2019/09/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,670.87₮
B30
УЛААНБААТАР
12°
|
B30
УЛААНБААТАР
16°
|
B30
УЛААНБААТАР
13°
|
20:00
S31
21:00
S31
22:00
S31
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S29
03:00
S29
04:00
S29
05:00
S29
06:00
S29
07:00
S30
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/11/23 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

БАЙР СУУРЬ: Д.Жаргалсайхан болон “Мандал Женерал даатгал”

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 11 сарын 23
iKon.MN

Олон нийтийн сүлжээнд эдийн засагч Д.Жаргалсайхан машинаа хулгайд алдсан ч “Мандал женерал даатгал” даатгалын компани нөхөн төлбөр олгох боломжгүй гэсэн хариу өгсөн талаар мэдээлсэн. Тэрбээр машинаа бүрэн даатгуулсан ч нөхөн төлбөр авч чадахгүй болсон асуудлыг ойлгохгүй байгаа юм.

Харин “Мандал Женерал даатгал” компанийн зүгээс өөрсдийн шийдвэрийг хууль тогтоомжийн дагуу гарсан гэж үзэж байгаа. Бид энэ асуудалтай холбоотой хоёр талын байр суурийг хүргэж байна. 

Монголд даатгалын салбар дэлхийн түвшинд хөгжөөгүй гэдэг ч олон төрлийн даатгалын үйлчилгээг хэрэглэгчид авах боломжтой болсон. Гэхдээ даатгуулагч, даатгагчийн хооронд гэрээний ийм үл ойлголцол гардаг учир бид энэ кейсийг сурвалжилж, талуудын байр суурийг хүргэж байгаа юм. 

Даатгуулагч Д.Жаргалсайхан:

 
Гэрэл зургийг mpa.mn

-Таны хулгайд алдагдсан машин олдсон уу. Яг юу болсон талаар яриач?

-Хулгайд алдагдсан машин маань олдсон. Миний машиныг наймдугаар сарын 20-ны өдөр гаражнаас нь хулгайлсан. Подвальд байдаг, олон машины гараж учраас манаачид нь түлхүүрээ үлдээдэг юм.

Машинаа гараждаа орхичихоод, би гадаадад явсан байсан. Гэтэл миний машиныхаа түлхүүрийг өгсөн манаач нь согтуу байсан л гэсэн, нэг залуу миний машиныг аваад шөнө Драгон төвөөс Эрдэнэт рүү хоёр хүн суулгаад явсан байна лээ. Замдаа Баруун хараа орчимд машин унасан. Аюулгүйн дэр нь ажиллаад, бүх зорчигчид нь эсэн мэнд үлдсэн хэрэг. Энэ бүхнийг замын цагдаа, сэргийлэгч нараас дараа нь мэдсэн юм.

Манай эхнэр рүү залгаад, машин осолд орсныг өглөө нь мэдэгдсэн байсан. Би бүрэн даатгалтай учраас Даатгал учрыг нь олоод өгнө гэж бодож байлаа. Би машинаа бүрэн даатгал гэж саяаас дээш төгрөгөөр 5 жилийн турш  даатгуулж ирсэн. Машиныг энэ жил 100 саяар үнэлсэн байсан. Мандал даатгалд осол болсныг маргааш нь мэдэгдсэн байгаа.

Гэвч энэ явдлаас хойш гурван сар шийдвэрийг нь хүлээгээд л байсан бөгөөд нөхөн төлбөр олгох боломжгүй гэж бичгээр хариу ирлээ. Хулгай дотроо бүрэн ба тал хулгай байдаг гэдгийг Даатгалыхан өөрсдөө ч сайн ойлгодоггүй бололтой. Даатгал дээр над шиг байдалд орсон хүн их л олон байдаг бололтой.

-Та цаашид энэ асуудлыг яахаар төлөвлөж байна?

-Сайн мэдэхгүй байна. Шүүхээр л явдаг байх даа. Тэр гаражид машинаа гэрээтэй байрлуулсан учраас тэдэнд хандана. Шүүх цагдаа болсоор дахиад хэдэн сар болох нь тодорхойгүй л байна.

-Таны машин хэр зэрэг эвдэрсэн бэ?

-Ахиж унах боломжгүй болсон. 


“Мандал женерал даатгал” ХХК-ийн Халамж, үйлчилгээ хариуцсан дэд ерөнхийлөгч С.Хонгорзул:

 

-Танай компани яагаад даатгуулагч Д.Жаргалсайханд тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан юм бэ?
-Бид уг даатгуулагчтай “Тээврийн хэрэгслийн даатгал”-ын хүрээнд урт хугацаанд хамтран ажиллаж, гэрээний дагуу үйлчилгээ үзүүлсээр ирсэн.

Саяны тохиолдолд бол даатгуулагчтай байгуулсан гэрээнд тусгагдаагүй эрсдэл, шалтгааны улмаас учирсан хохирол тул даатгуулагчид нөхөн төлбөр олгох боломжгүй гэдэг шийдвэр гарсан байгаа.

Тэгэхээр энэ шийдвэр нь Монгол Улсад мөрдөгдөж буй хууль, дүрэм журам, даатгуулагчтай байгуулсан гэрээний хүрээнд гарсан шийдвэр гэдгийг хэлмээр байна.

-Гэрээнд яг юу гэж заасан байсан бэ?

-Гэрээнд юу гэж заасан талаар бид түрүүлж мэдээллэх боломжгүй. Учир нь Даатгалын тухай хуулиар Даатгуулагчийн мэдээллийг нууцлах үүргийг Даатгагч хүлээдэг.

Тиймээс бид гэрээний мэдээлэл, материалыг олон нийтэд дэлгэх эрхгүй юм. Д.Жаргалсайхан гуайн хувьд өөрөө энэ талаарх мэдээллээ бүрэн харуулаагүй учраас бид нарийн мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээллэх боломжгүй байгааг ойлгоно уу.  

Мөн Д. Жаргалсайхан гуай манай гаргасан шийдвэртэй санал нийлэхгүй бол хуулийн дагуу дараа дараагийн шатанд  хандаж асуудлаа шийдвэрлүүлэх эрхтэй байдаг. Гэтэл олон нийтийн сүлжээгээр байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөлөхөөр нөхцөл байдлыг үүсгэж байгаад харамсаж байна.

-Даатгуулагч Д.Жаргалсайханы хувьд машинаа бүрэн даатгуулж, төлбөрөө төлсөн гэсэн байр суурьтай байна лээ?

- Даатгалын зах зээл нь өөрийн гэсэн тодорхой дүрэмтэй, баримтлах зарчимтай салбар бөгөөд чин шударга, учирсан хохирлыг нөхөн төлөх, даатгалын ашиг сонирхол, анхдагч шалтгаан гэх мэт үндсэн зарчмуудыг баримталдаг. Товчхон тайлбарлавал даатгуулагч өөрт учирч болзошгүй олон төрлийн эрсдлээс алийг нь Даатгагчид хариуцуулахаа өөрөө сонгож, түүнд тохирсон даатгалын хураамжийг даатгалын санд байршуулахаар шийдвэрлэдэг.

Даатгуулагч энэхүү сонголтоо даатгалын гэрээгээр баталгаажуулж, зөвхөн уг гэрээгээр заасан эрсдэл учирсан тохиолдолд л хохирол нөхөн төлөх зэргээр бүх харилцаа даатгалын гэрээний үндсэн дээр хэрэгждэг юм.  

Манайд тээврийн хэрэгслийн даатгалын хэд хэдэн төрөл бий. Тэгэхээр Д.Жаргалсайхан гуайтай байгуулсан гэрээнд уг эрсдэл тусгагдаагүй учраас нөхөн төлбөр олгох боломжгүй болсон.

Мөн даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч компани нь тэдэнд итгэж буй олон мянган даатгуулагчийн даатгалын хураамжийг цуглуулж даатгалын нөөц сан буюу дундын санг үүсгэж, түүнийг зүй зохистой зарцуулах замаар эрсдэл тохиолдсон даатгуулагчийн санхүүгийн хүндрэлийг буруулдаг.

Гэтэл энэхүү итгэлцлээс ухарч хэн нэг даатгуулагчийн хувийн байдал, нэр нөлөө, эрх мэдэл, дарамт шахалтаас болж даатгалын гэрээгээр олгох ёсгүй нөхөн төлбөрийг дундын сангаас олгох нь олон мянган бусад даатгуулагч, хувьцаа эзэмшигчдийн өмнө хүлээсэн үүргээ зөрчсөн асуудал болно.

-Танай компани даатгуулагчдын нөхөн олговрыг хэдэн хувьтай олгодог вэ. Тоо баримтаасаа хуваалцаач?

- 2016 оны байдлаар нийт 77,850 даатгуулагч даатгуулсанаас 9.3 хувь буюу 7,250 даатгуулагч нөхөн төлбөр авах хүсэлт гаргаж, тэдгээрийн 96 хувьд нь нийтдээ 3.5 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгож байсан. 


Дээрх тохиолдлын хувьд Д.Жаргалсайхан гуай асуудлаа одоо шүүхэд хандан шийдүүлэх шаардлагатай болж байх шиг байна. Угтаа Д.Жаргалсайхан гуай өөрийн машинаа бүрэн даатгалтай гэж ойлгож гэрээ байгуулсан аж.

Харин “Мандал женерал даатгал”-ын хувьд эсрэг байр суурьтай байгаа. Энэ бүгдээс харахад олон нийт хэрэв машинаа бүрэн даатгалд хамрууллаа гэхэд яг ямар төрлийн даатгалд хамрагдсанаа сайтар судалж гэрээн дээрээ гуравдагч хуулийн этгээдээс зөвлөгөө авч байх нь зөв бололтой. Мөн хоёр тал ойлголтоо ямар ч зөрүүгүй нэгтгэсний дараа гэрээ байгуулах шаардлагатай гэдгийг харуулсан кейс болж байна. 

 

x