Индэр    
2019 оны 3 сарын 23
Зураг
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.
Зураг
iKon.mn сэтгүүлч

#UNLOCK 4: "Эерэг хүмүүжил" олгох 12 арга

Зураг

Дэлхий даяар хэвлэмэл хувилбараараа 700 мянга гаруй хувь борлогдон, эцэг, эхчүүдийн уншвал зохих номын тоонд багтсан сэтгэл зүйч, сурган хүмүүжүүлэгч Жэйн Нелсэний бичсэн “Positive discipline” буюу “Эерэг хүмүүжил” номыг UNLOCK подкаст болон iKon.mn хамтран танилцуулж байна. 

“Эерэг хүмүүжил” нь анх 1981 онд хэвлэгдсэн ч өнөөг хүртэл үнэ цэнээ алдаагүйгээр үл барам нас, насны онцлогоос нь хамааран хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх, харилцаан дээрээ анхаарах тухай өгүүлсэн эцэг, эхчүүд болон сурган хүмүүжүүлэгчдийн “гарын авлага” болоод буй.  

Энэхүү номд хүмүүжүүлэх гэдэг нь шийтгэх гэсэн үг огтоос биш бөгөөд шийтгэл нь богино хугацаанд үр дүн үзүүлж болох ч урт хугацаандаа хор уршигтай хэмээн өгүүлдэг. 

“Positive discipline” буюу “Эерэг хүмүүжил” ном нь 12 бүлэгтэй ба бүлэг бүрт өгсөн зөвлөгөөгөө жишээгээр баяжуулсан нь эцэг, эхчүүдэд “яаж?” гэх асуултынхаа хариуг авах боломжийг өгчээ. 

Номын тухай "Unlock" подкастыг ШУУД СОНСОХ: Дугаар 32 "Positive discipline" 

Доктор Жэйн Нелсэний санал болгох эерэг хүмүүжлийн аргууд болон түүнийг хэрхэн хэрэгжүүлж болох талаар танилцуулж байна. 

Бүлэг 1. Эерэг хүмүүжлийн аргууд
 

Үгэнд тань орохгүй байгаа хүүхдэдээ хэрхэн хандах вэ?

Эерэг хүмүүжлийн аргыг хахуульдах, загнах, зодох аргатай харьцуулсан жишээг авч үзье. Заримдаа хүүхэд өглөөд өглөөний цайгаа уухаас гадаа тоглохыг илүүд үздэг. Энэ үед ээж нь хоол идсэн хүүхэд том болдог гэж учирлах, улам даамжирвал "хадны мангаа"-гаар айлгадаг. Ингэх тусам хүүхэд зөрүүдэлж, ээж нь ч нэлээд цагаа үрнэ. Тэгвэл эерэг хүмүүжлийн аргыг хэрэглэх нь ямар ялгаатай вэ?

Эерэг хүмүүжил бол сонголт өгдөг. Жишээлбэл, гадил идэх үү, каш идэх үү гээд хүүхдээсээ асуугаад үз. Хэрэв алийг нь ч идэхгүй гэвэл өглөөний цайгаа уухгүй бол өдрийн хоол хүртэл хоол хийж өгөх боломжгүй хэмээн эелдэг хэлнэ. Ингэснээр хүүхэд өдрийн хоол хүртэл хүлээхэд өлсвөл өглөөний хоолыг заавал идэх хэрэгтэйг өөрөө ойлгоно. Энэ тохиолдолд сануулахад, хэлсэн үгэндээ бат зогсох хэрэгтэй бөгөөд өдрийн хоол болохоос өмнө хүүхэд тань өлслөө гэвэл хоол хийж өгөх хэрэггүй. Хэрэв хэлснээсээ буцвал дахин энэ аргыг хэрэглэх нь үр дүнгүй.

Бүлэг 2. Эерэг хүмүүжлийн аргуудыг өдөр тутамдаа яаж хэрэгжүүлэх вэ?

Хүүхэд буруу зүйл хийсэн, алдаа гаргасан үед хамтдаа үүнийг хэрхэн шийдэж болохыг ярилцах хэрэгтэй. Хэрэв хүүхэд багшдаа загнууллаа гэж хэлэхэд ээж, аав нь зүгээр байхад чамайг загнахгүй, чи юу хийсэн бэ гээд анхнаасаа буруутгасан янзтай асуувал энэ талаар хүүхэд ярилцах сонирхолгүй болдог. Харин эерэг хүмүүжлийн аргыг ашиглахдаа өөртөө тохиолдож байсан үүнтэй төстэй тохиолдлыг ярьж өгөөрэй.

 

Тухайлбал, ангийнхныхаа өмнө загнуулах таагүй гэдгийг хүлээн зөвшөөрч, ээж/аав нь багадаа шалгалтын үеэр харандаа үзүүрлэгч хүүхдээс автал багшдаа их зэмлүүлсэн. Би түүнийг их шударга бус гэж бодсон хэмээн өөрт тохиолдсон явдлаа хуваалцаж болно. Хүүхэд энэ үед эцэг, эх нь ч мөн төстэй байдалд орж байсныг сонсоод сэтгэлээ нээдэг тухай номд өгүүлсэн байдаг. Харин дараагийн удаад алдаагаа давтахгүйн тулд яах ёстой тухайгаа хүүхэдтэйгээ ярилцахдаа аль болох өөрөөр нь хувилбар гаргуулах хэрэгтэй.

Ингэснээр алдаа бол том зүйл биш, ярилцаад засаж болдог гэдгийг ойлгох бөгөөд алдаагаа шударгаар хүлээж, засаж залруулах хувилбарыг гаргадаг хүн болдог. Анхнаас нь загнаад байвал алдаагаа нуудаг болдог гэдгийг анхаараарай. 

Бүлэг 3. Айлын хэд дэх хүүхэд вэ гэдгээс шалтгаалан хэрхэн хандах вэ?

Айлын том, дунд эсвэл бага хүүхэд үү гэдгээс хамаарч зан төлөвшил өөр өөр бий. Жишээлбэл, айлын том хүүхдүүд голдуу дүү нартаа үлгэр дуурайлал болохыг хичээдэг, хариуцлагатай байх хандлагатай байдаг. Бага хүүхдүүд анхаарлын төвд байх нь хамгийн чухал гэж боддог, бусдаар хайрлуулж, хүрээлүүлэх дуртай. Дунд хүүхдүүд бусдын арга эвийг олж, харилцах чадвартай буюу “дипломат” шинж чанартай байдаг гэжээ.

Харин ганц хүүхдүүд том эсвэл бага хүүхдийн шинж чанарын аль нэгийг хадгалсан байхын зэрэгцээ бусдаас онцгой байхыг илүүд үздэг. 
Тиймээс хүүхдүүдийнхээ онцлогт тохируулан харилцах хэрэгтэй. Айлын бага хүүхдүүд чаддаг байсан ч хүнээр юмаа хийлгэхийг боддог тул хариуцлагатай болгоход анхаарч, ажил даалган чи өөрөө хийх ёстой, чамайг хийж чадна гэдгийг мэдэж байна гэх зэргээр түлхэц өгвөл нийгмийн амьдралд нь тустай зан чанарыг төлөвшүүлж болох юм.

Бүлэг 4. Болчимгүй үйлдэл хийхэд нь ямар өнцгөөс харах вэ?

Хүүхэд зөрүүдлэн, сахилгагүйтэх нь аав, ээжээсээ халамж анхаарал хүсэж байгаагийн илрэл бөгөөд энэ үед хүүхэд дөрвөн ташаа зүйлд итгэдэг. Тэдгээр нь:

  1. Буруу зүйл хийгээд байвал ээж, аав намайг анхаарна.
  2. Ээж, ааваас зөрүүдлээд байвал би өөрийнхөөрөө байж чадаж, хүмүүс намайг юм хий гэж шаардахгүй. 
  3. Намайг юу ч хийгээгүй байхад намайг гомдоож байгаа юм чинь би ч бас гомдооё.
  4. Би угаасаа муу болохоор намайг тоодоггүй, би угаасаа юу ч чаддаггүй.

Ийнхүү буруу зүйлд итгэсэн бол яаж засаж, залруулах вэ гэвэл аав, ээжийнхээ анхаарал татахаар оролддог хүүхдэд хүүхдэд ажил хариуцуулж, өөртөө туслуулан, чамайг чадна гэдэгт итгэж байна хэмээн хэлж, урам зориг өгч байх хэрэгтэй. 

Хүний хэлснээс үргэлж зөрүүдлээд байгаа хүүхдийг ээж/аав нь чамайг албадаж чадахгүй, чамайг хүндэтгэж байна, харин чи надад туслах уу, хамтдаа хийе гээд эелдэг зөөлнөөр хэлэх нь үр дүнтэй байх болно. Харин гурав дахь зүйлд итгэж байгаа хүүхдээсээ уучлалт гуйх хэрэгтэй ба хэрэв хүүхэд тань  дөрөв дэх зүйлд итгэсэн буюу өөрийгөө үнэ цэнгүй гэж бодож байгаа бол чамайг чадна гэдгийг мэдэж байна. Бид үргэлж чиний ард байгаа гэж ойлгуулснаар засаж чадна хэмээн доктор Жэйн Нелсэн зөвлөжээ.

Бүлэг 5. Хийсэн зүйлийнх нь үр дагаврыг хэтрүүлэн үүрүүлэх нь аюултай

Хүүхэд цай асгахаар загнан ширээ, шал арчуулаад эхэлдэг. Гэтэл хүүхэд яагаад ийм зүйл болж байгааг ойлгодоггүй бөгөөд шийтгүүлж байна гэж хүлээж авдаг. Логиктойгоор үр дагаврыг үүрүүлэх нь зүйтэй. Ийм үр дагавар гарч болно гэдгийг өмнө нь хэлэх хэрэгтэй юм. 

Мөн эцэг, эхчүүдэд тулгардаг нэг асуудал нь дэлгүүрээс хүссэнээ нэхдэг болгохгүйн тулд эхлээд тохиролцох хэрэгтэй. Дэлгүүрээс тэдэн төгрөгт багтах нэг л зүйл авна гэж хэлж, тохиролцох ёстой аж.  Өөрөөр хэлбэл, хүүхдэдээ тодорхой хэлээд тохирчихвол цаашид илүү амар болдог. 

Бүлэг 6. Үр дагаврыг өөрт нь хүлээлгэх гэхээс илүү алдааны шийдлийг хамтдаа хай 
 

Хүүхэд алдаа хийсэн бол энэ талаар дараа ярилцъя гээд тайвшрах цагийг хэн хэндээ өгөх хэрэгтэй. Сэтгэлээр унасан байхад шийдэл ярих нь тохиромжгүй. Мөн ямар нэгэн таагүй зүйл тохиолдсон үед тайвшрах буланг бий болговол үр дүнтэй. Ингэснээр сэтгэлийн хөөрлөөр асуудалд ханддаггүй болоход тустай. 

Түүнчлэн бусдыг битгий тоо, чи аваад тогло, түрүүлээд ав гэж хэлэхээс илүү чи түүний оронд байсан бол яах байсан бэ гэж хүний оронд өөрийг нь орлуулж бодуулж байх нь чухал. Мөн асуулт асууж, хүүхдээ бодох боломжийг олго. Чи тэглээ гэж шууд тулгахаас илүү өөрөөр нь бодуулах асуултуудыг тавь. 

Бүлэг 7. Хүүхдээ урамшуул

Ээж, аав, багш нар нь хүүхдэд хайр халамжаа мэдрүүлэхийн тулд урамшуулах хэрэгтэй бөгөөд ингэлээ гээд хоосон магтах гэсэн үг биш.

Урамшуулахдаа хийсэн үйлдлийг магт. Зөвхөн сайн зүйл хийхэд нь магтах биш, сэтгэлээр унасан үед нь ч оролдлого хийснийг нь магтаж, урамшуулах ёстой. Жишээлбэл, тэмцээнд хожигдсон хүүхдээ амжилт гаргахаар оролдож байгаа чинь үнэхээр сайн хэрэг, цаашид улам хичээх хэрэгтэй шүү гэх мэтээр урамшуулах хэрэгтэй. 

Бүлэг 8. Ангийн хурал

Ангийн хурлыг бага ангид өдөр бүр, дунд ангид 2-3, ахлах ангид нэг удаа хийх нь зүйтэй. Хурлаар багш ерөнхийлөн чиглүүлэх үүргийг гүйцэтгэж, удирдах эрхийг сурагч нарт өгөх нь зөв. Энэ үеэр нэгнийхээ сайн талыг магтан, сайшаалтай зүйл хэлэх боломжийг олгосноор хоорондын харилцааг нь сайжруулахад тустай. 

Ангид ямар нэг асуудал тулгарвал ангийн хурлаар авч хэлэлцэх жагсаалтад оруулж, бүх хүүхэд түүнийг хэрхэн шийдэх талаар өөрсдийн санал бодлыг хэлүүлэх нь зүйтэй. Үүний үр дүнд хүүхдүүд шийдлээ олж, нэг асуудлыг шийдэх олон янзын арга байдаг гэдгийг ойлгохын дээр бусдын үгийг хүлээцтэй сонсож, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж сурдаг ажээ. Мөн ангид хийх ажил үүргийн хуваарилахдаа хэн ширээгээ арчих вэ, хэн хог шүүрдэх вэ гэх зэргээр өөрсдөөр нь хийлгүүл.

Бүлэг 9. Гэр бүлийн хурал

“Шидэт хайрцаг”.

Энэ бол гэр бүлийн хурал дээр хүүхдүүдийн гарсан шийдвэр. Том өрөөнд хөглөрөх тоглоом, бичиг цаасыг хэрхэн шийдэх вэ гэхэд дээрх шийдлийг гаргасан нь энэ. “Шидэт хайрцаг”-т өдрийн төгсгөлд хөглөрсөн зүйлсийг хийх бөгөөд долоо хоногийн сүүл болтол задрахгүй. Тиймээс түүнд эд зүйлээ оруулахгүйн тулд бүгд эд зүйлсээ цэгцтэй байлгахыг эрмэлзэнэ. 

Энэ мэтчилэн гэр бүлийн хурлаар асуудлуудыг хэлэлцэн, шийдлийг хүүхдүүдээсээ асуух хэрэгтэй юм. Гэр бүлийн хурлыг долоо хоногт нэг удаа хийж, гурваас дээш насны хүүхдүүдээ оролцуулна. Түүнчлэн хурлын төгсгөлд гэр бүлийнхэн хамтдаа хийж болох зугаатай зүйлийг үргэлж төлөвлөх нь чухал. Тэгснээр гэр бүлийн хурлыг хүнд биш зугаатай зүйл гэж хүлээж авна. 

Мөн эцэг, эх хүүхдүүддээ долоо хоногт тодорхой цагийг зориулж байх хэрэгтэй. Зөвхөн нэг хүүхдэдээ л зориулж, хамтдаа өнгөрүүлснээр тулгамдсан асуудлыг ярилцах боломжтой.

Бүлэг 10. Эцэг, эхчүүдийн зан араншин хүүхдээ өсгөхөд хэрхэн нөлөөлдөг вэ

Хүүхдүүд гурван наснаасаа эхлэн амьдралынхаа туршид баримтлах зарчмаа өөрсдөө ч мэдэлгүйгээр тодорхойлдог. Ерөнхий дөрвөн хэв шинж бий. Энэ нь:

  • Бусдын анхаарал халамжийг хүртэх нь чухал
  • Байдлыг гартаа авч, хувь заяаныхаа эзэн болох
  • Хүмүүст нь таалагдах нь чухал
  • Бусдаас илүү байх ёстой гэж боддог. 

Эд бүгд сайн талуудтай боловч бас сул талтай. Өөрийгөө ямар үнэ цэнийг төлөвшүүлснээ анзаарвал хүүхдээ хүмүүжүүлэх сул тал, давуу талаа анхаарах боломжтой.

Бусдаас илүү байх ёстой гэж боддог хүмүүс хүүхдэдээ өндөр шаардлага тавьдаг байх магадлалтай. Тэрхүү өндөр шаардлагыг хүүхэд биелүүлдэг ч нөгөө талдаа алдаа хийхээс айдаг, гаргасан амжилтдаа сэтгэл дундуур байж, дараагийнхдаа шунадаг байна. Үүнийг эерэг хүмүүжлийн аргаар засахын тулд алдаа гаргах нь хэвийн зүйл агаад шийдэл үргэлж байдаг гэдгийг хэлж захих нь үр дүнтэй. 

Хүмүүст таалагдах нь хамгийн чухал гэж бодож буй эцэг, эх хүүхдүүдийнхээ юу хүсэж байна вэ гэдгээ сайн сонсох нь чухал. Хэрэв бусдын бодлыг дагаж, өөрийн эрмэлзэл, хүслийг дарсаар байвал урт хугацаандаа сэтгэл зүйн дарамтад ордог байна.

Байдлыг гартаа авах хэрэгтэй гэж боддог эцэг, эх нь хүүхдийнхээ санал бодлыг сонсож, шийдвэр гаргалтад оруулж байх хэрэгтэй. Харин бусдын анхаарал халамжийг хүртэх нь хамгийн чухал гэж боддог хүмүүсийн сул тал нь хэт эрхлүүлэх гээд байдаг тул амьдралд дүрэм, журам зайлшгүй байдгийг ойлгуулах нь зөв. 

Бүлэг 11. Бодит жишээнүүд

Хоёр настай ах нь найман сартай дүүгийнхээ толгой руу цохисныг харсан ээж нь дүүг нь хүүхдийн ор руу нь, ахыг нь өрөөнд оруулан хамтдаа тоглож чадахгүй учраас ганцаараа тоглоцгоо гэв. Энэхүү үйлдэл нь хүүхдүүдээ шийтгэж байгаа хэрэг огт биш бөгөөд хоёр настай хүүхдэдээ дүүд нь ч мөн адил хандаж байгаагаа ойлгуулж буй үйлдэл юм. 

Хүүхдүүд нь хоорондоо маргалдахад эцэг, эхчүүд ихэвчлэн багыгаа өмөөрөх гэдэг. Тэгснээр бага хүүхдүүд өөрийг нь өмөөрнө гэж мэддэг тул зоригтойгоор ах, эгчийгээ өддөг байна. Харин том хүүхэд нь аав, ээж надад шударга бус хандаж байна гэж гомддог. Тиймээс хүүхдүүддээ адил тэгш хандах хэрэгтэй бөгөөд өөрсдөд нь үлдээх хэрэгтэй буюу оролцохгүй байхыг хичээ. 

Бүлэг 12. Хүүхдэдээ эерэг, тэвчээртэй, хайр халамжийг мэдрүүл

Номын төгсгөлийн бүлэгт хүүхдэдээ тэвчээртэй хандаж, хайр халамжаа мэдрүүлбэл, эцэг, эхдээ сэтгэлээ уудалдаг болдог тухай өгүүлдэг. Мөн эерэг хүмүүжил гэдэг нь хэт эрхлүүлэхгүй, хэт хатуу байхгүйгээр тэнцвэрийг хадгалах нь чухал гэдгийг онцолжээ. 

 



Мөн танд шинэ мэдээлэл дуулгахад, "Positive discipline" номыг монгол хэлээр орчуулан гаргах албан ёсны зөвшөөрлийг 2018 онд Zerolex компани авсан байна. Тус компанитай холбогдон хэзээ ном хэвлэгдэн гарахыг тодруулахад "Орчуулгын ажил үргэлжилж байна. Бид уг номыг тавдугаар сард худалдаанд гарахаар төлөвлөж байна" гэлээ.