Монголбанкны валютын ээлжит дуудлага худалдаа өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт болов. 2009 оны эдийн засгийн хямралын үед Олон улсын валютын сангийнхан манай долоо хоногийн Мягмар, Пүрэв гаригт валютын дуудлага худалдаа зохион байгуулахыг зөвлөж, хэвшүүлсэн юм.
Өмнө нь манай валютын захад гэнэтийн савлагаа үүсэхэд зохицуулах механизм байгаагүй. Хямралын үед ам.долларын ханш сарын хугацаанд 500 төгрөгөөр нэмэгдэн, 1,700-г давахад Монголбанкныхан “Найман шарга” дээр валют авчирч зарж интервенц хийсэн сураг дуулддаг. Механизм байхгүй болохоор болхи арга хэрэглэсэн бололтой. Дуудлага худалдаа нь валютын зах зээлийн “толь” болоод удаж байна. Банкууд их хэмжээний ам.доллар Төвбанкинд худалдахыг санал болговол зах зээлд илүүдэл үүссэнийг илэрхийлнэ. Харин Монголбанкнаас ам.доллар худалдаж авахыг хүсвэл “ногоон” дутагджээ гэдгийг хэлнэ. Зах зээлд “ногоон” илүүдвэл ханш нь буурна, хомсдвол өснө.
Пүрэв гарагийн дуудлага худалдаагаар банкууд 1,982-1,982.95 төгрөгийн ханшаар 6.65 сая ам.доллар худалдах санал Монголбанкинд ирүүлжээ. Мөн 319.30 төгрөгийн ханшаар таван сая юань Төвбанкинд худалдах санал тавьсан байна. Монголбанк доллар ч, юань ч худалдаж авалгүй зах зээлд нь үлдээжээ. Мөн банкууд 20 сая ам.доллар худалдах своп хэлцлийн санал ирүүлсэн аж. Саналыг биелүүлж, 20 сая ам.долларыг худалдан авчээ. Үүнээс долоо хоногийн өмнөх дуудлага худалдаагаар валют худалдах болон худалдан авах санал ирэлгүй зах зээл тэнцвэржсэн юм.
Зах зээлд валютын илүүдэлтэй байгаа учраас ханш буурах нь тодорхой. Монголбанкны зарласан албан ханшаар ам.доллар 1,970 төгрөгтэй тэнцүү байна. Өнгөрсөн сарын 25-нд ам.доллар зарласан ханш 1,993 төгрөгт хүрсэн нь түүхэн дээд цэг нь юм. Үүнээс ханш 23 төгрөгөөр буураад байгаа нь энэ. Сүүлийн нэг жилийн хугацаанд “ногоон”-ы ханш буурсан сар ховор. 1,890 төгрөгт дөхөөд байсан ам.долларын ханш өнгөрсөн оны наймдугаар сард 1,800 руу “гулссан”. Мөн энэ сард ханш буурч байна.
“Найман шарга” худалдааны төвийн ченжүүд ам.долларыг 1,968 төгрөгөөр худалдан авч, 1,973-аар борлуулж байна. Түүнчлэн юанийг 315.5 төгрөгөөр худалдан авч, 316.5-аар зарж байлаа. Валютын ченж Ш.Буян “Зах зээлд юань элбэг байна. Иймээс юанийн ханш буурч байгаа. Үүнийг дагаад долларын ханш буурч байна” гэж ярив. Тэрбээр “Хятадууд их хэмжээний юань оруулж ирж байх шиг байна” гэж нэмж хэллээ.
Үнэхээр ч юань Монгол руу урсдаг цаг үе ирчихээд байна. Хятадууд өдийд Монголоос ноолуур худалдаж авахаар багагүй юань гуйвуулдаг билээ. Монгол Улс жилд 7,000 тонн ноолуур бэлтгэдэг. Үүний дийлэнхийг хятадууд худалдан авдаг уламжлалтай. Манайхаас хятадууд 4,000 тонн ноолуур худалдан авдаг. Ингэхдээ нэг килограммыг нь 50 мянган төгрөгөөр худалдан авна гэж тооцвол 600 сая юань манай зах зээлд нийлүүлэх юм.
Юанийн ханшийг дагаад ам.долларынх буурч буйд учир бий. Хятадууд юанийнхаа ханшийг ам.доллартай уячихсан. Манай экспортын бүтээгдэхүүний 90 хувийг Хятадын зах зээлд гардаг. Импортын 60 хувиа Хятадаас татдаг. Иймээс юань, доллар хоёр манай зах зээлд ч уяатай хэвээр байдаг юм. Өнөөдөр 6.23 юань нэг ам.доллартай тэнцэж байгаа. Долоон жилийн өмнө нэг ам.доллар 6.8 юаньтай тэнцэж байсан юм. Хятадууд уяагаа үл мэдэг сулруулсаар байна. Тэд долоон жилийн хугацаанд юанийн ханшийг ам.долларын эсрэг долоон хувиар чангарууллаа. Урд хөрш нэг юанийн ханшийг нэг долларынхтой тэнцүүлэх зорилттой гэж ярьдаг юм.
Ноолуур худалдаж авах 600 сая юанийг хөрвүүлбэл 90 гаруй сая ам.доллар болно. Ийм хэмжээний ам.долларын нийлүүлэлт зах зээлийг хөдөлгөөнд оруулах чадалтай болжээ. Монгол Улсын сарын гадаадын худалдааны импорт дунджаар 230 сая ам.доллартай тэнцдэг болсон. Тэгэхээр 90 сая “ногоон” нэг сарын импортын 40 хувийг хангах мөнгө юм. Өмнөх жилүүдэд манай гадаад худалдааны урсгал сард 600 сая ам.доллар хүртэл өсч байсан түүх ч бий. Тэр үед 90 сая ам.доллар зах зээлд орж ирэхэд ямар ч нөлөө үзүүлэхгүй байсан.
2013 онд гадаадын хөрөнгө оруулалт эрс буурахад арилжааны банкууд Төвбанкнаас сар бүр ийм хэмжээний “ногоон” худалдан авахыг шаардаж байлаа. Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ хямдарсан, иргэд импортын барааны хэрэглээгээ танасан нь импортын хэмжээг үлэмж бууруулжээ. Энэ жилдээ импортын хэмжээ өсөхгүй байх төлөвтэй байгааг Монголбанкныхан дуулгасан. 2015 он эхний улирлын байдлаар манай улс гадаад худалдааны тэнцэл 376 сая ам.долларын ашигтай гараад байна. Гадаад худалдаа ашигтай байгаа нь цаашид ам.долларын ханш тогтвортой бөгөөд цаашид өсөхгүй байх нэгэн нөхцөл болж буй.
Харин манай улсын гадаадын шууд хөрөнгө оруулалт алдагдалтай болсон. Он гарснаар манайхаас 100 сая ам.долларын гадаадын хөрөнгө гарчээ. Дулааны улирал эхлэхийн сацуу “Оюутолгой”, “Тавантолгой” зэрэг томоохон төслүүд хөдлөхөөр яриа хэлэлцээ хийж эхлэв. Эдгээрээс гадна Тавдугаар цахилгаан станц, Тавантолгой цахилгаан станцыг барих ажлыг эхлүүлэх сураг сонсогдож байна. Удахгүй Засгийн газар ч төсвийн алдагдлыг нөхөх “ногоон” зээлэхээр гадаад руу мордох гэнэ. Хөгжлийн банк Туркийн Экспорт, импортын банкнаас зээл авахаар тохиролцож буй. Монголын зах зээл рүү “ногоон” урсах цаг ойртоод л байна. Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал Монголын эдийн засгийн чуулганы үеэр “Энэ жилд нэг тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирэх төлөвтэй байгаа” гэж ярьсан.
Олон улсын валютын сан манай улсыг гадаад төлбөрийн тэнцлийг 1.4 тэрбум ам.долларын алдагдалтай гарах магадлалтай гэж тооцсон. Гадаад худалдааны алдагдал багасч буй нь нийт төлбөрийн тэнцлийн алдагдлыг ч бууруулах гэнэ. Нэг тэрбум ам.долларын санхүүжилт татахад манай улс валютын ханшийн эрсдэлээс хамгаалах “бамбай”-тай болох аж.
Импортын хэмжээ буурч буй нь олон эерэг нөлөө үзүүлж байгаа. Монгол Улс 1.3 тэрбум ам.долларын валютын нөөцтэй болсон. Импорт буурах тусам нөөцийн “чадвар” сайжирч байна. Энэ нь одоогийн байдлаар Монгол Улсын валютын нөөц таван сарын импортын хэрэглээг худалдаж авахад хүрэлцэхүйц юм.
Нийтлэлч Баабар Монголын эдийн засгийн чуулганд оролцож, илтгэл тавихдаа Монголбанкны валютын нөөц дууссан гэж мэдэгдсэн. Тэрбээр Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн хүрээнд авсан юанийг валютын нөөцөөсөө хасаж тооцох ёстой гэж үздэг. Харин Монголбанкныхан Ардын банкнааас авсан юаниа гурван жилийн дараа эргүүлж өгнө. Эсвэл эргүүлж өгөх хугацаагаа дахин сунгасан ч болно. Ер нь хожим төлөх зээлийг валютын цэвэр албан нөөцөөс хасч тооцдоггүй гэж тайлбарладаг. Дэлхийн жишигт ч бэлэн байгаа цэвэр нөөцөө хожим төлөх зээлийг хасч тооцдоггүй аж. Валютын нөөц ч хүрэлцээтэй байна.
Ер нь ам.долларын ханш 2,000 төгрөг давах нь гэсэн хүлээлт намжиж, сулрах хандлага давамгайлав. Ханшийн зөрүүнээс ашиг олох сонирхлоор хар захаас ам.доллар худалдаж авдаг хүмүүсийн санаархал ч татарч байгаа биз. Том төслүүдийн хөрөнгө оруулалт эхэлбэл ам.долларын орох урсгал нэмэгдэж, ханш буурах нь дамжиггүй. Тэгвэл “доллар цуглуулагчид” ашиг биш, алдагдал хүлээнэ. Хятадын юанийн урсгал нэмэгдэж, ам.долларыг нэг сайн “алгадаад” авлаа.
Өнөөдөр Монголбанк валютын ээлжит дуудлага худалдаагаа хийнэ. Тэндээс хэрэг явдал хэрхэн өрнөх нь харагдана.
П.Баянбат
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!