Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын саналаар Монгол Улсын Шадар сайдын айлчлалыг хойшлууллаа

Б.Ану
2016 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх

Шадар сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан манай төлөөлөгчид энэ сарын 28-наас эхлэн БНХАУ-д ажлын айлчлал хийхээр төлөвлөөд байсан билээ. 

Энэхүү айлчлалаар Хятадаас авах хөнгөлөлттэй зээлийн асуудлыг хэлэлцэх талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн мэдээлж байсан. Гэвч өчигдрөөс эхэлж Хятадын тал албан бусаар энэхүү айлчлалыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах санал гаргаад байв. Харин өнөөдөр өглөө Гадаад Харилцааны Яамнаас энэ талаар тодруулахад албан ёсоор айлчлалыг хойшлуулах мэдэгдэл Хятадын талаас ирээгүй гэж байсан талаар бид мэдээлсэн билээ. 

Харин үдээс хойш энэхүү айлчлал хойшлох болсон талаар Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Г.Отгонбаяр мэдээлжээ. 

Тэрбээр "Монгол Улсын Шадар сайдын 11-р сарын 28-наас БНХАУ-д хийх айлчлал нөгөө талын саналаар хойшлов. Хугацааг хоёр тал дипломат шугамаар дахин тохирно" гэжээ. 

Монгол Улсын хувьд БНХАУ-аас  2.0 хүртэл хувийн хүүтэй, 20-иос дээш жилийн хугацаатай хөгжлийн зээл олгох хүсэлт тавиад буй. 

Өчигдөр Засгийн газрын зарим баттай эх сурвалж У.Хүрэлсүх сайдын айлчлалыг Далай ламын Монгол дахь айлчлалаас болж хойшлуулж магадгүй боллоо гэж мэдээлж байсан юм.