Индэр    
2019 оны 5 сарын 4
Зураг
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.
Зураг
iKon.mn сэтгүүлч

#UNLOCK 10: Эерэг сэтгэлгээтэй болох долоон зарчим

Зураг

UNLOCK подкаст, iKon.mn хамтран хүргэж буй номын тэмдэглэлийн энэ удаагийн дугаарт Харвардын их сургуулийн профессор Шон Эйкорын бичсэн “The Happiness advantage” номыг толилуулж байна. 

Зохиогч эл номдоо шилдэг сургуульд сурах, алдартай компанид ажиллахыг л амжилт хэмээн ойлгож, түүндээ хүрэхийн тулд стрессдэн, бүгдийг золиослох нь аз жаргалаас хугасалж, амжилтаас хойш нь татдаг хэмээгээд байгаа байдалдаа сэтгэл хангалуун байж, сайн талуудыг олж харснаар илүү үр бүтээлтэй байж, амжилтын зам дардан байх болно гэсэн байна.

Сонсох:

Харвардын профессор Шон Эйкорын зөвлөж буй  эергээр сэтгэх долоон зарчмыг хүргэж байна. 

Эерэг байхын давуу тал

Сэтгэл санаа эерэг байх тусмаа тархи үр бүтээлтэйгээр сэтгэж, аливаа асуудлыг шийдэх чадвар нь бусад үеийнхээс нэмэгддэг. Ингэснээр амжилтад ойртох болно. Мөн олон нийтийн өмнө үг хэлэх, илтгэл тавихад сандардаг хүмүүст тухайн үедээ өөрийгөө сэтгэл бодлоор цэнэглэхийг зөвлөжээ. Ингэснээр өөрийгөө тайвшруулж, ярих чадвар болон бусдад үгээ хүргэх нөлөөлөл нь илүү байдаг.

Ташрамд дурдахад хүнээс гарах нэг сөрөг бодол, сэтгэл хөдлөлийн уршгийг арилгахын тулд дунджаар 2.9 эерэг сэтгэл хөдлөл үүсэх хэрэгтэй болдог байна.  

Тулах цэг ба хөшүүрэг

 

Сэтгэлгээ буюу тулах цэгээ өөрчилж чадвал хөшүүрэг буюу бидний сэтгэхүйн чадвар, харах өнцөг өөрчлөгддөг. Үүнийг батлах сонирхолтой туршилтыг 1979 онд хийжээ. Ингэхдээ 75 настай хүмүүсийг нэгэн амралтын газарт хүргэсэн байна. Тэрхүү амралтын газар нь бүхэлдээ 1955 оныг санагдуулам байх бөгөөд зурагтаар гарч буй мэдээ, сонин хэвлэл, хүмүүсийн хувцаслалт гээд бүгд тухайн үеийнх байжээ. Өөрөөр хэлбэл, тэдгээр хүнийг амьдарч буй оноос нь 20 жилийн өмнөх үед аваачсан гэсэн үг. 

Туршилтын үр дүнд оролцогчдын ихэнхийг нь биеийн байдал дээрдэж, сэтгэх бодох, ой тогтоолтын чадвар нь сайжирчээ. 

Мөн өөр нэгэн туршилтыг Японд хийхдээ 13 оюутны нүдийг нь боогоод гарт нь халгай хүргэж байна гэж хэлжээ. Ингэхэд талаас илүү хувийнх нь гар нь загатнан улайж эхлэв. Гэтэл үнэн хэрэгтээ тэр нь халгай биш бөгөөд хүний биед ямар нэгэн нөлөө үзүүлдэггүй жирийн өвс байлаа. Энэ мэтчилэнгээр хүний итгэл ямар хүчтэй үр нөлөөтэй байдаг нь харагдаж байгаа юм. 

Тетрис нөлөө

 

Тетрисийг хэдэн өдрийн турш өдөрт 4-5 цагийн хугацаанд оюутнуудаар тоглуулсны дараа тэднийг гадаа гарах үед нь бүх зүйл тетрис мэт харагдах болов. Зохиогч номын энэ хэсэгт хүн өөрийн сонирхсон, анхаарсан зүйлээ хүрээлэн буй орчноосоо сонгож авдаг тухай өгүүлэх бөгөөд дээрх туршилт үүнийг баталгаа аж. Өөр нэгэн туршилтыг хамтдаа хийе. 

10 секундын туршилт: Нүдээ аниад 10 секундын турш зөвхөн улаан өнгийг бодоорой.

Нүдээ нээсний дараа танд юу харагдаж байна вэ. Магадгүй ихэнхэд нь эргэн тойрондох улаан өнгийн зүйлс онцгойрч харагдах байх. Өөрөөр хэлбэл, тархинд ямар нэг мэдээлэл өгөхөд түүнтэй төстэйг нь байгаа орчноосоо түүж авдаг буюу онцгойлж үзэж буй зүйлсээ л анхаардаг гэсэн үг.

Үүний адилаар та эерэг сайн зүйлийг бодож сэтгэсээр байвал эргэн тойрноосоо ч мөн сайхныг нь олж харна. Тэгвэл үргэлж сайн талаас хардаг болох зуршлыг хэрхэн төлөвшүүлэх талаар профессор Шон Эйкор зөвлөхдөө орой бүр тухайн өдөр болсон зүйлээсээ гурван эерэг зүйлийг бусадтай хуваалцаж хэвшсэнээр аливааг эергээр хардаг болдог гэжээ.

Эерэг байх үедээ гаргасан шийдвэр, хийсэн ажил нь үр бүтээмжтэй байж, амжилтад хүрэх зам дардан болдог тухай дээр өгүүлсэн билээ. 

"Дээшээ унах"

Хүнд зүйлс тохиолдоход урьд өмнөхөөсөө илүү хүч чадал, сэтгэлийн тэнхээтэйгээр даван туулахыг дээшээ унах хэмээн "The Happiness advantage"-ын зохиогч тодорхойлжээ.  

Тус зарчимд байдлыг гартаа авч, сэтгэлийн хаттай байснаар хүнд байдлаас хэрхэн гарах тухайгаа эргэцүүлэхийг зөвлөж буй юм. Хэцүү үеэ өөрийгөө улам хатуужуулах боломж гэж харах нь чухал. 

Зоррогийн тойрог

 

Гэнэтийн зүйл тохиоход хүн хоёр төрлийн сэтгэл хөдлөл илэрдэг. Нэг нь өөрийгөө хамгаалагч сэтгэл хөдлөл. Жишээлбэл өөрийг тань бөмбөг чиглээд ирэхийг харвал толгой хамгаалах нь энэ төрлийн сэтгэл хөдлөл бөгөөд айх, сандрах үед хүчтэй гарч, бодит бус шийдвэр гаргахад хүргэдэг. 

Харин гэнэтийн зүйл тохиоход ул суурьтай бодож байж шийдвэр гаргах бол бодогч сэтгэл хөдөл аж. Үүнээс оновчтой нь бодогч агаад ямар нэг явдал тохиоход тунгаан бодсоны үр дүнд шийдвэрт хүрэх нь чухал гэжээ. Тухайлбал, эзэмшиж буй хувьцааны үнэ унахад хамгаалагч сэтгэл хөдлөл нь бушуухан заръя гэж таны тархийг ятгах бол бодогч сэтгэл хөдлөл нь анализ хийсний дүнд шийдвэр гаргах нь чухал гэдгийг сануулна. 

Түүнчлэн гэнэтийн үед өөрийгөө хамгаалах тойргийг зурахыг профессор Шон Эйкор зөвлөсөн юм. Үүний тулд хоёр жагсаалт гаргана. Нэгд, өөрийн хяналтад гаргах зүйлсээ жагсаах буюу Зоррогийн тойргийг зурах бол нөгөөд нь өөрөөс шалтгаалахгүйгээр болж буй зүйлсийг гаргана.

Үүний утга нь өөрөөс нь хамаарахгүй зүйл хэчнээн санаа зовлоо гээд өөрчлөгдөхгүй тул түүний төлөө санаагаа чилээх хэрэггүй. Харин өөрийн хяналтад бгаа зүйлсэд анхаарлаа хандуулж, засах хэрэгтэй хэмээжээ. 

20 секундын дүрэм

Сайн зуршлыг төлөвшүүлэхэд 20 секунд, муу зуршлаас салахад 20 секунд илүү хичээх хэрэгтэй хэмээн номд өгүүлжээ. 

Зурагт олон цагаар үздэг зуршлаа болихын тулд удирдлаганыхаа зайг аваад өөр өрөөний шүүгээнд хийх. Дараа өдөр нь зайгаа авч болох ч өөр өдрүүдэд анхаарал нь өөр чигт ханддаг. 

Хамгийн чухал нь хүмүүсийн хоорондын харилцаа 

 

"Harvard man study" нь 70 жилийн турш Харвардад суралцдаг оюутнуудыг судалжээ. 1930-аад онд эхэлж, 268 оюутныг сургуульд элсэн орохоос төгсөх, цаашлаад амьдралынх нь тухай судалсан байна. Хамгийн урт хугацаанд үргэлжилсэн уг судалгаанаас гарсан дүгнэлт нь ХАЙР байв. 

Хүний амьдралд хамгийн чухал, агаар ус мэт хэрэгтэй зүйл нь хүмүүсийн хоорондын харилцаа, хайр юм. Энэ нь утга учиртай, аз жаргалтай амьдрах үндэс хэмээн номд дурдсан нь бий. Тиймээс гэр бүл, найз нөхөд, хамт олонтойгоо харилцах харилцаандаа хамгийн их ач холбогдлыг өгөх хэрэгтэй. Эдгээр нь эргээд амжилттай байхад чухал үүрэг гүйцэтгэдэг ажээ. Товчхондоо амжилтыг аз жаргал тойрон эргэлдэх бус, аз жаргалыг л амжилт дагадаг байна.

Мөн эерэг зүйл нь эргэн тойрондоо "халдварладаг". Нэг хүний эерэг байдал нь шууд ба шууд бусаар 1,000 хүнд нөлөөлдөг. 



Шон Эйкорын TEDxBloomington-д тавьсан илтгэлийг хүргэе. Энэхүү илтгэл нь 17 сая гаруй удаагийн үзэлттэйгээрээ TEDTalks-ын хамгийн өндөр хандалттай илтгэлийн нэгээр тодорчээ. 

Эх сурвалж: TED Монголоор фэйсбүүк хуудсаас авав

6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [64.119.17.36] 2019/5/5
Mongold amidarch baigaa hun ta hezee ch uudrug bas setgel taviruun baij bolohgui. Tegeh ni uuriiguu alsantai ijil. Bodit baidalaa oilgoj baigaa bol hudalch hulgaich zawshigch heveeree bai. Tertee tergui bugd tegj amidarch baigaa. Zuwhun uurhiinu tuluu baij shaardlagatai bol huuli durmiig zurchuj huch chadaltai heveeree bai.
3 | 1 Хариулах
Зочин [202.9.42.145] 2019/5/5
яг л ийм байгаад байна хэрвээ өөдрөг сайхан сэтгэлтэй сэтгэл тавируун байвал өөрөө алуулаад . . . дуусч байна
1 | 0 Хариулах
Зочин [202.55.191.194] 2019/5/6
SAD
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.44] 2019/5/4
Mindset гэж үнэхээр чухал зүйл. Хүн ер нь өөр дээрээ үе үе анализ хийж бодол санаа үзэж харж байгаа юман дээрээ бодлоготой байж өөртөө байнга өөдрөг амжилтанд хүрсэн хүмүүсийн мэдээ мэдээлэл үзүүлээд өөрийгөө чиглүүлээд явах хэрэгтэй. Тэгэхгүй дандаа сөрөг юм хайж үзээд байвал нэг мэдэхэд маш их стресст орчихсон байдаг юм байна лээ.
6 | 0 Хариулах
BronzE [103.14.36.243] 2019/5/4
.
0 | 0 Хариулах
Зочин [103.14.36.243] 2019/5/4
Бүхнийг зөв талаас нь бодож, сайнаар ойлгохыг хичээх нь бусдад ч зөв замаа олох чиг болж байдаг юм шиг санагддаг. Жишээ нь гэр бүлийн аз жаргалын тухайд миний бодол: Найз бүсгүй/залуу/-гээ найзуудтай нь хардаад л, хаширлаж хахирлаад байвал түүнийгээ өөрөөсөө аажмаар холдуулахаас хэтрэхгүй. Харин түүндээ итгэж, хайрлаад байвал улам л өөрт тань татагдана. Анхнаасаа нэгэндээ итгэлцэлтэй хандаж, хуурч мэхлэхгүйгээр хайрыг нь хүндэлж, хайрлуулж байгаадаа талархаж явбал хэзээ ч асуудал үүсэхгүй.
3 | 0 Хариулах