С.Баярцогт толгойтой Ч.Сайханбилэгийн Засгийн газар
АН-ыхны амбиц, дарга нарынх нь “Би” гэх хувийн тоглолт, дотроо толхилцож, дороо шөргөөцөлдөх нь мөддөө намжихгүй бололтой. Засгийн бүх эрхийг бараг л өөртөө төвлөрүүлж чадсан тэд Таван Толгойн ордыг хөгжүүлэх гэрээг хэлэлцэх үеэр жинхэнэ мөн чанараа таниулсаар байна.
Яг одоогоор Ерөнхий сайд Ч.Сайханбилэг сөрөг гэхээс илүү өөрийн намынхны элдэв тоглолтыг эв зүйгээр зохицуулж, Таван Толгойн ажлыг урагшлуулах гэж хэрдээ л зүдэрч байгаа ажээ.
Ерөнхий сайд нь ерөнхийлөн дуугарч бусад нь санаа нэгтэй явж чадахгүй байгаа нь түүний рейтингийг нэлээд эртнээс унагаж эхэлсэн юм.
Н.Алтанхуяг огцорч Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болоход иргэд “Өндөр л болохоос биш Н.Алтанхуягаас удирдлагатай Ерөнхий сайдтай боллоо. Нэмэгдэхүүний байрыг өөрчилсөн ч нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй” хэмээн шүүмжилж байсан.
Бүр тодорхой хэлбэл Таван Толгойн гэрээг сайн, муу болсны хараал, ерөөлийг энэ хүн биеэрээ үүрч гарна.
Зарим нь залуу хүн зоригтой шийдвэрүүд гаргах байх хэмээн итгэл хүлээлгэж буйгаа илэрхийлсэн нь бий.
Харин тодорхой цаг хугацаа өнгөрч, эргэн харахад нөгөө Н.Алтанхуяг биш өөр хүн Ч.Сайханбилэгийн Засгийн газрын бараг л толгой болчихсон нь ил болж эхэллээ.
Энэ хүн нь Ч.Сайханбилэгийн хамгийн сайн найз, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт болж таарав. Оюу толгойн гэрээг олон хувьсагчтай тоогоор илэрхийлэн иргэдийг мунхруулж, олон мянган ам.доллартай дансаа мартаж орхидог тэрээр улстөрийн замналаа нэг хэсэгтээ завсарлахад хүрээд байсан билээ. Ийнхүү тодорхой хугацаанд асуудлаас зугтан нам жим байсан найзыгаа Ч.Сайханбилэг ЗГХЭГ-ынхаа даргаар томилов.
Яг цааш нь ухаж үзвэл Ерөнхий сайд найзын хувиар С.Баярцогтод хамаг нарийн ширийн юмаа даатгаагүй юм билээ. Түүнийг “нэг дугаарын хүн” энэ ажилд оруулахаар түлхээ хийсэн байдаг ажээ. Чухам иймээс дээрх хүний санааг багтаасан Таван Толгойн гэрээг С.Баярцогтын найруулгатайгаар хэлэлцүүлж, батлуулах төсөл явж байгаа юм байна. Мэдээж үүнд нь УИХ-ын дарга бас бус хүмүүс нийлээд саад, дэгээ тавьж өөрөө өөрсдийнхөөрөө болгох гэж элдэв асуудал дэгдээж яваа билээ.
Энэ бүхнээс харахад өнөөгийн улстөрийн гол баг болох АН-ын лидер тоглогчдыг ялгаж, салгахад амар болж ирнэ. Иргэдийн найдвар гэгдээд байгаа Таван Толгойн асуудлаас харахад л Ерөнхийлөгч ямар хүмүүстэй нэг баг болсон, УИХ-ын даргын талынхан хэн бэ гэдгийг ард түмэн ерөнхийдөө мэддэг болчихлоо. Намын төвшнөөс давсан энэ талцлын эцсийн дүнд иргэд хожих эсэхийг цаг хугацаа харуулна. Харин Ч.Сайханбилэг гэдэг хүний цаашдын улстөрийн карьер Таван Толгойн гэрээ хэр байхаас шалтгаалан үргэлжилж таарах юм.
Бүр тодорхой хэлбэл Таван Толгойн гэрээг сайн, муу болсны хараал, ерөөлийг энэ хүн биеэрээ үүрч гарна. Байдал нэгэнт ийм байхад Хэрэг эрхлэхийн даргаараа толгой хийж яваа түүнийг нам доторх улстөрчид нь шүүмжилж, зарим хүн нь гэнэн, цайлганаар хэлэх болжээ. Нэг хэсэг нь С.Баярцогт, Ч.Сайханбилэг хоёрын улстөрийн холбоосыг салгавал хэн хэндээ ашигтай гэдэг зөвлөгөө гаргаж, Ерөнхий сайдад энэ тухай дуулгаж амжсан байна.
Дахин хэлэхэд АН-ынхны хэн нь хэнтэйгээ хөтлөлцөж, ямар эрх ашгийн төлөө нэгддэг нь Таван Толгойн асуудал дуусахад бүр илүү тодорхой болох бололтой. Чухам ийм л шалтгаануудын улмаас энэ гэрээ ард түмний хүслээр бус АН-ынхны тааллаар ирэх зуны сонгууль дуусч, шинэ Засаг эмхэртэл хүлээгдэж мэдэхээр байна.
Үүссэн нөхцөл байдал МАН-д ашигтайгаар эргэж буйг мангар хүн ч ойлгож байгаа. 2012 он солигдонгуут АН-ын дарга Н.Алтанхуяг “ Бид хамтарсан Засагт үүргээ гүйцэтгэлээ. Одоо мөр мөрөө хөөж сонгуульдаа оръё” хэмээсэн шиг МАН-ынхан Засгийг орхиход хэлэх үг нь бэлэн байна.
Тэртээ тэргүй улс мөнгөгүй байхад МАН-д ч нэг их гарзтай биш байх. Эртхэн замаа хөөвөл жилийн дараах ашиг нь их байгааг тооцоолж буй болов уу. АН-ынхан “Би”-гээр өвчилж, дороо эргэлдэж байхад МАН-д маш олон хувилбар гарч ирлээ. Ерөнхий сайд нь ч ерөнхийдөө өөр толгойтой гээд байна шүү дээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
