Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Хэлгүй" сайд, "ХЭЛГҮЙ" МОНГОЛ УЛС

Б.Ану
2016 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ДООРХ МЭДЭЭЛЛИЙН ДАРАА Ц.МӨНХ-ОРГИЛ САЙДЫН ӨГСӨН ТОДРУУЛГЫГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ. 

"XIV Далай ламын энэ удаагийн айлчлал бол цэвэр номын айлчлал" байсан тухай энэхүү айлчлалыг зохион байгуулсан Монголын Бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийн Тамгын газрын ажилтан С.Даваапүрэв мэдээлсэн билээ. 

Хэдийгээр төр засгийн тэргүүнүүд, улстөрчидтэй Далай лам албан ёсны уулзалт хийгээгүй ч БНХАУ-ын талаас энэхүү айлчлалыг эсэргүүцэн хэдэнтээ улстөрийн мэдэгдэл хийж мөн энэ сарын 28-нд болох ёстой байсан Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийх айлчлалыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байна. 

Энэ талаар БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан  “Далай ламын Монголд хийж байгаа айлчлалын талаар бид албан ёсны байр сууриа илэрхийлсэн. Далай ламын айлчлалыг зөвшөөрсөн Монголын талын алдаатай бодлого Хятад-Монголын улс төрийн суурь харилцаанд сэв суулгаж, хоёр талын хамтын ажиллагааны хөгжилд сөргөөр нөлөөллөө. Тиймээс Хятад улс Монголын талаас Хятадын суурь ашиг сонирхолд хүндэтгэлтэй хандаж, алдаатай үйлдлээс бий болсон сөрөг нөлөөг арилгах арга хэмжээ аван, Хятад-Монголын харилцааг хэвийн түвшинд нь буцааж оруулахыг шаардаж байгаагэж өчигдөр ээлжит мэдээллийн үеэрээ мэдэгджээ. 

Тэгвэл Монгол Улсын Засгийн газар энэхүү сөрөг нөлөөг арилгахын тулд Хятадын талд хандсан албан ёсны мэдэгдлийг олон нийтэд, олон улсад өнгөрсөн хугацаанд буюу Далай ламын айлчлалын үеэр  яагаад нэг ч удаа гаргасангүй вэ. 

Бүхэл бүтэн нэг улсын гадаад бодлогод шүүмжлэлтэй хандаж гурвантаа нээлттэй мэдэгдэл хийж байхад Монгол Улсын Засгийн газар түүний дотор Гадаад Харилцааны яам, сайд нь таг дүлий мэт байсаар байна. 

Гадаад Харилцааны сайд Ц.Мөнх-Оргил өнгөрсөн хугацаанд албан бусаар нэг л хэвлэлийн мэдээллийн байгууллагын л тодруулгаар "Далай ламын айлчлал улстөртэй ямар нэгэн холбоогүй" гэж ярилцлага өгснийг эс тооцвол албан ёсоор нэг ч мэдэгдэл, мэдээлэл гаргасангүй. 

Монгол Улс, БНХАУ -аас урт хугацааны хөгжлийн зээл авах тухай хүсэлт тавьж улмаар энэ хэлэлцээг хийх гол уулзалт энэ сарын 28-нд эхлэх Шадар сайд У.Хүрэлсүхийн айлчлалаар болох байлаа. 

Гэвч Хятадын тал Далай ламын айлчлалтай холбоотойгоорх хоёр орны харилцаанд үүссэн сөрөг нөлөөг арилгах арга хэмжээг авах хүртэл энэхүү айлчлалыг хойшлуулаад байна.  

Харин Монгол Улсын төр засаг юу ч сонсоогүй, хараагүй мэт байсаар байгаа нь сонирхолтой. Хэдийгээр дипломат шугамаар хоёр талын харилцаа явж байгааг үгүйсгэхгүй ч  хэвлэл мэдээлэл, олон улсад Монгол, Хятадын харилцаанд үүсээд буй энэ сөрөг хандлагыг арилгах тухай ганц ч өгүүлбэр гарахгүй байгаа нь Монголын эдийн засагт улам л сөрөг хүлээлтийг бий болгосоор байна. 

Өнөөдөр ч бид Гадаад Харилцааны Яамнаас ямар нэгэн мэдэгдэл хийх үү гэж тодруулахад "ҮГҮЙ" гэдэг хариултыг өгөв. 

Далай ламын айлчлал цэвэр шашин номын айлчлал байсан төдийгүй энэ нь Монгол Улсын гадаад бодлого, улстөрийн бодлогод хамаагүй болно гээд яагаад бүхэл бүтэн улсын хувьд мэдэгдэл гаргаж болохгүй гэж. Эсвэл Монголын улстөрийн бодлого юм бол түүнийгээ хэлэх хэрэгтэй. 

Ахдаа загнуулж буй хүүхэд шиг олон улсад Монголын гадаад бодлогыг гурвантаа шүүмжлүүлчихээд таг дуугүй байх нь нэгэн УЛСЫН хувьд хэр зохимжтой вэ. Бидний өмнөөс бид биш харин бусад нь дандаа тайлбар хийж түүнийг нь бид гадаад эх сурвалжаас олж унших нь хэр зөв бэ. 

 

ДЭЭРХ МЭДЭЭЛЛИЙН ДАРАА Ц.МӨНХ-ОРГИЛ САЙДЫН ӨГСӨН ТОДРУУЛГЫГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ.