Зураг
Зураг
Индэр    
2019 оны 3 сарын 2
Зураг
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.
Зураг
iKon.mn сэтгүүлч

#UNLOCK 1: Асар их хүчийг бий болгох чадвартайгаас гадна хэзээ ч өөрчилж болдгоороо онцлог тэр зүйл

 

 

Энэ бол сэтгэлгээ

  • Сэтгэлгээ гэж юу вэ?

Аливаа хүний ажиллаж, амьдарч буй орчин, ойр дотны хүмүүс болон эцэг, эхээс авсан хүмүүжил зэрэг олон зүйлээс олж авсан хувь хүний итгэл үнэмшлийг хэлдэг аж.

Итгэл үнэмшил нь  хүний тархинд орших агаад асар их хүчийг бий болгох чадвартайгаас гадна хэзээ ч өөрчилж болдгоороо онцлог зүйл хэмээн Стэнфордын Их Сургуулийн профессор Кэрол Двэк тэмдэглэжээ.

iKon.mn энэ долоо хоногоос эхлүүлэн UNLOCK подкастын хамт олонтой хамтран подкастын бичмэл тэмдэглэлүүдийг хүргэх болсон талаар мэдээлсэн.

Хамгийн эхний ном бол Стэнфордын Их Сургуулийн сэтгэл зүйн профессор багш Кэрол Двэкийн бичсэн "MINDSET" буюу "Сэтгэлгээ".

Хамгийн эхэнд онцолсон учир нь  "MINDSET" нь Unlock подкастын хамт олонд их таалагдсан, олон зүйлийг ухааруулсан номуудын нэгт зайлшгүй багтдаг тул энэ дугаарыг сонсож амжаагүй байгаа хүмүүст зориулан ийнхүү санал болгож байна.

ШУУД СОНСОХ: Дугаар18 "Mindset" Кэрол Двэк

Номын зохиолч болох Кэрол Двэк олон жилийн хугацаанд маш олон оюутан, залуус болон бизнесийн салбарынханд сэтгэл зүйн хичээл, лекц орж ажиглалт хийсний үр дүнд энэхүү номыг бүтээжээ.

Тэрбээр хүний сэтгэлгээг хоёр төрөлд ангилсан бөгөөд эдгээр хоёр сэтгэлгээ нь хүний амьдралын бүхий л түвшний харилцаа, ажил амьдрал, ирээдүйд хэрхэн нөлөөлдөг талаар бичсэн байна.

Сэтгэлгээний хоёр төрөлд:

  1. ТОГТМОЛ СЭТГЭЛГЭЭ /fixed mindset/ болон
  2. ӨСӨН ХӨГЖИХ СЭТГЭЛГЭЭ /growth mindset/ байдаг гэжээ.
 "Mindset" номоос авах дөрвөн гол санаа

1. Тогтмол болон өсөн хөгжих сэтгэлгээний ялгаа

  • Тогтмол сэтгэлгээ гэдэг нь аливаа хүний зан чанар эсвэл чадвар нь анх төрөх үедээ байсан шиг тэр хэвээрээ л үлддэг хэмээн боддог сэтгэлгээг хэлнэ. Ж нь, бидний хэлж заншсанаар энэ хүүхэд төрөлхийн хөгжмийн эсвэл тоо бодох авьяастай гэж хэлдгийг дурдаж болно.

  • Харин өсөн хөгжих сэтгэлгээ нь тогтмол сэтгэлгээний эсрэг бөгөөд уйгагүй хөдөлмөрлөж, сургуулилт хийж, хичээл зүтгэл гаргасны үр дүнд хэзээ ч өөрчлөх боломжтой чадвар/мэдлэг/үзэл бодол тэрхүү сэтгэлгээг хэлдэг байна.

Тогтмол сэтгэлгээ нь өсөн хөгжих сэтгэлгээтэй харьцуулахад хүмүүст илүү давамгайлж илэрдэг талаар зохиолч онцолсон байдаг. Учир нь бидний амьдарч буй нийгэм хувь хүмүүст тогтмол сэтгэлгээ суулгах өгөгдлийг цаанаас нь өгч иржээ.

Тухайлбал, спорт эсвэл урлагийн салбарт амжилт үзүүлж, манлайлж буй хүмүүсийг нийгмийн дийлэнх нь бурхнаас заяасан авьяастай хүмүүс гэж хардгаар энэ сэтгэлгээг зохиолч нотолжээ.

Гэвч энэ нь өрөөсгөл ойлголт бөгөөд тэр хүний урт хугацааны туршид гаргасан хичээл зүтгэлийг харалгүйгээр ийнхүү дүгнэдэг нь нийгэм дэх ТОГТМОЛ СЭТГЭЛГЭЭний илрэл аж.

Үүний бодит жишээ бол дэлхийн сагсан бөмбөгийн домог болсон Майкл Жорданы амжилт. Ихэнх хүн түүнийг төрөлхийн сагсан бөмбөг тоглох авьяастай хэмээн боддог ч тэрбээр амьдралынхаа олон жилийн туршид асар их тэвчээр, хичээл зүтгэл, хөдөлмөр гаргасны үр дүнд ийнхүү домогт тамирчин болсон гэдэг талаар нь хардаггүйг дурджээ.

2. Хүүхдээ хэрхэн өсөн хөгжих сэтгэлгээтэй болгох вэ?

Өмнө дурдсанчлан сэтгэлгээг хүн ойр дотны хүмүүсээсээ олж авдаг. Үүнтэй холбогдуулан хүүхдээ өсгөхдөө тогтмол сэтгэлгээтэй гэхээс илүүтэй хэрхэн өсөн хөгжиж, цаашид илүү их зүйлийг бүтээх эрмэлзэлтэй хүн болгох талаар мөн тус номонд дурдсан байдаг.

Эцэг, эхчүүд хүүхдээ бага байхаас нь эхлүүлэн ямар нэгэн зүйл сурч, амжилт гаргах үед нь миний хүү угаасаа л авьяастай, мундаг учраас ингээд чадаж байна гэж магтах нь элбэг байдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Гэвч энэ нь хүүхдийг тогтмол сэтгэлгээтэй болгоход нөлөөлдөг бөгөөд хүүхэд дараа нь би угаасаа л ийм мундаг эсвэл төрөхөөсөө л би ингэж чаддаг байсан гэсэн бодолтой болоход нөлөөлдөг байна.

Харин үүний оронд хүүхдээ өсөн хөгжих сэтгэлгээтэй болгохын тулд ямар нэгэн зүйл дээр ахиц, дэвшил гаргах үед нь миний хүү өмнөхөөсөө илүү сайн болсон байна, цаашид ч мөн илүү хичээж үүнээс илүү амжилт гаргахыг хичээгээрэй гэх талаас нь урамшуулах нь ирээдүйд тогтмол сэтгэлгээтэй болгоход нь тусалдаг талаар онцолжээ. Өөрөөр хэлбэл аливаа зүйлээс гарч буй АХИЦыг нь илүү тодотгож, урамшуулахыг зохиолч зөвлөж байна.

3. Манлайлагч хүний сэтгэлгээ

Манлайлагч хүн өсөн дэвших сэтгэлгээтэй, бэрхшээлээс эмээдэггүй, өөрийгөө болон бусдыг өсөн дэвшиж хөгжихөд дэмжиж, тусалдаг байх мөн эргэн тойрондоо өсөн дэвших орчин, уур амьсгалыг бий болгодог хүнийг хэлнэ хэмээн зохиолч бичжээ.

Хоёр сэтгэлгээний ялгааг зохиолч нийгэм болоод хүүхэд сурган хүмүүжүүлэхээс гадна ажил, бизнесийн орчинд хэрхэн илэрдэг талаар мөн бичсэн байдаг.

Тогтмол сэтгэлгээтэй манлайлагч хүний төрөлхийн авьяас, чадварт итгэдэг бөгөөд төрөлхийн ийм чадвартай хүмүүс л бусдыг удирдаж, өөрчлөлтийг авчирдаг хэмээн боддог аж.

Ийм төрлийн манлайлагчид бусдаас ирж буй шүүмжлэл, санал хүсэлтийг хүлээж авахдаа муу, илүү хаалттай байх хандлагатай байхаас гадна алдаа гаргахаас айдаг ба гаргасан тохиолдолд бусад руу чихэх хандлагатай байдгийг онцолжээ.

Харин өсөн хөгжих сэтгэлгээтэй манлайлагчид бусдын болоод өөрийнхөө хичээл зүтгэлд итгэдэг бөгөөд ямар ч хүн хангалттай хичээл зүтгэл гаргаж чадвал удирдагч болж, бусдад үлгэр дуурайл үзүүлж чаддаг хэмээн боддогоороо ялгаатай.

Үүний тод жишээгээр зохиолч General Electric -ийн гүйцэтгэх захирал асан Жак Вэлшийг онцолжээ.

 

Тэрбээр 1980 онд анх тус компанийн гүйцэтгэх захирлаар  томилогдож байсан ба тухайн үед компанийн зах зээл дах үнэлгээ 14 тэрбум доллар байжээ. Тэр үеэс хойш 20 жилийн хугацаанд компанийг удирдсаны үр дүнд компанийн үнэлгээг 490 тэрбум доллар хүртэл болгон өсгөж, компанидаа асар их өөрчлөлтийг авчирж байсан талаар өгүүлжээ.

Түүний гаргасан энэхүү өөрчлөлтийг зохиолч номондоо илүү дэлгэрэнгүй тайлбарласан бөгөөд түүнийг захирал болохоос өмнө компанийн удирдлага ажилчдадаа зөвхөн тогтмол сэтгэлгээгээр удирддаг байжээ. Харин Жак удирдах болсноор компанийг тэр чигээр нь өсөн дэвшиж, хөгжих сэтгэлгээгээр удирдаж эхэлснээр ийнхүү тус компанийн түүхэнд байгаагүй эерэг үр дүнг авчирсан байна.

4. Харилцаа ба сэтгэлгээ

Энэхүү номонд зохиолч сэтгэлгээний ялгаатай байдлыг хосуудын хооронд хэрхэн илэрдэг талаар хөнджээ.

Тогтмол сэтгэлгээтэй хосуудын хооронд аливаа асуудал гарахад тухайн хүмүүс бие биерүүгээ буруугаа чихэж, нөгөө хүнийхээ зан чанарыг өөрчлөгдөхгүй хэмээн хардаг аж.

Харин өсөн дэвших сэтгэлгээтэй хосуудын харилцаа хамтдаа хөгжиж, бие биенээсээ суралцаж, өөрчлөгдөж, илүү өсөн дэвшиж харилцаагаа улам баталгаажуулж байдаг бөгөөд ийм төрлийн сэтгэлгээтэй хүмүүсийн харилцаа илүү удаан үргэлжлэх хандлагатай байдаг талаар мөн дурджээ.

"MINDSET" хүн бүрт өсөн хөгжиж, дэвших сэтгэлгээг өөрт суулгахад анхаарах зөвлөгөөнүүдийг тус тус өгснөөрөө хувь хүний хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахуйц бүтээл болсноороо алдаршсан байна. Хамгийн чухал зүйл бол өсөн дэвжих сэтгэлгээг та хэдэн насандаа ч өөрт төлөвшүүлэх боломжтойг зохиолч онцолжээ.