожээ.
Үүнээс иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээх чиглэлээр 1.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн гэх мэдээллийг Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас тодрууллаа.
Харин өнгөрсөн онд цахим залилангаас үүдэн иргэдэд 13.1 тэрбум төгрөгийн хохирол учирсан бөгөөд 649 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн дүн мэдээ байна.
График1: Залилан ба хулгайн гэмт хэрэг (2015-2024 бүтэн жил, 2025 оны эхний 9 сар)
Графикийн тайлбар: ЦЕГ-аас өгсөн дээрх гэмт хэргийн бүртгэл мэдээлэл нь зөвхөн цахим залилан бус нийт залилангийн дүнг илтгэнэ.
Өөрөөр хэлбэл энэ онд монголчууд залиланд 53 тэрбум төгрөг, үүн дотроо цахим залиланд 12.8 тэрбум төгрөг алдаж хохирчээ.
Үйлдэгдэж буй гэмт хэрэгт Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас тогтмол дүн шинжилгээг хийдэг байна.
Тухайлбал "Телеграмм" платформ ашиглан залилсан 1,034 хэрэгт Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас дүн шинжилгээ хийжээ.
Залилагч этгээдийн хувьд эхлээд иргэдээс санал асуулга авах арга хэрэглэдэг аж.
Энэ төрлийн гэмт хэргийг ихэнхдээ гадаадаас манай орны иргэд рүү чиглэж үйлддэг бөгөөд мессэж, чатны текст Гүүгл транслэйт ашигласан мэт найруулга утга зүйн алдаатай байдгийг ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын Цахим халдлага, залилантай тэмцэх, хариу арга хэмжээний хэлтсийн дарга Э.Батмөнх хэллээ.
Ийнхүү ээлжит хохирогчоо онилж, ажлын санал тавих маягаар чаталдаг байна. Энэ үед "19 настай" гэвэл залилагч этгээд харилцдаггүй бөгөөд нийгмийн харилцаанд орж, ашиг орлого олдог бүлгийг илүүтэй сонгож байгааг тэрбээр хэлсэн юм.
Мөнгөтэй байх боломжтой хүн хэн байх вэ гэдгийг гэмт хэрэгтнүүд судалчихсан байдаг гэлээ.
ЦЕГ-аас олон нийтэд нээлттэй танилцуулсан зарим гэмт хэргийн тохиолдол ба хохирогчдын насыг дурдсан мэдээллийг дахин сануулахад:
Хаш чулуун ногоон хөөрөгтэй холбоотой мэдээллийг дүгнэж үзэхэд орон нутгийн иргэд рүү чиглэсэн залилан.
Харин сугалаа нь онлайн орчинд худалдан авалт хийдэг иргэд рүү чиглэж байна. Залилагч этгээдүүдийн зүгээс иргэдийн нас хүйс, боловсрол мэдлэгт тааруулсан зар түгээж, гэмт хэрэг үйлддэг.
Эцсийн бүлэгт ҮНЭГҮЙ ЮМ гэж байдаггүй ээ. Таны амар хялбар аргаар мөнгө олох гэсэн сэдэл дээр тулгуурлаад залилан явагддагийг Цахим халдлага, залилантай тэмцэх, хариу арга хэмжээний хэлтсийн дарга Э.Батмөнх анхааруулж байв.
Цахим залиланд хохирогчдын тоон мэдээлэл:
Иргэд залиланд алдсан мөнгөө буцааж олж авч чаддаг болов уу?
Үүний хариулт "Энэ оны эхний есөн сарын байдлаар 671 иргэний 1.3 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулсан байгаа. Гэхдээ процесс нэлээд удаан үргэлжилнэ.
Гол асуудал нь дансаа ашиглуулсан иргэнийг олж тогтооход хугацаа маш их алддаг.
Энэ чиглэлд анхаарч мөрдөн шалгах ажиллагааг хурдан шуурхай болгох үүднээс арилжааны банкуудтай хамтарч, Прокурорын зөвшөөрлөөс гарсан лавлагаа мэдээллийг түргэн шуурхай олох чиглэлд ажиллаж байгаа" хэмээн Цахим халдлага, залилантай тэмцэх, хариу арга хэмжээний хэлтсийн дарга Э.Батмөнх нэмж хэллээ.
Хүснэгт: Цахим залиланд хохирогчдын мэдээлэл
| Он | Хохирлоо буцааж авсан иргэд | Хохирлын нөхөн төлүүлэлтийн дүн |
|---|---|---|
| 2024 | 358 | 649.5 сая төгрөг |
| 2025 эхний 8 сар | 671 | 1.3 тэрбум төгрөг |
Дээрх хүснэгтээс харахад энэ онд цахимаар залилуулж, мөнгөө алдсан 671 иргэний 1.3 тэрбум төгрөгийг буцааж олгосон байна.
Гэхдээ хохирлын мөнгө нь одоог хүртэл олдоогүй, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй мянга мянган хэрэг, мянга мянган хохирсон иргэн цагдаад гомдол мэдээллээ бүртгүүлсээр.
Үргэлжлэл бий...
IKON.MN мэдээллийн сайт залилан мэхлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд олон нийтэд сэрэмжлүүлэх зорилгоор ЦУВРАЛ нийтлэлээ үргэлжлүүлэн хүргэх болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!