ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

Хөрөнгийн Биржийг татан буулгая

П.Баянбат, iKon.mn
2015 оны 5 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Монголын Хөрөнгийн Бирж

Монголын Хөрөнгийн Бирж гэж ядруухан компани байх. Тусгаар тогтносон, гурван сая хүн амтай улсын хөрөнгийн бирж мөртлөө зэргэлдээх модон ТҮЦ-нээс ч эргэлт муутай. Модон ТҮЦ-ний өдрийн орлого 600 мянган төгрөгөөс буурдаггүй. Гэтэл Монголын Хөрөнгийн Биржийн арилжаа 10-20 сая төгрөгт л эргэлдэнэ. Модон ТҮЦ хэдхэн сая төгрөгийн бараатай.

Монголын Хөрөнгийн Биржийн арилжаа 10-20 сая төгрөгт л эргэлдэнэ. 

Харин Монголын Хөрөнгийн Биржийн лангуун дээрх хувьцаа 1.2 их наяд төгрөгөөр үнэлэгддэг. Модон ТҮЦ-ний барааны 10 хувь нь өдөрт борлогддог. Харин хөрөнгийн биржийн барааны 0.0025 хувь нь өдөрт арилжигдана.

Хөрөнгийн Биржийг модон ТҮЦ-тэй харьцуулах нь учир дутагдалтай байж магадгүй. Өдөрт дор хаяж, 500 сая төгрөгийн арилжаа хийдэг байсан бол хөрөнгийн биржийг супермаркеттай зүйрлэхсэн.

Ханшийн зөрүүнээс ашиг олох зорилгоор Хонг Конгийн хөрөнгө биржид бүртгэлтэй хувьцааг худалдан авдаг А.Баяр “Монголын Хөрөнгийн зах зээлд ямар ч эргэлт байхгүй. Хувьцааны сонголтгүй. Тиймээс хөрөнгө оруулдаггүй юм. Хувьцаа худалдаж авлаа гэхэд хурдан хугацаанд мөнгө гаргаж авч болохгүй. Ер нь ямар ч “тоглолт” хийх боломжгүй. Хонг Конгийн хөрөнгийн бирж бол ямар ч саатах зүйлгүй “тоглож” болох супермаркет” гэж ярьсан юм.  

Монголын эдийн засаг “жижиг” байхад хөрөнгийн биржийн арилжаа өдөрт 100 сая төгрөгөөс буурдаггүй байлаа. Эдийн засаг томрох тусам хөрөнгийн биржийн эдийн засаг дахь үүрэг, оролцоо буурсаар байна. Компаниуд хөрөнгийн биржээр дамжуулж хөрөнгө босгохгүй байна. Монголын хөрөнгийн биржийг улсын үйлдвэрийн газрыг хувьчлах зорилгоор байгуулсан.

Анх 400 гаруй компанийг хөрөнгийн биржид бүртгээд хувьцааг нь иргэдэд эрхийн бичгээр тараасан юм. Харин 10 гаруйхан компани зах зээлийн дүрэм, журмынхаа дагуу МХБ-д бүртгүүлж хувьцаагаа олон нийтэд худалдсан байдаг. 25 жилийн хугацаанд 10 гаруй компанийн IPO-г хийсэн гэхээр чамлалттай. Хөрөнгийн биржийг шинэ компани тоохгүй байгаа нь, бүртгэсэн хувьцаа нь цөөн эздийн гарт төвлөрсөн нь гол бэрхшээл болж байна.

Хөрөнгийн биржид бүртгэлтэй ихэнх компанийн хувьцааны 90-ээс дээш хувийг 2-3 хөрөнгө оруулагч эзэмшдэг. Тэд хувьцаагаа арилждаггүй, эргэлтэд оруулдаггүй. Тиймээс хөрөнгийн биржийн эргэлт дульхан байдаг юм. Австралийн хөрөнгийн бирж хувьцааных нь 90 хувь цөөн хөрөнгө оруулагчийн гарт төвлөрсөн компанийг “хөөдөг”. Харин манайхан “хөөдөггүй”, байлгаад л байдаг. Хэрвээ Австралийнх шиг хувьцааны төвлөрөл ихтэй компанийг “хөөвөл” хөрөнгийн биржийн лангуун дээр цөөхөн хувьцаа л үлдэх байх. 

МХБ өнгөрсөн жил бүртгэлтэй компаниудаа гурван шалгуурын дагуу ангилсан.

Нэгдүгээр ангиллын шалгуурт “Компанийн засаглалын зарчмыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, мөрдлөг болгон ажилладаг, зах зээлийн үнэлгээ нь 10 тэрбум төгрөг, олон нийтийн эзэмшлийн хувь нь 25 хувиас дээш, хөрвөх чадвар сайтай, нэр хүндтэй, ашигт ажиллагаатай байх” гэж заажээ.

Биржийн бүртгэлд энэ шалгуурыг давах нэг ч компани байгаагүй. Харин “Үнэт цаас нь биржээр тогтмол арилжигддаг, зах зээлийн үнэлгээ нь 0.5 тэрбум төгрөгөөс дээш, хоёроос доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан” гэсэн шалгууртай хоёрдугаар ангилалд 89 компани багтсан. Түүнчлэн эрсдэл өндөртэй жижиг, дунд хэлбэрийн компаниуд, мөн 100 хувь төрийн өмчит болон Санхүүгийн зохицуулах хорооноос арилжааг нь зогсоосон 149 компанийг гуравдугаар ангилалд багтаасан юм.

Хэрвээ 90 хувиас дээш хувьцааны төвлөрөлтэй компанийг биржээс “хөөвөл” гуравдугаар ангилаллын компаниуд бүгд хасагдана. Бүр цаашлаад хувьцааны 80 хувийн төвлөрөлтэй компанийг “хөөвөл” биржийн лангуун дээр бараа үлдэхгүй болов уу. Ер нь дүрэм журмаа чангалж, компаниудаа нэгдүгээр ангилаллын шаардлагыг хангуулах нь зүйтэй. Хангаж чадахгүй компанийг “хөөгөөд” явуулсан нь дээр. Хувьцааны төвлөрөл ихтэй компаниуд биржийн бүртгэлээс өөрсдийн хүсэлтээр хасагдсаар байгаа. Тэднийг өөрийн хүсэлтээр хасагдахыг хүлээх биш, үйл ажиллагаагаа сайжруулж, биржийн шалгуурт нийцүүлэхийг шаардах учиртай. Биржийн үйл ажиллагааг нийтлэг тогтсон дүрэм, журмынх нь дагуу явуулъя. Ингэж чадахгүй бол татан буулгая. 

МХБ-ийг татан буулгахад Монголын эдийн засаг хүчтэй доргихгүй. Угаасаа санхүүгийн зах зээлийн тав хүрэхгүй хувь хөрөнгийн зах зээлд ногдож буй. Ер нь жижиг биржүүд дампуурах хандлага дэлхийд давамгайлж байгаа. “Жижиг”-үүд назгай байдлаасаа болоод нэр хүндээ алдсан, хөрөнгө босгох гэж буй компаниудын анхаарлыг татахаа больсон хэрэг. “Алтан дорнод Монгол”, эсвэл “МАК” компани хувьцаагаа олон нийтэд худалдахаар шийдлээ гэхэд МХБ-ийг илүүд үзэхгүй л болов уу.

Харин Хонг Конг, Сингапурын хөрөнгийн биржийг зорино. Тэнд хөрөнгө босох магадлал манайхаас хэд дахин өндрөөс гадна дүрэм, журам, зохицуулалт нь нарийн, ойлгомжтой, хөрөнгө оруулагчийн итгэлийн төрүүлэхүйц байдаг. Түүнчлэн биржийн ийм байдал нь хувьцаа гаргагч компанийн нэр хүндийг өргөдөг. Зохицуулалт муутай МХБ-д бүртгүүлбэл компани нь хэдий сайн ч нэр хүнд нь дээрдэхгүй. Ер нь дүрэм, журам, зохицуулалтаа сайжруулж, түүнийгээ хатуу чанд сахиулахгүй бол МХБ-ийн боломж хумигдсаар байх болно. МХБ-д бүртгэлтэй 238 компанийн цөөхөн нь л санхүүгийн тайлан тооцоогоо ирүүлдэг. Гэтэл Хонг Конгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын тайлан тооцоо, байгуулсан гэрээ хэлцэл бүгд хөрөнгө оруулагчдад нээлттэй. Хаалттай, учир битүүлэг зах зээлд хэн итгэж хөрөнгөө оруулах вэ?

Монголд хөрөнгийн зах зээл хөгжихгүй, бирж нь дэлхийн энд хүрэхгүй байгааг олон янзаар тайлбарладаг. “Монголд чинээлэг дундаж давхарга байхгүй учраас хөрөнгө оруулах боломжгүй. Тиймээс хөрөнгийн зах зээл хөгжихгүй байна” гэдэг. Мөн хөрөнгө оруулалтын сан байхгүй байгаа саад болж байна гэнэ. Хөрөнгийн зах зээлийн олон дэд бүтэц дутуу учраас хөгждөггүй гэх нь ч бий. Гэвч яг ямар шалтгааны улмаас хөгжихгүй байгааг нь ул суурьтай судалсан, тодруулсан удаагүй.  

Манай хөрөнгийн зах зээлд зохицуулалт, хяналт дутагддаг нь илт. Гишүүн компаниудаа хянаж, баталсан дүрэм, журмаа мөрдүүлж ажиллаж чаддаггүй учраас итгэл төрүүлдэггүй. Мөн хөрөнгийн зах зээлийн зохистой байдлыг хамгаалж чаддаггүй. Компанийн хувьцааны дийлэнх нь олон нийтийн гарт байх тухайн компанийг эрүүл харагдуулдаг. Ерөөсөө компанийн хувьцааны 20-30 хувь жижиг хөрөнгө оруулагчдын гарт байх чөлөөтэй хөрвөх үндэс суурийг бүрдүүлж буй юм. Компаниудын хувьцааны таруу байрших нь хөрөнгийн биржийн арилжааны эргэлтийг өндөрсгөдөг. Гэтэл манай Санхүүгийн зохицуулах хороо, хөрөнгийн бирж хувьцаа төвлөрсөн компаниудыг “хөөгөөд” явуулчихаж зориглохгүй байна. Зохицуулалт, хяналтыг механизмыг хүн бодож олдог, түүнийгээ хэрэгжүүлдэг. Монголд хөрөнгийн зах зээл хөгжихгүй байгаа нь тогтолцоо гэхээсээ илүү хүнээс хамааралтай. 

Д.Баярсайхан Санхүүгийн зохицуулах хорооны даргаар 10 орчим жил ажилласан. Тэрбээр энэ зах зээлийн хөгжилд өчүүхэн нэмэр болоогүй нэгэн. Тиймээс түүнийг улс төрийн шахалтаар “зайлуулсан” билээ. Түүний оронд гайгүй сайн санхүүч томилох болов уу гэж найдсан. Гэтэл З.Нарантуяа хэмээх шалихгүй улстөрч хүүхнийг томиллоо. Уг нь хөрөнгийн зах зээлийн зохицуулалт бизнесийн харилцаа, хандлагаа дагаж байх учиртай. Гэтэл улстөрчдийн савраас мултрахгүй нь бололтой. МХБ мөн ялгаагүй улстөрчдийн атганд орох тун дөхөөд байна.

Засгийн газарт хамтарсан МАН-ынхан МХБ-ийн гүйцэтгэх захирлаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны дэд сайд асан Б.Ундармааг томилуулахаар зүтгүүлсэн. МХБ-ийн гүйцэтгэх захирал гэх мяндаг зүүх нь Б.Ундармаагийн 2016 оны сонгуулийн ажилд нэн тустай нь ойлгомжтой. Түүнээс биш, Б.Ундармаад хөрөнгийн бирж хөгжих, МХБ-ийн үйл ажиллагаа сайжруулах нь огт падлийгүй байх. Харин МХБ-ийн ТУЗ-ийн хараат бус захирлууд “хараат бус” байж Б.Ундармааг ашиг сонирхлын зөрчилтэй учир дэмжихгүй гэжээ.

Түүний гэр бүл хувьцааных нь хяналтын багцыг эзэмшдэг “Бишрэлт индистриал”, “Монгол мах экспо” компани хөрөнгийн биржид бүртгэлтэй байсан юмсанж. Мөнөөх Б.Ундармаа ашиг сонирхлыг зөрчлөө арилгахаар хүү А.Чинбишрэлтийнхээ өмчлөлд байсан дээрх хоёр компанийн хувьцааг бусад руу шилжүүллээ. Ингэхдээ хувьцааных нь ханшийг 50-60 хувиар бууруулан арилжжээ.

Асуудлын гол нь А.Чинбишрэлт өөрийнхөө удирдаж байсан компанийн хувьцааг хэт хямд үнээр арилжсанд буй. Тэр дотоод мэдээлэл эзэмшигч учраас ийм авир гаргах нь хуулиар хориотой. Одоо энэ явдлыг Санхүүгийн зохицуулах хороо шалгаж байгаа. Монголын хөрөнгийн биржийнхэн А.Чинбишрэлтийг энэ үйлдлийнхээ төлөө дор хаяж, 20 сая төгрөгөөр торгуулна гэж үзэж байна. 

Хөрөнгийн биржийг Р.Содхүү, Х.Алтай нарын МАН-ын угшилтай улстөрчид сүүлийн 10-аад жил удирдсан. Гэвч үйл ажиллагаа нь дээрдсэнгүй. Харин муужирч унахдаа тулав. Одоо дахиад л МАН-ын улстөрч Б.Ундармаа МХБ-ээр тоглохоор улайрч байна. Ер нь улстөрчдийн карьерийн шат гишгүүр болгож байхаар МХБ-ийг татан буулгая.

Уг нь хөрөнгийн бирж санхүүгийн зах зээлийн чухал институти юм. Гэвч МХБ-д хөрөнгийн биржийн үйл ажиллагаа “жинхэнэ” горим, зарчим, жаягаараа явж чадахгүй байна. МХБ-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Б.Болд Монголын эдийн засгийн чуулганы индэр дээрээс “Монголд хөрөнгийн зах зээл байхгүй” гэж хэлж билээ.