Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын засгийн газар Монголын талтай хийх уулзалтыг яагаад цуцалснаа тайлбарлав

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Лхагва гарагт БНХАУ-ын гадаад хэргийн яам гадаад, дотоодын сэтгүүлч нарт ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Хятад-Монголын засгийн газар хоорондын уулзалт яагаад цуцлагдсан талаар асуулт тавигдаж, Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан хариулт өгсөн байна.

“Монголын хэвлэлд мэдээлснээр засгийн газар хоорондын болон уул уурхай, эрчим хүчний чиглэлээр болох уулзалтуудаа Хятадын тал тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ. Үүнийг Далай ламын айлчлалтай холбон тайлбарлаж байна. Энэ талаар тайлбар өгнө үү?” гэсэн асуултад Гэн Шуан “Далай ламын Монголд хийж байгаа айлчлалын талаар бид албан ёсны байр сууриа илэрхийлсэн. Далай ламын айлчлалыг зөвшөөрсөн Монголын талын алдаатай бодлого Хятад-Монголын улс төрийн суурь харилцаанд сэв суулгаж, хоёр талын хамтын ажиллагааны хөгжилд сөргөөр нөлөөллөө. Тиймээс Хятад улс Монголын талаас Хятадын суурь ашиг сонирхолд хүндэтгэлтэй хандаж, алдаатай үйлдлээс бий болсон сөрөг нөлөөг арилгах арга хэмжээ аван, Хятад-Монголын харилцааг хэвийн түвшинд нь буцааж оруулахыг шаардаж байгаа” гэж хариулжээ.

Өөрөөр хэлбэл Далай ламын айлчлалаас шалтгаалан уулзалтыг хойшлуулснаа тодорхой илэрхийлсэн байна.

Мөн өчигдөр өглөө Далай лам хэвлэлийн бага хурал хийхдээ АНУ-ын ерөнхийлөгчөөр Дональд Трамп сонгогдсоныг “асуудал биш” гээд удахгүй шинэ ерөнхийлөгчтэй уулзах сонирхолтой байгаагаа хэлсэн юм. Тэр бас АНУ-ыг чөлөөт ертөнцийн тэргүүлэгч гүрэн хэмээн үзэж, үргэлж хүндэтгэж явдгаа хэлжээ.

Далай ламын энэхүү мэдэгдэлд Бээжингийн дуу хоолой болдог Global Times сайт хариу нийтлэл өчигдөр гаргасан байна.

Ингэхдээ нэгэн судлаачийн үзэл бодлоор дамжуулан “Трамп одоогоор дотоодын эдийн засгийн бодлого, гадаад харилцааны асуудлуудад анхаарал тавьж, завгүй ажиллаж байгаа тул Далай ламыг хүлээж авч уулзах магадлал бага” гэжээ.

Мөн “АНУ-ын элит түвшний зарим хүмүүс Далай ламыг дэмждэг. Харин Трамп бол элитүүдийн эсрэг талын хүн гэгддэг. Тиймээс тэд уулзалдахгүй байх магадлал өндөр, уулзлаа ч Трампын шинэ засаглалд муугаар нөлөөлөх болно” гэж өгүүлсэн байна.

Ийнхүү Хятадын тал Далай ламыг Монголд төдийгүй, АНУ-д айлчлахыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ.

 

Эх сурвалж: Ministry of Foreign Affairs People's Republic of China, Global Times