"UNLOCK” подкаст болон iKon.mn хамтран уншигчдын амралтын өдөрт зориулан долоо хоног бүр гаргаж буй номын тэмдэглэлийн энэ удаагийн дугаарт Харвардын Их сургуулийн бизнесийн удирдлагын профессор Клэйтон Кристэнсений 2012 онд гаргасан “How Will you measure your life?” буюу "Та амьдралаа хэрхэн үнэлэн, дүгнэх вэ?" хэмээх номыг хүргэж байна.
Номын зохиолч Клэйтон Кристэнсен 2010 онд Харвардын бизнесийн төгсөгчдөд зориулан уншсан нэгэн лекцэндээ "Ажил, карьертаа хэдий амжилттай явж, амжилтын оргилд ойр хүрсэн ч эргээд амьдралын утга учраа олж харж чадаагүйгээсээ болж аз жаргалгүй амьдрах болсон хүмүүс маш олон байна" хэмээн онцолж, төгсөгчдөд эцсийн замдаа мухардалд хүрэхгүйн тулд, амьдралын утга учир өгөх тэрхүү ажил мэргэжил, сонголт, шийдвэрийг гаргахыг зөвлөсөн байдаг.
Клэйтон Кристэнсен өөрөө Харвардын Их сургуулийн төгсөгч бөгөөд тэрбээр сургуулиа төгссөнөөс таван жилийн дараа ангийнхантайгаа уулзахад тэдний ихэнх нь ажил, амьдралдаа ихэд амжилттай, сэтгэл хангалуун явж байжээ. Тэгвэл дээрх уулзалтаас арав, хорин жилийн дараа дахиад ангиараа уулзалдахад түүний ангийн найзуудын дийлэнх нь ажил, карьер эсвэл хувийн амьдралдаа ямар нэгэн асуудалтай, ямар нэгэн зүйлд санаа нь зовнисон байсан ба өмнө байсан жаргалтай, сэтгэл хангалуун байдлууд нь өөрчлөгдсөн байсныг анзаарчээ.
Тэрхүү амжилттай байсан хүмүүсийн өөрчлөгдсөн энэхүү байдал Клэйтоныг ихэд гайхшруулсан бөгөөд хэдхэн жилийн өмнө амьдралынхаа бүхий л талбарт амжилттай байсан хүмүүс чухам юун дээр алдаж байгааг олж мэдэхийг хүссэний үндсэн дээр тус номыг бичжээ.
Номын тухай "Unlock" подкастыг ШУУД СОНСОХ: Дугаар 23 "How will you measure your life?"
Ингээд профессор Клэйтоны гаргасан амьдралын гурван өөрт талбарт илүү амжилттай, илүү аз жаргалтай амьдралыг цогцлоох боломжтой түүний хувилбараас танилцуулж байна.
Дээрх асуултын хариуг олохын тулд уншигч, сонсогч та өөрийн эзэмшсэн мэргэжил, эрхэлж буй ажлаа яагаад сонгосон талаар эргэн харж, эргэцүүлж бодоход хүргэх байх.
Учир нь ихэнх хүмүүс ажил, мэргэжлээ анхнаасаа буруу сонгож, урт хугацаанд өгөх сайн тал, үр дүнг нь бус магадгүй ойрын хугацаанд өгөх ашиг шимийг нь бодож сонгосноос болж хүмүүс эрхэлж буй ажилдаа сэтгэл хангалуун бус байдаг аж.
Ж-нь, багадаа тийм ч хангалуун бус амьдралтай байсан хүн ажил мэргэжлээ сонгохдоо тэрхүү зүйлээ нөхөхийн тулд түргэн хугацаанд, илүү хялбар байдлаар мөнгө олох боломжтой мэргэжлийг сонгодог талаар дурджээ. Тухайн хүн хүссэн зүйлээ авсны дараагаар энэ нь амьдралын эцсийн зорилго биш гэдгийг олж мэдэн, мухардалд хүрч, аз жаргалгүй амьдралыг эхлүүлдэг байна.
Үүнээс зайлсхийж, ийм нөхцөл байдалтай тулгарахгүйн тулд ажил мэргэжлээ сонгохын тулд дараах хоёр хүчин зүйлийг харгалзан үзэхийг зөвлөж байна:
Цалин хөлс нь мэдээж хүний амьдралын томоохон хүчин зүйл болдог тул хүн бүр үүнийг тэргүүнд авч үздэг. Гэвч үүний хажуугаар урам зориг буюу тухайн ажлын танд өгч буй утга учир, шинэ зүйлсэд суралцаж, өсөн дэвших боломж өгч байгаа эсэх мөн тухайн ажил таныг цаашид хөдлөх хөдөлгүүр болж байгаа эсэх зэргийг харгалзан үзсэний үр дүнд эцсийн мухардалд орохгүй байх боломжийг олгох талаар зохиолч дурджээ.
Тус бүлэгт зохиолч хүний хувийн амьдралыг бизнесийн онолын талаас энгийнээр тайлбарлахыг зорьсон байдаг. Бизнесийн онолд томоохон хөрөнгө оруулалттай компаниуд өөрөөсөө жижиг бизнест хөрөнгө оруулснаар, цаашид урт хугацаандаа илүү их үр ашгаа өгдөг гэж гардаг. Гэвч томоохон компаниуд эдгээр жижиг бизнесүүдэд хөрөнгө оруулалт хийх эсэх дээрээ шийдвэр гаргалгүй байсаар боломжийг алддаг тохиолдол их гардаг аж.
Энэхүү бизнесийн онолыг зохиолч хүүхэд хүмүүжлийн тал дээр авч үзсэн бөгөөд зарим залуу эцэг эхчүүд хүүхдээ бага байхад нь өөрийн ажил, карьертаа илүү анхаарал хандуулж, хүүхдээ сургуульд орох үед нь илүү тусалж, дэмжинэ хэмээн боддогийг онцолжээ.
Гэвч сургуульд орох үед хүүхдийн хүмүүжил, ааш зан, аливаа зүйлийг харах өнцөг, сэтгэлгээ зэрэг нь аль хэдийн тогтсон байдаг тул өөрчилж, засахад хэцүү байдаг аж. Тийм учраас ийм төрлийн алдаа гаргахаас зайлсхийж, анхнаас нь зөв сонголт хийж, хэтийн үр дүнг бодолцон бага багаар аливаа зүйлд анхаарал хандуулж явах нь ирээдүйд өгөх үр ашигт эерэгээр нөлөөлдгийг онцолжээ.
Ойр дотны, гэр бүлийн хүнтэйгээ ч мөн илүү ойр байж, ойлголцохын тулд бизнесийн ухааны хэрэглэгчээ илүү ойлгох онолоор тайлбарласан байна. Тодруулбал, хэрэглэгчийнхээ хэрэгцээ шаардлагыг олж мэдэхийн тулд анхаарал хандуулдагтай адил, гэр бүлийн хүнийхээ хэрэгцээ шаардлагад анхаарал хандуулж, тухайн хүнийг олон талаас бодолцох нь чухал юм.
Аливаа байгууллага, бизнесийн компани оршин тогтнож, үйл ажиллагаа явуулахын тулд:
Дээрх гурван зүйлийн уялдаа холбооны дүнд байгууллагын үйл ажиллагаа явагддаг аж. Тэгвэл хүүхдийн хүмүүжил үүнтэй яг адил бөгөөд дээрх гурван хүчин зүйл чухал нөлөөлдгийг тайлбарлажээ.
Хүүхдийн хүмүүжил нь:
НӨӨЦ- Хүүхдийн эцэг эх, сургууль, цэцэрлэг зэргээс олж авч буй мэдлэг, боловсрол авьяас чадварыг хэлдэг байна.
ҮЙЛ АЖИЛЛАГАА/ ЯВЦ- Дээрх нөөц бололцоогоо хэрхэн ашиглаж, аливаа асуудал тулгарахад хэрхэн шийдвэр гаргаж байгааг болон шинэ санал, санаачилгыг өөрийн зүгээс хэрхэн гаргаж буй үйл явцын хэлдэг аж.
ҮНЭТ ЗҮЙЛ/ЗАРЧИМ- Хүүхэд юунд сонирхолтой байж, ямар зарчмаар аливаа зүйлийг хийж, шийдвэрлэж буйг харуулдаг бөгөөд эдгээр гурван зүйл хамтдаа байсны үр дүнд хүүхдийн зан, чанар болон чадвар тодорхойлогддог аж.
Орчин үеийн эцэг эхчүүд хүүхдэдээ сайн боловсрол олгох тал дээр илүү анхаарч, илүү үнэтэй сургууль эсвэл цэцэрлэгт хүүхдээ өгчихвөл бүх талын чадвартай болчихно гэж бодох болсон. Гэвч энэ нь өрөөсгөл ойлголт гэдгийг зохиолч анхааруулжээ. Учир нь ийм шийдвэр нь хүүхдийг зөвхөн НӨӨЦтэй болгоход л тусалдаг бөгөөд бусад шийдвэр гаргах, шинийг санаачлах, өөрийн гэсэн үнэт зүйл, зарчимтай, тууштай хүн болгох талыг орхигдуулдаг тул энэ тал дээр эцэг, эхчүүдийг өөрсдийг нь илүү цаг гаргаж, хүүхдийнхээ хүмүүжилдээ илүү анхаарах нь чухал гэдгийг зөвлөсөн байна.