Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

Жининь хотод Монголчууд өөрсдийн нэрийн барааны дэлгүүрийг нээн ажиллуулах боломжтой боллоо

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Өвөрмонголын Өөртөө Засах орны Улаанцав хотын Жининь дүүрэгт Олон улсын бүтээлч загварын хөгжлийн хэлэлцүүлэг болж байна. Тус арга хэмжээний хүрээнд Яа Бао Лү худалдааны төвийг Жининь дүүрэгт шинээр нээж байгаа бөгөөд өнөөдөр нээлтийн ёслол боллоо.

Яа Бао Лү нь Хятад улсын чанартай бүтээгдэхүүнүүдийг дэлхийн зах зээлд нийлүүлдэг худалдааны төв бөгөөд өнөөдөр Улаанцав хотын Жининь дүүрэгт шинэ салбараа нээж байна. Нийт 130,000 мкв талбайтай, голчлон арьс ноолуур, арьсан хувцас, өвлийн хувцас, цүнх, түүхий арьс, өдөр тутмын хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдаалах томоохон худалдааны төв юм.

Улаанцав аймаг нь автозам, олон улсын төмөр зам, олон улсын нислэг зэрэг зам тээврийн дэд бүтэц бүрэн шийдэгдсэнээрээ давуу талтай ажээ.

Энэ талаар Эрээн хот дахь Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын төлөөлөгч Н.Энхзаяа “Шинээр нээгдэж байгаа Яа Бао Лү худалдааны төв нь Эрээн хотоос 300 орчим км зайд буюу Монгол Улстай харьцангуй ойр гэдгээрээ онцлогтой. Тэгэхээр бид Хятадын чанартай бүтээгдэхүүнүүдийг заавал Бээжин оролгүйгээр Жининь дүүрэгт ирээд, худалдаж авах боломжтой болж байна гэсэн үг.

 

Энэ худалдааны төв нь олон улсын худалдааны томоохон төв учраас манай Монголчуудад худалдаа эрхлэх боломжийг нээж өгч байна.

Тэгэхээр өдөрт 20,000 худалдан авагчид үйлчлэх боломжтой тус худалдааны төвд  Монголчууд арьс, үслэг эдлэлийн бараа бүтээгдэхүүн борлуулдаг, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадвартай бол энд өөрсдийн гэсэн павилоныг авч, өөрсдийн нэрийн барааны дэлгүүрийг нээн, ажиллуулах бүрэн боломжтой.

Мөн энэхүү худалдааны төвөөр үйлчлүүлж, арьсан болон үслэг эдлэлийн Хятадын зах зээл дээр байгаа хамгийн хямд үнээр худалдаж авах боломжтой болж байна” хэмээн тайлбарлалаа.

Жининь нь Бээжин хотоос 350 км зайд орших ба 280,000 орчим хүн амтай, Хятадын арьс ширний үйлдвэрийн томоохон төвүүдийн нэг юм.