Зураг
Зураг
Индэр    
2019 оны 4 сарын 6
Зураг
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.
Зураг
iKon.mn сэтгүүлч

#Unlock 6: "Ухаалаг хөрөнгө оруулагч"-ийн зарчмууд

Зураг

 

Хөрөнгө оруулалтын тухай бичигдсэн хамгийн сайн ном

-Уорен Баффет

Хөрөнгө оруулалтын эцэг хэмээгддэг Бенжамин Грэмийн 1950 онд туурвисан “Intelligent investor” буюу “Ухаалаг хөрөнгө оруулагч” номыг Unlock подкасттай хамтран танилцуулж буй ээлжит номоор сонголоо. Хөрөнгийн зах зээлд хэрхэн амжилттай ажиллах вэ, хувьцааны арилжааг хийхдээ юуг анхаарах хэрэгтэй талаар олон нийт анхаарлаа хандуулж буй энэ үед та бүхэнд хамгийн хэрэгтэй мэдлэг, зөвлөгөөг өгнө гэдэгт итгэж байна.

Тус номын зохиогч Бенжамин Грэмийг санхүүгийн салбарынхан XX зууны хамгийн шилдэг хөрөнгө оруулагч гэж үздэг бөгөөд түүний шавь нь өнөө цагийн амжилттай яваа хөрөнгө оруулагчдын нэг Уорен Баффет юм.

“Ухаалаг хөрөнгө оруулагч” ном 1950 онд хэвлэгдэн гарснаасаа хойш дөрвөн удаа дахин хэвлэгдсэн бөгөөд 1973 онд шинэчлэн хэвлэсэн хувилбарынх нь өмнөх үгийг Уорен Баффет бичсэн байдаг. 

Шууд сонсох:

Хөрөнгийн зах зээлд нэвтэрч, амжилттай ажиллан, хөрөнгө орлогоо нэмэгдүүлэхийг эрмэлзэж буй та бүхэнд Алдарт хөрөнгө оруулагчийн зөвлөж буй хөрөнгө оруулалтын гол зарчмуудаас хүргэж байна.

Хөрөнгө оруулах ба сохроор таамаглахуйн ялгаа

Ямар нэг судалгаагүйгээр хувьцаа авч, аз турших буюу сохроор таамаглаж буй бол нийт хөрөнгийн сангийнхаа 10 хувиас хэтрүүлж болохгүй хэмээн Бенжамин Грэм зөвлөжээ. Учир нь хөрөнгө оруулалт нь цогц судалгаа, дүгнэлтэд тулгуурласан байдаг агаад тодорхой зарчмуудыг баримталж чадсанаар орлого олох боломжтой аж.

Ухаалаг хөрөнгө оруулагчид хувьцааных нь үнэ уналаа гээд зарахаа урьтал болгодоггүй. Тэд хөрөнгө оруулахаасаа өмнө тухайн компанийн үнэ цэн хэр тогтвортой байгаа вэ гэдгийг судалж байж сонгодог тул тэрхүү үнэ цэн нь буураагүй бол хувьцаанаас татгалзахгүй. Өөрөөр хэлбэл, суурь судалгаа сайн хийсэн хөрөнгө оруулагчид хөрөнгийн зах зээл дээр хувьцааны үнийн "шуурга"-нд автдаггүй.

Хувьцаа нь инфляцаас хамгаалж чадах уу?

Хувьцаа авах нь инфляцаас хамгаална гэсэн үг биш ч ухаалаг сонголт хийсэн бол хамгаалах боломж бас бий. Жишээлбэл, сүүлийн үед "Real estate investment trust" /REIT/ буюу үл хөдлөх хөрөнгө оруулалтын сангаас хувьцаа эзэмших нь инфляцын сайн хамгаалалт болдог гэжээ. Энэ нь үл хөдлөхтэй холбоотой хувьцааг багцалж, томоохон үл хөдлөхийг эзэмшин, түрээсийн орлого олдог аж. Гаднын томоохон хөрөнгийн зах зээлд Үл хөдлөх хөрөнгө оруулалтын хувьцааг арилжаалдаг. 

Тасралтгүй өсөж буй хувьцаа авахаас татгалз

 

Хувьцааны үнэ өслөө гээд цаашид ч өснө гэж бодож болохгүй, өнөөдөр буурч байлаа гээд цаашид ч буурсаар байна гэж байдаггүй. Нэг талаар хувьцааны үнэ тасралтгүй өссөөр байвал тухайн компани өндөр хурдтай хөгжиж байна гэсэн үг.

Гэвч бизнесийн талаас нь үзвэл, бизнест өсөлтийн үе, тогтвортой хөгжлийн үе, алдагдалгүй ч өсөлтийн хурд нь саарах үе гэж заавал бий. Тиймээс байнга өсөлттэй яваа хувьцаа нь жинхэнэ үнэ цэнээсээ хэт хөөрөлттэй, дэндүү үнэтэйгээр үнэлэгдсэн байх магадлалтай. Ийм хувьцаа авснаар ашиг олно гэж байхгүй тул байнга өсөлттэй хувьцаанаас татгалзах хэрэгтэй.

Та идэвхтэй хөрөнгө оруулагч уу, идэвхгүй хөрөнгө оруулагч уу

Бенжамин Грэм хөрөнгө оруулагчдыг идэвхтэй ба идэвхгүй гэсэн хоёр төрөлд хуваан тодорхойлжээ.

Идэвхгүй хөрөнгө оруулагч- Хувьцаа худалдан авахад төдийлөн цаг гаргаж чаддаггүй, судалгаа хийлгүйгээр шууд худалдан авдаг хүмүүс идэвхгүй хөрөнгө оруулагч төрөлд багтана. Энэ төрлийн хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулах нийт мөнгөн дүнгийнхээ хамгийн багадаа 25 хувийг бондод зарцуулахыг алдарт хөрөнгө оруулагч Бенжамин Грэм зөвлөсөн байна. Бонд нь хувьцааг бодвол харьцангуй эрсдэл бага. Харин хувьцаанд хамгийн ихдээ 75 хувиа оруулж болно. Түүнээс илүү гарвал их эрсдэл хүлээх магадлалтай гэжээ. 

Мөн хямдарч байгаа хувьцаа эрсдэл багатай тул компанийн ерөнхий үзүүлэлтүүдийг харгалзан үзээд авч болох бол өсөж буй хувьцаанаас татгалзах нь зүйтэй хэмээжээ. Түүнчлэн хувьцааны багцыг хэрхэн бүрдүүлэх талаар зөвлөхдөө аль болох олон төрлийн буюу хамгийн багадаа 10, ихдээ 30 төрлийн хувьцаа авч байх нь зөв гэсэн байна. Харин хувьцааг нь авах гэж байгаа компани нь тухайн салбартаа нэр хүндтэй компани байвал сайн, санхүүгийн үзүүлэлт нь тогтвортой, ногдол ашиг хуваарилж байвал сайн гэжээ.

Идэвхтэй хөрөнгө оруулагч-  Хувьцаа бүрээ өөрөө судалж, суурь судалгааг хийж, хувьцаагаа хэр хугацаанд хадгалах, хэзээ зарах зэргээ урьдчилан тооцоолдог. Энэ төрлийн хөрөнгө оруулагчид тухайн компанийн санхүүгийн нөхцөл байдлыг сайн харгалзах үзэх, тухайлбал санхүүгийн чадвар, зээлийн хэмжээ, ашиг нь тогтворжсон байдал, ногдол ашиг тогтмол хуваарилдаг эсэх, ашгийн өсөлт гэх мэт санхүүгийн үзүүлэлтүүдийг сайн үзэх ёстой. Мөн тухайн компани салбар дээрээ хэрхэн монополь байна вэ гэдэг нь чухал ажээ. 

Хувьцааны багцаа хэрхэн зөв сонгож хөрөнгө оруулалт хийх вэ? 

 

Сэтгэлийн хөдлөлөөр шийдвэр гаргахгүйгээр хөрөнгө оруулалтын зарчмаа баримталж, сахилга баттай бай. Таны хувьцааг нь авахаар судалж буй компанид түр зуурын асуудал үүссэнээс үүдэн хувьцааных нь үнэ унахыг боломж гэж хар хэмээн номд өгүүлжээ.

Идэвхтэй хөрөнгө оруулагчдын зайлсхийх хувьцаа

Эрсдэл өндөртэй үнэт цаас буюу бонд, гадаадын Засгийн газрын бонд. Мөн IPO хийх үе буюу хувьцаагаа зарж эхлэх үед нь авахаас зайлсхийх. Үүнд тодотгол хийхэд "Ухаалаг хөрөнгө оруулагч" ном хэвлэгдсэн 1950-иад оныг өнөөтэй харьцуулбал хөрөнгийн зах зээл өөрчлөгдсөн. 1950-иад онд гарсан IPO, хувьцаа гаргах систем нь одоо цагт өөр болсон билээ.

Хөрөнгө оруулалтын сан

Идэвхгүй хөрөнгө оруулагчид Хөрөнгө оруулалтын сан буюу мэргэжлийн хүмүүстэй хамтран ажиллах нь үр ашгаа өгч мэдэх юм. Гэвч хөрөнгө оруулалтын сангууд өндөр өртөгтэй тул төлбөрөөс давсан ашиг өгөх хувьцаа тун цөөн. Тиймээс хөрөнгө оруулалтын санд хандахаар шийдсэн бол сүүлийн таван жилд ямар үзүүлэлттэй явсныг харгалзах хэрэгтэй. 

Идэвхтэй хөрөнгө оруулагч болохоор шийдсэн бол...

Хөрөнгийн зах зээлийн идэвхтэй тоглогч болохоор шийдсэн бол тухайн компанийнхаа алсын хараа буюу урт хугацааны зорилтыг харах хэрэгтэй. Дараагийн 20 жилд бизнес тогтвортой явна гэж итгэж байна уу, өөрийн чадвараа сайжруулж, өсөж байна уу гэдгийг харгалзах нь зүйтэй юм. Түүнчлэн бусад компанитай өрсөлдөх чадвар, давуу тал зэргийг нь тооцоолох нь чухал. 

Компани бол марафон гүйлтэд гүйж буй тамирчин гэж болох учраас богино хугацаанд гэнэт өсөх биш урт хугацаанд аажмаар өсөж, сайжирч байгаа компанийг олох ёстой. Мөн компанийн удирдлага, менежментийн баг, санхүүгийн чадвар, хөрөнгө оруулалтын бүтэц юу вэ гэдгийг судлаарай. 

Margin of safety

 

Margin of safety буюу аюулгүйн байдлын маржин нь энэ номын хамгийн чухал хэсэг хэмээн Уорен Баффет цохон тэмдэглэжээ. Энэ нь тухайн компанийн бодит үнэ цэн ба өнөөдрийн зах зээлийн ханш хоёрын зөрүүг хэлж байгаа аж. Зах зээлийн ханш нь компанийн хувьцааны үнэ бол хөрөнгө оруулагч нь энэ компанид анализ хийснээр бодит үнэ цэнийг нь өөрөө бодож тооцоолоход гарч буй үнийн зөрүү нь margin of safety юм.

Аливаа компанийн хувьцааг худалдан авахдаа уг үзүүлэлтийг онцгой анхаарах хэрэгтэй. Мөн өөрөө тодорхойлоод, тэр үнэдээ авна гэдэг нь санхүүгийн сахилга, дэгийг шаарддаг. Тухайлбал, зах зээл дээр компанийн ханш эрчимтэй өсөж байлаа ч таны тооцоолсноос илүү үнэтэй байвал авах, үнэ нь буурахад хямдаар зарахаас та татгалзах нь зөв. Тиймээс энэ зарчмаа баримталж ажиллах нь үр дүнтэй.

Мөн аль болох олон газрын хувьцааг авч, төрөлжүүлэлт хийх нь зайлшгүй байх ёстой гэжээ.

"Луужин"

Компанийн өмчлөгчид нь хөрөнгө оруулалтын сан, даатгалын сан зэрэг мэргэжлийн байгууллага байвал сайн хувьцааны шинж. Үүнийг луужингаа болгох хэрэгтэй. Мөн хувьцаанд хөрөнгө оруулахыг бизнес гэж харах нь зөв. Ухаалаг хөрөнгө оруулалт хийж чадвал ирээдүйд хөрөнгөө өсгөх том боломжийн нэг юм. 

Мөн номд өгүүлж буй чухал нэг зөвлөгөө нь "Та мөнгөө өсгөхийг хүсэхгүй байна уу", "Хөрөнгө оруулалтын нууцыг танд зааж өгье", "Таны амьдралд гарах цор ганц боломж" гэх зэргээр амар хялбараар мөнгө олох боломж мэтээр сурталжилж байвал энэ нь залилан байх магадлалтай тул зайлсхийхийг зөвлөж байгаа юм. Үүний дээр огцом амжилт гаргасан компаниас илүү урт хугацаанд тогтвортой өсөж байгаа компаний хувьцааг нь сонгохыг Бенжамин Грэм зөвлөжээ. 

Түүнчлэн ухаалагч хөрөнгө оруулагч болоход заавал суут хүн байх албагүй, бизнесийн өндөр мэдрэмжтэй байх ч албагүй. Хамгийн гол нь хөрөнгө оруулалтын зарчимдаа үнэнч байх хэрэгтэй. Номд дурдсан сонирхолтой жишээ хүргэхэд, Исаак Ньютон хувьцаанд хөрөнгө оруулалт хийж, их хэмжээний алдагдалд орж байжээ. Тиймээс суут байлаа гээд хувьцаанаас ашиг олно гэж байхгүй гэдгийг цохон тэмдэглэжээ.