Индэр    
2019 оны 2 сарын 27
Зураг
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.
Зураг
iKon.mn сэтгүүлч

"Unlock" подкаст эрхлэгчдийн САНАЛ БОЛГОХ 5 НОМ: Дэлхийн шилдэг номуудыг цагийн дотор "УНШИХУЙ"

Зураг
Гэрэл зургийг: MPA.mn

Замын түгжрэл дунд уйдан суух зуураа эсвэл явган алхаж байхдаа, гэр ахуйн ажлаа хийхдээ, кофе уух зуураа, ... цагийг илүү үр ашигтайгаар ашиглах боломжийг сонсдог ном эсвэл подкастууд олгодог.

Тиймээс ч бид монгол залууст подкастаар дамжуулан богино хугацаанд дэлхийн шилдэг номуудын тухай мэдээллийг авах боломжийг олгож буй "UNLOCK" подкастын санаачлагчдыг танилцуулж байна. 

АНУ-ын Edison Research Infinite Dial байгууллагын гаргасан судалгаагаар энэ сарын байдлаар дэлхий даяар идэвхтэй, байнгын дугаар гаргадаг 660,000 гаруй подкаст байгаа бөгөөд эдгээрээс нийт 28 сая орчим цуврал, анги гарсан хэмээн тооцон гаргажээ.

Сонсдог контент болох подкастын дийлэнхийг АНУ бүтээдэг аж. Түүнчлэн 2018 онд гаргасан судалгаагаар АНУ-ын нийт хүн амын 44 хувь нь подкаст сонсдог бөгөөд эдгээрийн 49 хувь нь гэртээ, 22 хувь нь замын хөдөлгөөнд оролцож, автомашин, нийтийн тээвэрт явж байхдаа үлдсэн нь бусад газарт сонсдог гэсэн тооцоолол гаргаж байв.

"UNLOCK" подкастын санаачлагчид болох Наги, Дээгий, Тэгшээ гэх нэрээрээ танил болсон О.Батнайрамдал, Ц.Дэлгэрцэцэг болон Б.Тэгшбаяр нар одоогоос хоёр жилийн өмнө анхны дугаараа Ашли Вансын "Илон Маск" номын мэдээллээр эхэлж байсан түүхтэй. Тэр үеэс хойш хоёр долоо хоног бүр сонгож авсан номоо товчлон, нэг цагийн дотор уншигч, сонсогчдод хүргэсээр өдгөө 50 гаруй дугаарын ард гарч, монгол залуучуудын хамгийн их сонсох дуртай подкастуудын нэг болжээ.

Бид тун удахгүй "UNLOCK"-ийнхантай хамтран ажиллаж эхлэх гэж буйгаа үүгээр дуулгаж байна.

Ингээд "Unlock"-ын хамт олонтой хийсэн ярилцлагыг хүргэж байна.

-Анх "Unlock" подкастыг эхлүүлэх болсон санаагаа хэрхэн олж байсан вэ?

-Тэгшээ: Япон улсад оюутан байх цагаасаа эхлүүлэн ажил, гэрийн хооронд явах замаа аль болох үр бүтээлтэйгээр өнгөрүүлж, мэдлэг олж авах зорилготойгоор подкаст сонсож эхэлсэн. Тухайн үед миний сонсдог байсан подкастуудын дийлэнх нь англи хэл дээр байсан бөгөөд монгол хэл дээрх подкаст гарахыг олон жил хүлээсэн.

Гэвч удаан хүлээсний эцэст монгол подкаст тухайн үед хараахан гараагүй байсан тул монгол залуучуудад бага ч гэсэн мэдээлэл өгч, тус болох зорилгоор Дээгийтэй хамтран подкаст эхлэхээр сэтгэл шулуудсан.

Бид энэхүү подкастаар дамжуулан өөрсдийн үзэл бодлоо бус харин олон арван жилийн хугацаанд, судалгааны үндсэн дээр бүтсэн баримтат номыг тэр чигээр нь хүргэхийг зорьсон юм. Түүний дараагаар Наги нэгдэж гурвуулаа болсон.

-Бие биенээ хэрхэн олсон бэ?

-Наги: Өмнө дурдсанчлан Тэгшээ Дээгий хоёр маань подкастыг анх эхлүүлж байсан. Подкаст хийж эхлэх үед би Нью-Йорк хотод ажиллаж, амьдарч байсан. Тухайн үед Тэгшээ мөн Нью-Йорк хотод ажиллаж байсан ба тэр үед бид хоёр танилцаж, подкаст хийж эхлүүлж байгаа талаар нь анх мэдэж байсан.

 
Гэрэл зургийг: MPA.mn

Миний хувьд ч мөн янз бүрийн подкастаар дамжуулан олон зүйлийг сурч, сонирхолтой мэдээллийг хүлээн авдаг тул Тэгшээгийн энэ санаа ихэд ойр санагдаж, таалагдаж байсан. Мөн нэгэнтээ л бид ямар нэгэн хэмжээгээр ном уншдаг тул уншсан номоо хураангуйлаад, монгол залуучууддаа хүргэе гэсэн санаа их таалагдсан. 

Ингээд бид гурав нийлээд анхны подкастын дугааруудаа хийж эхэлсэн. Мэдээж эхэндээ ажлын хажуугаар цаг заваа зохицуулж, богино хугацаанд ном уншаад, түүнийгээ бусдад ярьж, бичнэ гэдэг хүндрэлтэй санагдаж байсан. Тодруулбал, Дээгий Тэгшээ хоёр Токиод би Австрали улсад амьдарч байсан тул цагийн зөрүү гэх мэт жижиг бэрхшээлүүд тулгарч байсан.

Мөн нэгэн инээдтэй зүйл дуулгахад бид гурав одоог хүртэл гурвуулаа хамтдаа уулзаж амжаагүй л явна. Дандаа хоёр хоёроороо л уулзаж байсан.

-Нэг цагийн дотор бүтэн нэг номыг базаж, гол санааг нь багтаана гэдэг амаргүй байх, үүнээсээ хуваалцахгүй юу?

-Наги: Хоёр жилийн хугацаанд бидний хийсэн ихэнх дугаарууд гурван өөр газраас бичигдсэн байдаг. Ихэнхдээ өглөө эрт эсвэл ажлын дараа оройн эсвэл бүр шөнөөр ч бичдэг байсан. Одоо ч гэсэн Тэгшээ маань АНУ-д байхад бид хоёр энд Монголдоо байх жишээтэй.

Бид подкастаа хийж эхэлж байх үед хэдий хугацаатай хийвэл сонсогчдод илүү хүртээлтэй, уйтгартай биш байх талаар судалж, сонсогчдоосоо сэтгэгдлийг нь сонссоны үр дүнд нэг цагийн дотор заавал багтаах гэсэн зарчмыг гаргаж авсан.

-Подкастын дугаарт оруулах номоо хэрхэн сонгодог вэ? Ямар нэгэн шалгуур байдаг уу?

-Дээгий: Подкастын дугаарт оруулах номоо сонгоход үндсэн хоёр шалгуур тавьдаг:

  1.  Хэр их хүмүүст таалагдаж, борлуулалт өндөр болж байсан бэ, 
  2. Тухайн үед бидний уншмаар байгаа сэдэв мөн эсэх, өмнө нь уншиж, давтагдаж байгаагүй эсэх гэсэн шалгуурыг тавьж, унших номоо сонгож авдаг байгаа. 

Түүнчлэн эдгээрээс гадна уран зохиолын бус баримтат ном байх гэдэг нь хамгийн үндсэн шалгуур гэдгийг онцлох нь зүйтэй. Сонсогчдодоо илүү өгөөжтэй байлгахын тулд сэтгэл судлал, бизнес менежмент, хувь хүний хөгжил, хүүхдийн хүмүүжил, эрүүл мэнд, боловсрол, алдартнуудын намтар, түүх гээд олон талыг хамарсан, цогц мэдээлэл өгөхүйц номыг сонгодог байгаа.

 
Гэрэл зургийг: MPA.mn

Мөн бидний сонсогчдоос маш их санал ирдэг. Тэр болгонд нь бид тухайн номны талаарх рейтинг, сэтгэгдлийг нь судалж, “Wishlist”-дээ оруулдаг байгаа. Бид хоороондоо ч гэсэн ямар ном уншиж, бусадтай хуваалцах талаараа ярилцсаны дараагаар унших номоо сонгодог.

Учир нь уншиж байгаа хүн нь өөрөө тус номонд илүү сонирхолтой байж л бусдад илүү өгөөжтэйгээр хүргэдэг.

-Хамгийн их сонсогчтой ном аль нь байсан бэ?

-Наги, Дээгий: Хамгийн их сонсогчтой номоор хэд хэдэн ном шалгарч байна. Тодруулбал "Power of Habit" буюу "Дадал зуршлын хүч" хамгийн их сонсогчтой 50,000 удаа сонсогдсон номоор тодорч байгаа. 

Хоёр дахь нь Илон Маскийн намтар ном мөн 40,000 удаа сонсогдсон, мөн АНУ-ын Тэргүүн хатагтай асан Мишэль Обамагийн “Becoming” ном хэдий өнгөрөгч арваннэгдүгээр сард гарсан ч богино хугацаанд нийт 34,000 удаа сонсогдсоноор тус тус багтаж байна.

Мөн “Дадал зуршлын хүч” номын дугаар гарсан цагаасаа хойш Монголын хамгийн их сонсогдсон, эрэлттэй таван подкастын дунд удаан хугацааны туршид батган явж байна. Бидний анзаарснаар зарим дугаарыг хүмүүс 10, 20 удаа эсвэл зарим нь бүр өдөр болгон сонссон гэсэн статистик мэдээлэл ирээд байна.

 
 
 

-Тайлбарлаж ярихад хамгийн их бэлтгэл шаардсан ном аль нь байв?

-Энэ тал дээр бидний зүгээс санал нэгтэйгээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтоны “What Happened?” буюу “Юу болоод өнгөрөв?” ном байсан гэж хэлнэ.

Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн хэдий ч ялагдсан байдаг. Уг номондоо яагаад сонгуульд ялагдсан талаарх өөрийн санаа бодлоо 750 гаруй хуудсанд шингээсэн байдаг. Тус номыг бид гарснаас нь хойш хоёр долоо хоногийн дотор сонсогчдодоо хүргэсэн нь тухайн үеийн нөхцөл байдалтай шууд холбоотой.

 

Тухайн номны дугаараа хийсний дараагаар бид санаагаа гүйцэд багтааж чадаагүй мэт санагдаж, сэтгэлд нийцэхгүй байсан тул хоёр дахь дугаарыг нь гаргаж байсан.

Энэ нь бидний гаргасан цорын ганц хоёр ангитай дугаар болсон. Хоёр дахь дугаар дээрээ номын товчлол бус номын талаарх цэвэр сэтгэгдлүүдээ хуваалцаж байсан. Тэр үед сонсогчдоосоо та нар хэтэрхий улс төржлөө гэсэн шүүмжлэл хүлээн авч байсан зэргээрээ хамгийн ээдрээтэй дугаар болсон гэж хэлж болно.

 
Гэрэл зургийг: MPA.mn /Зүүн гар талаас `Unlock` подкастын бүтээгч Ч.Дэлгэрцэцэг, iKon.mn сайтын сэтгүүлч О.Булган,`Unlock` подкастын бүтээгч О.Батнайрамдал/

-Сүүлийн үед залуучууд “Unlock” подкастыг ихэд шимтэн сонсож, аль болох дугаарт орсон ном болгоныг авч, унших сонирхолтой болсон нь анзаарагдаж байна. Үүнд та бүхэн хэрхэн урамшиж байна вэ?

-Дээгий: Олон сонсогч биднээс энэ номыг хаанаас, яаж олж унших вэ, монгол хэлээр орчуулагдсан болов уу гэх мэт асуултуудыг ихэд тавьдаг. Гадаадад байх хугацаанд бидний зүгээс монголд байгаа номын олдоцын талаар хариулахад хүндрэлтэй байсан.

Харин Монголд ирсний дараагаар номын хэвлэлийн газруудаас их санал тавьж эхэлсэн. Тодруулбал, бидний подкастын дугаарт орж буй орчуулагдсан номын зарагдаж буй байршил зэргийг сонсогчдод санал болгох, мөн манай сонсогчдод хөнгөлөлттэй үнээр борлуулах зэрэг саналыг тавьсан. Эхнээс нь хэрэгжүүлээд эхэлсэн, тун удахгүй сонсогчдодоо мэдээлэх болно.

-Наги: Гадны улс оронд маш олон тооны подкастууд өдөр бүр гарч, сонсогчдод хүрч байдаг хэдий ч зөвхөн номын товчлол, хураангуй хийдэг подкастууд их сонсогчтой байх тохиолдол цөөхөн байдаг.

Алдартай хүмүүсийг зочноор урьж оролцуулдаг подкастууд илүү эрэлттэй, олон сонсогчтой байдаг. Тийм учраас монгол залуучууд ийм төрлийн подкастыг ихэд шимтэн сонсож буй нь сайн хэрэг юм.

-Цаашид подкастттай холбогдуулан ямар нэгэн шинэ ажил хийхээр төлөвлөж байгаа юу. Хэрэв тийм бол түүнээсээ хуваалцахгүй юу?

-Дээгий: Подкастаар номыг сонсож байгаа ч гэсэн дараа нь тус ном дээр юуны тухай гардаг билээ гээд эргээд харах тэмдэглэлүүд байх хэрэгтэй юм шиг санагддаг.

Тухайлбал, миний сонсох дуртай “We study Billionaires” подкастынхан номын талаарх тэмдэглэлүүдээ тусгай үнэтэйгээр сонсогчдодоо хүргэдэг. Тийм учраас подкастын дугаар бүрийн цаана тэмдэглэл хөтөлж, илүү олон сонсогчдод хүргэх зорилготойгоор iKon.mn-тэй хамтран ажиллах болсныг дуулгахад таатай байна.

Түүнчлэн МҮОНРТ-ийн Өглөө хөтөлбөрийн амралтын өдрүүдийн дугаараар “Ном танилцуулах” булантай болж байгаа. Тус булангаар бид өмнө уншиж, подкастад оруулсан эсвэл орох номуудын талаар богино хугацаанд танилцуулж, хүмүүст мэдээлэл өгөх зорилготой юм.

Бидний подкаст хийж буй гол зорилго дэлхийн олон сая уншигчдыг байлдан дагуулсан номуудыг аль болох олон монгол залуучуудад хүргэх.

Түүнчлэн "Unlock" подкастыг хараахан сонсож үзээгүй шинэ уншигч, сонсогчдод болон залуустаа зориулан "Unlock" подкастын хамт олны зүгээс өөрсдийн хамгийн дуртай, заавал уншихыг зөвлөх таван номыг та бүхэнд санал болгож байна.

  1. "How will you measure your life?" Клэйтон Кристенсэн
  2. "Becoming" Мишэль Обама
  3. "Mindset" Кэрол Двэк
  4. "Positive Discipline" Жэйн Нелсэн
  5. "Nudge" Ричард Тайлэр

Түүнчлэн та бүхэн Unlock-ийн дугааруудыг сонсохыг хүсвэл тэдний Soundcloud аккаунтаар зочлох боломжтой.